ОХУ-ын Ерөнхийлөгч Путин МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Монгол хоёр улсын хоорондын харилцаа хөгжин дэвжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар тэрээр лхагва гаригт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын удирдагч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэнийг "ТАСС" агентлаг уламжлав.
Путин "Манай хоёр орны хоорондын харилцаа өмнөх шийдвэрүүдийн үндсэн дээр тогтвортой урагшлан хөгжиж байна. Шийдвэрүүдийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байна" хэмээн хэлжээ.
ОХУ-ын удирдагч Монголын түншдээ Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад улсынхаа төлөөлөгчдийг хоёронтаа тэргүүлэн оролцож буйд нь талархлаа илэрхийлсэн байна. Путин 2017 онд хоёр орны бараа эргэлт бараг 50 хувиар, 2018 оны эхний хагас жилд 30 орчим хувиар тус тус өссөнийг тэмдэглэжээ.
Оросын төрийн тэргүүн "Өнгөрсөн онд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн ачааны чингэлгийн тоо бараг гурав дахин нэмэгдсэн" хэмээн нэмж өгүүлсэн байна. Мөн тэрээр хоёр орны эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарч буйг тэмдэглээд, “Та бүхэнтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны болон бусад сэдвүүдээр ярилцах завшаан олдож буйд маш их баяртай байна" хэмээн хэлжээ.
Хоёр орны удирдагчдын хэлэлцээнд Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Игорь Левитин, Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч, Ерөнхийлөгчийн Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев, Худалдаа аж үйлдвэрийн яамны тэргүүн Денис Мантуров, Эрчим хүчний сайд Александр Новак, мөн "Роснефть" компаний тэргүүн Игорь Сечин, ОХУ-ын Төмөр замын Ерөнхий захирал Олег Белозеров нар оролцжээ.
Эх сурвалж: Мэдээ.мн
Д.ТУЯА