📅

Алтай хотын өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай явагдаж байна

🕔 2018/09/18 17:44

Алтай хотын өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай явагдаж байна

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан өвлийн бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Алтай хотын цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууллагуудын ажил байдалтай есдүгээр сарын 17-нд танилцлаа.

“Аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай. Ирэх долоо хоногт өвөлжилтийн бэлтгэлийг 100 хувь хангана. Ажлын хэсэг ширээний ард хуралдах биш нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд шийдэхэд онцгой анхаарч ажиллана” хэмээн Ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат танилцуулав.

Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангадаг “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай гэсэн. Зарим сумын шугам сүлжээтэй холбоотой ажлыг аравдугаар сарын 15-н гэхэд бүрэн хийж дуусгах бөгөөд одоогийн байдлаар системийн хувьд  найман дизель мотор бэлтгэлд буйгаас дөрвөн дизель мотор ажиллаж байна. Дизель станцууд 340 гаруй мянган тонн буюу 40 хоногийн түлшний нөөцийг бэлдсэн аж.

“Тайшир” Усан цахилгаан станцын хувьд нэг агрегат ажиллаж өдөрт 3МВт хүчин чадлыг үйлдвэрлэж байгаа гэнэ. Усны түвшин нэмэгдэж буй тул цаашид хоёр агрегатаар өвлийн турш таслахгүй ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангажээ. Системийн хэмжээнд өдөрт 10-12 МВт хүчин чадлыг үйлдвэрлэдэг бол өвлийн оргил ачааллын үед 17-18 МВт хүртэл хэрэглээ өсдөг аж.

Усан хангамж хариуцдаг “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа аж. Энэ жилийн хувьд орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн томоохон ажил байхгүй ч траншей тагжуулах, усны хаалт солих, гүний болон бохирын худгуудын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зэрэг өдөр тутмын  ажлуудаа сайжруулж байнгын бэлтгэлтэй байгаа гэсэн.

Харин халаалт дулаанаар хангадаг “Мандал голомт” ХХК-ийн уурын зуухнуудын бэлтгэл ажил 90 хувьтай байна. Халаалтыг есдүгээр сарын 17-ноос хэрэглэгчдэд түгээж эхэлсэн. Нэгдүгээр зууханд нэг тогоо ажиллаж буйгаас гадна дөрвөн тогоо галлагаанд бэлэн байгаа аж. Хоёрдугаар зуухны хувьд хангалттай хүчин чадалтай бөгөөд одоогоор гурван тогоо нөөцөд буй. Гуравдугаар зуух энэ сарын 15-наас эхэлж усаа шахаад халаалтаа өгсөн төдийгүй ажил нь жигдэрч байгаа гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол