📅

Ухаант дарга нарын сэтгэхүй арай “өөр” үү үгүй юу?

🕔 2018/10/15 12:05

 

Ухаант дарга нарын сэтгэхүй арай  “өөр” үү үгүй юу?

 

 

Монгол улс чадварлаг сэтгэдэг дарга нартай, хийморьлог ард түмэнтэй, зундаа өмхийтэй, өвөлдөө утаатай нийслэлд оршдог "азтай” улс мөнөөс мөн. Учир  юунд вэ гэвэл, Нийслэл хот маань дэлхийн хамгийн их утаатай хотын тоонд дээгүүрт эрэмбэлэгддэг. Болдогсон бол Генисийн номонд бичигдэхсэн...

Харин утааны асуудлыг шийдэхийн тулд манай "ажилтай” дарга нар өнгөрсөн жилүүдэд 200 гаруй тэрбум төгрөгөөр утаагүй зуух, нүүрс, шахмал түлш зэргийг гэр хорооллын айлуудад шахсан ч өнөөх нь амжилт олоогүй.

Түүний дараа нэг автобусанд 11-33 сая хүртэлх төгрөгөөр утааны шүүлтүүр тавих гэж үзээд, одоо харин 54 тэрбум төгрөгөөр нийслэлийн хэмжээн дэх бүх гэр хорооллын айлуудын янданд утаа шүүгч суурилуулах явдал нь яаж ч бодсон ухаант дарга нарын сэтгэлгээний онцлог өөр гэдгийг батлаад авлаа. Өмнө нь утаагүй зуухыг утаа гаргадаг гэдэг нь батлагдахад тэд "утааны харагдах байдал нэмэгдсэн хэдий ч утаанаас гарах хорт бодис буурсан үзүүлэлттэй байна” хэмээн хээв нэг тайлбарлаж байсан удаатай.

Гэсэн ч утаа ихэссэн гэдэг нь батлагдсан тул энэ жил арай л "утаагүй зуух” хэмээн алмайруулсангүй. Харин одоо нэг айлын янданд утаа шүүх пилтер суурилуулах ажлыг "утаанаас ангижрах хамгийн богино хугацааны ажил, үр дүн нь ч хурдан мэдэгдэхүйц хэмжээгээр гарах болно” гэх бүр баталгааг яамны сайд нь өгчихлөө. Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах нь урт хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэгдэх тул тэд ийнхүү ард иргэдээ утаанаас салгах хамгийн хурдан хугацааны ажилд 54 тэрбумыг зарцуулах гэж буй хэрэг. Тэгэхдээ манай дарга нарын толгойд мөнгө эргүүлэх хийморьлог санаа орж ирэх л юм бол шуудхан хэрэгжүүлдэг "бүтээлч” зантай учир дараагийн хэрэгжүүлэх ажил нь энэ утааны шүүлтүүр ажээ. Гэхдээ хамгийн гайхалтай нь уг санааг хэрэгжүүлж буй эрх баригчид ажлаа дааж давашгүй их өртгөөр босгож чаддаг. 30 мянган төгрөгийн үнэтэй нэг айлын янданд 500 мянган төгрөгийн утаа шүүгч шүүлтүүр суурилуулах аж. Дээрээс тэдний энэ ухаалаг санаа болох шүүлтүүр нь давхар цахилгаанаар ажилдаг гэнэ шүү бүр. Өвлийн улиралд хэрэглээнийхээ нүүрсэнд арга яддаг иргэд, цахилгааныхаа төлбөр дээр нэмж мөнгө төлж сууна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь БОАЖ-ын Н.Цэрэнбат сайдын санаанд л багтаж буй хэрэг байх. Энэ салбарынхан л үүнийг бодож, санаачилж чадна.

Ийм л сайхан мухардсан бодлого боловсруулдаг, дэмжигдэхгүй санаа хэрэгжүүлдэг, оновчгүй хууль баталдаг дарга нартай "хүнлэг, хүлцэнгүй” иргэд билээ бид...

 
 
Эх Сурвалж: Ene.mn
БЭЛТГЭСЭН: Т.НОМУН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол