📅

Ёс зүйгүй эмч нар хүн чанараа ч худалдаж байна

🕔 2018/12/17 12:31

Үл таних дугаараас өнгөрсөн баасан гарагт дуудлага ирэв. Мэндийн зөрүүгүй шахам “Одоо бичих гэж байгаа нийтлэлээ больж болох уу. Эсвэл, түр хойшлуулаач. Эмнэлгийн дарга нь манай найзын эгч. Чамд хэлээд өгөөч гэж гуйсан юм. Нас барсан эмэгтэйн задлан шинжилгээний хариу нь энэ сарын 25-нд гарна гэнэ. Тэр үед нь бичиж болохгүй юу. Хувиараа ярьж, тохиръё. Мөнгө өгье” хэмээн зоргоороо аашлах нь тэр. Учрыг тодруултал, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга яриулсан болж таарлаа. Редакцаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу эмчийн ёс зүйн талаар мэдээлэл цуглуулах явцдаа тус эмнэлэгт болсон хэргийг тодруулсан юм. Хоёр талын эх сурвалжаас байр суурь авч, тэнцвэртэй мэдээлэл хүргэх гэснийхээ төлөө би “мэргэжлээ худалддаг сэтгүүлч” болж хувирав. Мөрөөрөө ажлаа хийж яваа жирийн нэгэн сурвалжлагчийг “худалдаж авах” гэсэн увайгүй үйлдлээрээ Та эмнэлэг удирдах ёс зүйгүй гэдгээ илчилж байгаа хэрэг биш үү.

Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан таны хөдөлмөр зүтгэлийг үнэлж байна. Гэхдээ мөнгө өгч, хэн нэгний амыг хамхилаа гээд эх, хүүхэд босоод ирэхгүй нь лав. 

Болсон явдлыг сийрүүлбэл, сар гаруйн өмнө дөрөв дэх хүүхдээ тээж байсан эмэгтэй нас барсан юм. Тэрбээр жирэмсний хяналтын ээлжит үзлэгээ хийлгэхээр Сүхбаатар дүүргийн III хороо буюу Орос гуравдугаар сургуулийн баруун талд байрлах, хүмүүсийн хэлж заншсанаар 16 дугаар төвд очсон аж. Албан ёсны нэр нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори-1. “Эмч ээ, шүд өвдөөд, эрүү рүү чинэрээд байх юм. Яавал дээр вэ” гэхэд нь хяналтын эмч нь тоогоогүйн дээр “Нэг хүн үзэх гэж ямар их уддаг юм бэ, хурдал” хэмээн доод тушаалын эмч нараа зандарч байсан талаар баттай эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Хэсэг хугацааны дараа нөгөө ээжийн бие муудаж, ЭХЭМҮТ-д хүргүүлсэн ч дүүргийнхээ төрөх эмнэлэг рүү яв гэсний дагуу “Өргөө” амаржих газарт очоод, нас баржээ. Ар гэрийнхэн нь “Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийнхний буруугаас болж эх, хүүхэдтэйгээ эндсэн” гэж үзээд, хариуцсан эмчийг нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргажээ. Жирэмсэн эмэгтэйн шүд хүчтэй өвдөх, халдварын улмаас тэр хавьд нь идээлж, хавдсан байвал яаралтай авах заалттай. Учир нь амны хөндийн халдвар тулгар биетэй эхийн аминд ноцтой аюул учруулж болзошгүй гэдгийг наад захын хүн мэддэг. Гэтэл үүнийг нь тоолгүй, цаг алдсаны улмаас шүдний халдвар цусанд нь орж, эмнэлгийнхний хэлээр нэвчээс болсноор жирэмсэн эмэгтэй хөөрхий хүүхэдтэйгээ хорвоог орхисон харамсалтай хэрэг болжээ. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүүгээс тодруулахад “Манай эмнэлгийн хяналтад байсан 30 гаруй насны жирэмсэн эмэгтэй эндсэн нь үнэн. Эндхийн харьяатай ч Баянзүрх дүүрэгт амьдардаг байсан. Элэгний В, С вирустэй, тэр нь идэвхжсэн учраас тухайн оршин суугаа газрынх нь эмч нар хяналтдаа аваагүй юм билээ. “Хүүхдээ төрүүлж болохгүй, аминд чинь халтай” гэж анхааруулж байсан. Манайхан хяналтад авахад ураг хэдийн томорсон тул эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулах л зорилготой болсон. Гурван охинтой, дөрөв дэх нь хүү болохоор төрүүлэх гэж тэгтлээ зүтгэсэн хэрэг. Миний олж мэдсэнээр жирэмсний сүүлийн сарынхаа үзлэгийг хийлгэх гэж ирэхдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмчид зовиураа хэлсэн байсан. Шүдний буглаа бол эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоогүй, бусад эрхтэн тогтолцооны эмгэг гэж явдаг. Тиймээс аль шатанд алдаа гаргасныг дотооддоо шалгаж байгаа. Мэргэжлийн холбогдох байгууллагууд ч болсон явдлын үнэн, мөнийг тогтоохоор ажиллаж байна. Албан ёсны дүгнэлт хараахан гараагүй. Манай эмнэлэг төв поликлиникээс гадна Салбар 1, 2 амбулаторитой. Харамсалтайгаар нас барсан эх манай Салбар амбулатори 1-ийн хяналтад байсан” гэж ярилаа. Бидний дунд ийм л яриа өрнөсөн юм. Мэргэжлийн байгууллагын шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах эрх бидэнд байхгүй. Болсон явдлыг мэдээлж, цаашид ийм явдал бүү давтагдаасай гэсэндээ сэрэмжлүүлдэг. Харин дарга нар арьсаа хамгаалж, эрх ашгаа л эн тэргүүнд тавих юм. 
“Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой гомдол иргэдээс тасралтгүй ирж байна. Тодруулбал, вакцин буруу хийснээс болж хохирсон, мэс заслын талаар тайлбарлаагүй, үр хөндсөний улмаас бие нь муудсан, эхийг төрүүлэх явцад нярайн бие хүндэрсэн, шүд буруу эмчилсэн, лабораторийн шинжилгээний хариу буруу гаргасан, нас барсан шалтгааныг тодруулах, мөнгөн усаар эмчилсэн, эмэнд хордсон, эмнэлгийн ор хүлээдэг, эмчид үзүүлэх цаг олдохгүй байгаа, жор бичдэггүй, ёс зүйгүй харилцдаг, эм, тариа буруу хийж, хохироосон зэрэг асуудлаар ихэвчлэн ханддаг. Иргэдийн гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдэд хандаж, дүгнэлт гаргуулан, заримыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлдэг” гэж МХЕГ-ын улсын ахлах байцаагч Б.Оюунцэцэг хэлсэн. Тус газарт иргэдээс ирүүлсэн нийт санал, гомдлын 27 хувийг эх барих, эмэгтэйчүүд, 19 хувь нь дотрын, 18 хувь нь мэс засал, бусад өвчинтэй холбоотой шийдүүлэх материал 2-8 хувийг нь тус тус эзэлдэг байна. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хариуцлага гээч зүйл шат шатандаа ийн мөхөж, түүнээсээ зугтахын тулд өөрийгөө өмөөрөх, биенийхээ буруутай үйлдлийг нуун далдлах хандлага ноёрхох болсон нь салбарын тогтолцоог улам гажуудуулж буйг мэргэжлийн хүмүүс хэлнэ лээ. 

Төрөх эмнэлгээ андуурч, хүүхдийн тасагт очсон жирэмсэн эмэгтэйд эмч нар жаахан ч атугай сэтгэл гаргаж, дотуурх хонгилоороо төрөх өрөөнд хүргээд өгсөн бол тэрбээр анхны хүүхдээ 30 градусын хүйтэнд, гудамжинд төрүүлэхгүй. Үрээ элгэндээ тэврээд, төрөхийн орон дээр эрхэлж байх мөчөө хөхөө өвлийн хүйтэнд, цус нөжтэйгөө холилдон, амь тэмцэж
байсан. Өмсөж явсан гадуур хувцсаараа хүүхдээ ороогоод, эмнэлгийн үүдээр нүцгэн орж ирснийг тэнд байсан эхчүүд гэрчилж буй. Гудамжинд амаржсан ээжийн энэлэн эрүүл мэндийн салбарын алдаа, дутагдал, эмч, мэргэжилтнүүдийн харилцаа, ёс зүйг тэр чигт нь илчилж, уудалсан гэж хэлж болно. Эмч нарын ёс зүй ингэтлээ шавар шавхайтай хутгалдчихсан юм гэж үү. Энэ хэрэг намжаагүй байхад нийслэлийн “Өргөө” амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг эмнэлгийнхээ зарим аппарат, тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэгтээ хууль бусаар ашиглаж байсан нь илэрснээр салбараа хөөдсөн дараагийн “том алхам” болов. Тодруулбал, “Өргөө” амаржихынхан өнгөрсөн аравдугаар сард тоног төхөөрөмжүүдээ бүртгэхэд нярайн фото болон шарлагын аппарат, тэргэнцэр зэрэг хэд хэдэн техник хэрэгсэл дутжээ. Өмнө нь зургадугаар сард тоолоход алга болсон гэх төхөөрөмжүүд бүрэн байсан аж. Тиймээс эмнэлгийн захиргаанаас энэ асуудлыг хэлэлцэхэд Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг өөрийн “Бурам-Оюу” гэх хувийн эмнэлэгтээ дээрх тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байснаа хүлээж, заримыг нь буцааж өгсөн ч дутсан аппарат сэлт бас бий гэнэ. Тиймээс эмнэлгийн захиргаанаас улсын өмчийг хувьдаа ашигласан А.Оюунцэцэгийн цалинг гурван сараар бууруулан, эрхлэгчийн албан тушаалаас нь чөлөөлж, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьсны дагуу өдгөө Эрүүгийн хуулийн 17.4.1 дэх заалтыг үндэслэн, хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

Цагаан халаад нөмөрчихөөд, ичгүүр сонжуураа гээсэн эмч нарын жишээ үүгээр дуусахгүй. Энэ оны долдугаар сард ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүүхдээ сахиж байсан ээжийг эмч нар үргэлж загнаж, муухай харилцдаг байсан талаар түүнтэй хамт хэвтэн эмчлүүлж байсан эх сурвалж хэлсэн юм. Тиймээс ээж нь аргаа бараад эхний удаад 500 000, дараа нь 150 000, сүүлд 50 000 төгрөг өгч байж ааш аягийг нь зассан гэх. Сүүлдээ олигтой эмчилгээ хийхгүй болохоор нь хариуцсан эмчийнхээ талаар өргөдөл бичээд, Хүүхдийн эмнэлгийн захиралтай нь уулзаж, 700 000 төгрөгөө буцаан авчээ. Тухайн үед захирал нь “Эмч нарын авлига, хүнд сурталтай хэрэндээ тэмцэж байгаа ч ийм алдаа мэр сэр гарсаар байгаад уучлал хүсье” гэсэн байна. 

Ёс зүй, хууль, дүрэм, өргөсөн тангаргаа умартсан эмч нар адаг сүүлдээ хүн чанараа ч худалдаж байна. Тэдэнд дахин сануулъя. Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая”. 28.4.1-т “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх” ёстойг хуульчилсныг харна уу. Мөн тус хуулийн 26.3-т “Хэрэв эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчвөл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь 6-12 сар, хүний амь, эрүүл мэндийг хохироосон нь мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтээр тогтоогдсон ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол лицензийг нь 1-3 жилээр цуцална” гэж заасныг ч мэдэхэд илүүдэхгүй. Эмч нарын хариуцлагагүй, хайхрамжгүй, хэнэггүй байдал энэ мэтээр газар авч, дагаад авлига аалзны тор шиг хэрлээ. Мэдлэг, чадвар дутмаг хэрнээ бас их зантай, дээдсийг өргөж, ядуусыг нүд үзүүрлэдэг хандлага салбарын хэмжээнд бугшлаа. Эмч болох амархан, байх хэцүү гэлцдэг. Гэвч эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр хуулиа мөрддөг, дүрмээ баримталдаг, эзэмшсэн мэргэжлээ
үнэлдэг, ёс зүйтэй ханддаг бол эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд ингэтлээ уруудахгүй байсан биз ээ. 

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг холбогдох хуульд үндэслэн, Эрүүл мэндийн сайд баталдаг. 2017 онд шинэчлэн боловсруулсан 256 дугаар тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороог 15 болгон өргөжүүлж, хоёр дэд хороо нэмж байгуулжээ. ЭМЯ-ны дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд салбар хороо, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Амаржих газар, НЭМҮТ, сувиллуудад хэсгийн хороо, өрх, сум, багийн Эрүүл мэндийн төвүүдэд ёс зүйн баг ажиллуулж байна. Тэд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дараах байдлаар тодорхойлов.

  • Мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан, тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, санаатайгаар чанар, стандартыг алдагдуулахгүй байх 
  • Үйлчлүүлэгчийн өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэхгүй, хуурамч бичиг баримтад гарын үсэг зурахгүй, нөхөж бичих, засварлаж, устгахгүй байх 
  • Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг зөвшөөрөлгүй дамжуулж, бусдад ашиглуулахгүй байх 
  • Урьдчилан хэлж, зөвшөөрөл авахгүйгээр мэс заслын явцад эмчийг солихгүй байх 
  • Хэвтэн эмчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцсан эмчийг сольж, үзлэг, зааварчилгаа өгөхгүй байх 
  • Шаардлагагүй тусламж, үйлчилгээг санал болгохгүй байх 
  • Эмнэлэгт нас барсан өвчтөний ар гэрийнхний зөвшөөрөлгүйгээр эд эрхтнийх нь бүрэн бүтэн алдагдуулахгүй, ямар нэгэн заавар зөвлөгөө өгөхгүй байх 
  • Үйлчлүүлэгчид тусламж үзүүлэх боломжтой хэрнээ хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгээр үйлчлүүлэхийг албадах, тулгахгүй байх 
  • Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр танигдахуйцаар харуулахгүй байх 
    Илт төөрөгдүүлж, ташаа мэдээлэл, сурталчилгаа хийхгүй байх 
  • Монгол Улсын эмийн бүртгэлд оруулаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл зарж борлуулах, санал болгохгүй байх 
  • Эмнэлэг, эмчээ сонгох эрхэд нь саад хийхгүй байх 
  • Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авлига, хууль бус шан харамж, хандив, албан бус төлбөр авахгүй байх 
  • Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч зэрэг хэн нэгнийг шүүх, тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, нэр төрийг нь гутаах, басамжилсан аливаа хэргийг нуун далдлах, өөрөө оролцохгүй байх

Unuudur.mn

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол