Хэрвээ тэд ялсан бол ...
"Цайз дахь нууц ноёнтон" гэж орчуулсан The Man in the High Castle олон ангит цуврал SBN телевизээр гарч өчигдөр орой дууслаа. Би дундаас нь үзсэн. Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ, АНУ, Их Британи тэргүүтэй холбоотнууд бус, фашист Герман, Япон хоёр ялалт байгуулснаар фантаазлаад 1962 онд дэлхий дээр юу болж буй тухай кино юм. Тэд дэлхийг хуваагаад авчээ. Газрын зураг дээр Германы агуу их рейх Атлантын далайн хоёр талаар Европ, Африкийг тэр чигээр нь, Америк тивийн хагасыг уртааш нь, харин Их наран улс Номхон далайн эргээр, ЗХУ, Хятадын зүүн хэсэг, нөгөө талдаа Америкийн баруун хэсгийг эзэлж Японы номхон далайн мужууд нэртэй болгосон байх юм.
Нацистууд Вашингтоныг сүйрүүлээд сэргээгээгүй бололтой, Нью-Йоркийг эзэгнэн өндөр барилгуудыг хас тэмдгээр чимэглэсэн, харин япончуудын мэдэлд орсон нөгөө эрэгт одоо цагийн Холливудын дайнтай кино болгон дээр нурааж, тасалж ханадаггүй үйлын үртэй Сан-Францискогийн час улаан Golden Gate бүтнээрээ ч доогуур нь японы цэргийн усан онгоцууд хөшилдсөн ийм ертөнцөд киноны үйл явдал өнгөрнө. Эхлээд Гитлер амьд байснаа хуйвалдагсдад хорлогдож үхнэ, бас дэлхий дээр үлдсэн хоёр их гүрэн хоорондоо их муу, атом, устөрөгчийн бөмбөгөөр тулах дээрээ тулсан байх.
Ер нь ямар ч киноны дараа дараачийн анги заавал мууддаг жишгээр энэ бас тэгэв. Төгсгөл рүүгээ эсэргүүцлийн хөдөлгөөн, "партизанууд", ухуулах хуудас, халдлага бүхий ердийн байлдаантай кино болж хувирлаа.
Гитлерийн Герман ба империалист Японыг хоёуланг нугаслалцсан улсын иргэн миний хувьд юу сонирхол татав гэвэл тэр кинонд Монгол гарна, гэхдээ зөвхөн газрын зураг дээр, Герман, Японы аль алинд эзлэгдээгүй байх юм. Итгэмээргүй ч тэр хоёр гүрэн шууд хиллэхгүйгээр дундаа хэнийх ч биш бүсийг үлдээх аж. Америкийн төв хэсгээр сааралтах тийм бүсэд америкчууд тусгаарлагдан амьдардаг бол Евразийн төв хэсэг бүхэлдээ дундын бүс болжээ. Нацистуудын Япон руу дайрах төлөвлөгөөн дээр Хятадын гүн рүү урагшлуулсан Монголын нутгаар дайрч давших чиглэлийг заасан байх ба эргэн тойрны улсуудаас зөвхөн БНМАУ-ын хилийн шугам зурагдсанаар үзэгдээд өнгөрнө.
Түүхийн тухайд "хэрвээ" гэж байдаггүй ч энэ кинонд сэдэв нь ойр бөгөөд бидэнд шууд хамаатайгаас 1939 онд Халхын голд япончууд Зөвлөлтийн цэргийг дийлж манай зүүн хэсгийг тасалж авсан бол? Манж-го, Өвөр Монголтой хамт геополитикийн нэг тогоонд оруулсны дараа дэлхийн II дайнд ЗХУ, холбоотнууд яллаа ч манай нутаг дэвсгэр буцаад өнөөгийнх шиг эвлэх байсан уу? Ганц тодорхой юм гэвэл биднээс хамаарахгүй байсан биз.
x x x
"Бидний өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтөнд гавъяа". 20-р зууны босгон дээр мөхөхдөө тулж байсан Монгол зуун жилийн дотор хөл дээрээ өндийсөөр ийм болжээ. Олон хэрвээ байсан, гэхдээ биднээс хамаарсан хэрвээгийн нэг жишээ бол 1921 оны Ардын хувьсгалтай эн тэнцэхүйц ач холбогдолтой гэж Ю.Цэдэнбалын үнэлсэн нэгдэлжих хөдөлгөөн гэж бодлоо. Хэрвээ малчдаа хувийн аж ахуйтан хэвээр нь, ЖДҮ-чдээ (одоогийн биш, 50-иад оны мужаан, дархан, гутал засвар, оёдол, гуанз гээд) ядахдаа хоршоологчдоор үлдээсэн бол?
Малаа нийгэмчлээд хөдөөнөөс дайжиж хот руу суурьшсаны ачаар хүн ам төвлөрч, үйлдвэр үйлчилгээ, барилга, гудамж талбай, шугам сүлжээ, ажилчин анги, сургууль боловсрол, урлаг соёл, шинжлэх ухаан хөгжсөн, ажилчин анги, сэхээтнүүд бий болсон. Даанч мах, сүү ховордож хотын биднийг олон цагаар оочирлодог давхар ажилтай болгожээ. Би сурвалжлагч байхдаа Булган аймгийн нэгэн суманд олон хүүхэдтэй малчных зуухан дээрээ бин хайрч зогсохыг хараад, ганц хонь цохуулаад авчихаж болохгүй юу гэхэд болохгүй, саявтар нэгийг идчихсэн гэж билээ. Нэгдлийн 700-аад хонь малладаг тэднийх яагаад ч юм нэлээдийг хорогдуулж өр төлбөрт орсон, бас амины хэдийгээ барсан байсан санагдана. Намын их хурал болгоноор малын тоог 25 саяд хүргэх дайчин зорилт биелэхгүй явсаар 1990 онтой золгожээ. Өнөөдөр боль, зогс гээд байхад л малын тоо толгой 80 саяд хүрдэг болов. Сталин биднийг 200 сая малтай болохыг шаардсан байх аа?
x х х
Ямар ч байсан тэд биш бид ялж XX зуунаас тусгаар улстайгаа үлджээ. Жинхэнэ "Монгол ялсан" гэж энийг хэлнэ. Бусад нь өчүүхэн асуудал. Өнөөдрийн хэрүүл маргаан "яахав ээ!". Улс төрчдийн муу муухай нь утаанаас ч дор үнэртэж буйг тэсч хүлээх л үлдэж байна. Зөвшилцөж эвлэрэхийг ухуулах хэрэггүй. Бусад орны парламентийн жишгээр бол юм шидэлцэх, барьцалдаж авах, үсдэлцэх гээд манай УИХ-ын гишүүд тэмцлээ үргэлжлүүлэх нөөц бололцоо зөндөө бий. Хугацаа хангалттай. Энэ өвөлдөө зад үзэлцээд тарж бутраад өгөөсэй. Гагцхүү тэдний хэн нь ч ялж болохгүй.
Утааны тухайд гэвэл энэ өвөл юу ч хийгээд нэмэргүй. Маскаа зүүцгээе. Тэгээд улс төрийн салхи бүгдийг үлдэн хөөхийг хүлээе!
Л.Цэрэнжав