О.Мөнхсайхан: Дахин сонгууль болбол Н.Энхбаяр НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалттай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад ирцийн босго гэж байгаа юу? Хоёр дахь санал хураалтаар сонгогчид идэвх муутай оролцож, ирц нь 50 хувьдаа хүрэхгүй бол дараагийн алхам юу байх тухай хуульд хэрхэн туссан бэ?
-Хоёр дахь буюу дахин санал хураалтаар ирцийн босго огт байхгүй гэж хэлж болохгүй. Учир нь Ерөнхийлөгч бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч тул аль болох олон хүнээр сонгуулах нь манай Үндсэн хуулийн үзэл баримтлал. Сонгуулийн эрх бүхий 2 сая шахам иргэний талаас илүү буюу 1 саяас дээшх нь санал хураалтад оролцох бүх боломжийг бүрдүүлэх ёстой.
Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн 106.1-т “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан. Уг хуулийн 22.3-т зааснаар “Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болно” хэмээн заасан тул ирцийн тухай 106.1 гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт, дахин санал хураалтад мөн хамаатай.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийг нийт сонгогчид сонгодог тул улсын нутаг дэвсгэр бүхэлдээ нэг тойрогт хамаарч, нийт сонгогчдын талаас илүү хувь дахин санал хураалтад оролцоогүй бол дээрх заалтын дагуу нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаснаас хойш долоо хоногийн дотор явуулна.
Долоодугаар сарын 7-нд дахин санал хураалтаар ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна гэсэн үг. Энэ тохиолдолд дахин санал хураалтад оролцсон хүмүүс дахиж санал өгөхгүй, харин санал өгөөгүй хүмүүсийг оролцуулна. Тэгээд дахин санал хураалтад оролцсон сонгогчдын санал дээр нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын саналыг нэмж санал хураалтын нэгдсэн дүнг гаргана.
-Нэмэлт санал хураалт зохион байгуулаад ч ирц хүрэхгүй бол сонгуулийн дүнг гаргана гэсэн үг үү. Яагаад?
-Нэмэлт санал хураалт зохион байгуулсны дараа ирц хүрсэн ч бай, үгүй ч бай сонгуулийн дүнг гаргана. Нийт сонгогчдын 50-иас дээш хувийн ирцийн босготой, нэмэлт санал хураалтын дараа ийм босгонд хүрэхгүй бол сонгуулийг хүчингүй болгож дахин сонгууль явуулна гэсэн ташаа дүгнэлтийг зарим хүмүүс гаргасан байна лээ. Хууль зүйн хувьд ийм шаардлага тавих боломжгүй юм. Нэмэлт санал хураалт явуулсны дараа энэ ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулах талаар хуулийн тодорхой заалт байхгүйгээс гадна зарчмын хувьд анхаарах гурван үндэслэл байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т зааснаар “төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол ардчилсан ёс”. Ардчилсан ёсны гол утга нь иргэдийн болон иргэдийн төлөөлөгчдийн байгууллагын олонхын саналаар тухайн асуудлыг шийдвэрлэх юм. Тэгэхээр хэрэв дахин санал хураалт, нэмэлт санал хураалтын дараа ирц хүрсэнгүй гээд сонгуулийг хүчингүй болговол олонхын зарчим хэрэгжихэд төвөгтэй байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, асуудал олонхын биш цөөнхийн талд шийдвэрлэгддэг болоход хүрнэ.
Жишээ нь, А, Б, В гэсэн гурван нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд эхний санал хураалтад аль нь ч нийт сонгогчийн олонхын санал аваагүй ч А, Б хоёр хамгийн олон санал авсан гэж бодье. Дахин санал хураалт хийхэд үүнд нийт сонгогчдын 40 хувь нь санал өгөхгүй, оролцохгүй гэж төсөөлье. Харин 40 хувь нь А нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Үлдсэн 20 хувь нь Б нэр дэвшигчийг дэмжиж байгаа.
Энэ тохиолдолд дахин болон нэмэлт санал хураалтаар тавиас дээш хувийн ирцийг заавал хангана гэсэн босго тавьчихсан гэж бодъё. Сонгуульд ирэхгүй 40 хувь угаасаа тооцогдохгүй. А нэр дэвшигчийг дэмжих 40 хувь оролцоно, харин Б нэр дэвшигчийг дэмжих 20 хувь оролцохгүй байх замаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах нөхцөл үүсэж болох юм. Эсвэл, эхний санал хураалтад оролцоод ялагдсан В нэр дэвшигч сонгуульд оролцохгүй байхыг уриалах замаар тавиас дээш хувийн ирцийн босгыг явцуу сонирхлынхоо төлөө урвуулан ашиглах эрсдэлтэй.
Хоёрдугаарт, нэмэлт санал хураалтын дараа ирц хүрсэнгүй гээд энэ сонгуулийг хүчингүй болголоо гэж бодъё. Дахин сонгуулиар ч гэсэн ирц хүрэхгүй бол яах вэ? Монгол Улсын иргэд сонгуульд оролцох эрхтэй бөгөөд ардчилсан улсын иргэний хувьд сонгуульд оролцох ёс суртахууны үүрэгтэй, харин Австрали, Перу зэрэг улсад байдаг шиг сонгуульд заавал оролцох хууль зүйн үүрэг байхгүй тул иргэдийг оролцохыг албадах боломжгүй. Иймд, хэд хэдэн сонгууль хийсэн ч ирц хүрэхгүй байгаад байвал Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, дараагийн Ерөнхийлөгчөө сонгож чадахгүй болж замбараагүй байдал үүсэх боломжтой.
Гуравдугаарт, Монголын нийт сонгогчид 2 сая орчим. Тэдний нэг сая хүрэхгүй буюу талаас арай багахан нь, жишээлбэл нийт 900 мянган сонгогч саналаа өгчээ гэж бодъё. Эдгээр сонгогчийн 800 мянга нь А нэр дэвшигчийг дэмжсэн байхад тавиас дээш хувийн ирцээс болоод А нэр дэвшигчийг сонгохгүй байх нь ардчилсан ёсны эсрэг болчихно. Нэг саяас дээш хүн санал хураалтад оролцсон байсан ч ийм олон санал авсан А нэр дэвшигч Ерөнхийлөгч болох магадлал өндөр. Хүчтэй олонхын саналыг авсан нэр дэвшигчийг ирцээс болоод сонгохгүй байх нь өөрөө Үндсэн хуулийн үзэл баримтлалд харш юм.
Манайхтай адилхан ерөнхийлөгчөө ард түмнээс шууд сонгодог улсуудаас нийт сонгогчийн талаас илүүгийн ирцийн босго тавьж, түүнийг даваагүй бол сонгуулийг хүчингүй болгодог тогтолцоотой улсыг хайгаад олохгүй байна.
-Тэгвэл сонгууль дахиж болох цорын ганц үндэслэл нь ирц биш олонхын санал юм байна. Энэ талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон сонгогчдоос хамгийн олон санал авсан хүн нь ерөнхийлөгчөөр шууд сонгогдоно гэдэг мэдээллийг зарим хүн өгч байна. Одоогийн хуулийн зохицуулалтад ийм мэдээлэл үл нийнэ. Жишээ нь, А нэр дэвшигч нийт саналын 45 хувь, Б нэр дэвшигч нийт саналын 47 хувь, үлдсэн 8 хувь нь алийг нь ч дэмжээгүй хоосон хуудас өглөө гэж бодъё. Ийм дүн гарвал хэн нь ч Үндсэн хуулийн шаардлагыг хангахгүй. 47 хувь буюу хамгийн олон санал авсан Б нэр дэвшигч Ерөнхийлөгч болох эрхгүй.
Учир нь Үндсэн хуулийн 31.5-ын хоёр дахь өгүүлбэрт “Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэсэн байгаа. Нийт сонгогчдын олонхын санал гэдэг бол санал хураалтад оролцсон сонгогчдын 50-иас дээш хувийн санал авахыг хэлнэ. Хамгийн олон санал авсан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэсэн үг биш. Хэн нэгэн нэр дэвшигч 49.9 хувийн санал авсан ч Ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй.
Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадахгүй бол Үндсэн хуулийн 31.6-д зааснаар дахин сонгууль явуулна. Дахин сонгуулиар УИХ-д суудал бүхий намууд өөр хүн нэр дэвшүүлнэ. Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй гэж Сонгуулийн тухай хуулийн 13.2-т заасан байдаг. Сонгогчдын олонх эхний удаагийн нэр дэвшигчдийг дэмжээгүй тул тэдний энэ сонголтыг хүндэтгэх үүднээс тухайн сонгуульд нэг хүнийг дахин нэр дэвшүүлэхийг хориглодог. Олонх сонгогчид татгалзчаад байхад дахин нэр дэвшүүлээд байх нь утгагүй. Зарим хүн хуулийн дээрх заалтыг зөвхөн УИХ-ын тойрогт хамаатай гэж ташаа тайлбарласан байна лээ. Яагаад гэвэл энэ заалт нэг хүн УИХ-ын тойрогт зэрэг нэр дэвшихийг хориглосон бол зэрэг нэр дэвшихгүй гэж л бичих байсан, эсхүл энэ заалт зөвхөн УИХ-ын сонгуульд хамаатай гэж үзсэн бол тэгж бичих байсан. Гэтэл, хууль тогтоогч ингэж бичээгүй, харин дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн. Иймд нэг хүнийг дахин нэр дэвшүүлэхийг хориглосон заалт УИХ-ын төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хамаатай.
Сонгуулийн тухай хуулиар дахин санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол уг сонгуулийг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно. Ийнхүү хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана гэжээ. Гэвч, УИХ 30 хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлах давхардсан заалт энэ хуульд бас бий.
"Н.ЭНХБАЯР ТӨДИЙГҮЙ С.ГАНБААТАРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ ИЛҮҮ НОЦТОЙ ҮНДЭСЛЭЛ БАЙСАН"
-Дахин сонгууль болбол гурван намаас шинэ нэр дэвшигч гаргаж ирнэ. Зарим иргэд МАХН-аас экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа гаргаад байна. Ийм боломж бий юу?
-Дахин сонгууль болбол өөр хүн нэр дэвшинэ. МАХН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг өмнө нь "Хил хамгаалах албаны тодорхойлолт ирүүлээгүй”, “ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй”, “тасралтгүй 13 сар 25 хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгээгүй. Хил хамгаалах албаны тодорхойлолт авч болох байх. Мөн, ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй гэдэг үндэслэл 7-р сарын 1-нээс шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээр хүчингүй болно.
Гэвч, өөр нэг гол үндэслэл нь арилахгүй. Үндсэн хуулийн 30.2-т зааснаар Ерөнхийлөгчөөр сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг сонгодог. Сонгуулийн тухай хуулийн 139.5-ийн дагуу эх орондоо байнга оршин суугаагүй гэдэг нь анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар эх орондоо байгаагүй хүнийг хэлдэг. Ийм зохицуулалт өмнөх буюу 1993, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудад мөн байсан. Тэгэхээр ийм зохицуулалт зөвхөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулагдаж гараагүй. Энэ кейс үүсэхээс өмнө олон жилийн турш энэ тухай хуулиудад тусгасан байжээ.
Н.Энхбаярыг 2013 оны 8-р сарын 13-ны өдрөөс 2014 оны 10-р сарын 9-ний өдрийн хооронд буюу “тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэж үзээд Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгээгүй нь зөв байсан. 2014 оны 10-р сарын 9-ний өдрөөс хойш таван жил өнгөрөөгүй байгаа тул энэ үндэслэл хүчинтэй хэвээр.
Тиймээс, дахин сонгууль болбол С.Ганбаатар төдийгүй Н.Энхбаярын аль нь ч нэр дэвших эрхгүй тул МАХН-аас өөр гуравдах хүнийг нэр дэвшүүлэх ёстой. АН, МАН-аас ч мөн адил Х.Баттулга, М.Энхболд нараас өөр шаардлага хангасан хүний нэр дэвшүүлэхгүй бол болохгүй.
Н.Энхбаяр төдийгүй С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах илүү ноцтой үндэслэл байсан боловч Сонгуулийн ерөнхий хороо үүнийг харгалзаж үзээгүй. Тэр юу вэ гэвэл МАХН Монгол Улс дахь парламентын засаглал, ардчилсан дэглэмийг устгаж бараг хязгааргүй эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн засаглал буюу дарангуй дэглэм рүү шилжүүлэх, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгааг үгүй хийх агуулгатай Үндсэн хуулийн төсөл боловсруулж энэ хаваржингаа сурталчилсан.
Үндсэн хуульт ардчиллын бараг бүх суурь зарчмуудыг үгүйсгэсэн төсөл харагдсан. Энийг тайлбарлавал цаг авах тул ингээд зогсъё. Миний хэлэх гэсэн гол санаа бол аливаа улс төрийн нам, түүнээс нэр дэвшигч юун түрүүн үндсэн хуульт ардчиллынхаа суурь зарчмыг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд энэ тогтолцоог устгах төсөл, хөтөлбөр боловсруулж үйл хэрэг болгохоор ажиллаж байгаа намыг сонгуульд оролцуулахаас татгалзаад зогсохгүй албадан тараах Үндсэн хуулийн үндэслэл бий. Үүнийг хууль тогтоомжид нарийвчлан заах хэрэгтэй.
-Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд “Цагаан сонголт” буюу саналын хуудсаа бөглөхгүй хоосон уншуулах боломж байгаа гэж ойлгуулж байна. Үүнд зарим хүмүүс эргэлзэж байх шиг. Цагаан хуудас уншуулахыг хэзээнээс зөвшөөрч эхлэв?
-Энэ сэдвээрх нэгэн судалгаанд бичсэнээр ардчилсан улсуудад 1960-аад оноос хойш саналын хуудсыг бөглөхгүй, хоосон уншуулах нь ихсэж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд зарим улсад огцом нэмэгдэж байгаа аж. Жишээ нь, 2011 онд Испанийн сонгуульд оролцсон сонгогчдын 300 мянга нь хоосон хуудас өгсөн, дээрээс нь ахиад 300 мянган хүн саналын хуудсаа хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 600 мянга орчим хүн сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн хөтөлбөрийг эсэргүүцэж байжээ.
Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад хоосон санал өгсөн сонгогчийн тоо мөн өссөн байна. 2013 оны 6-р сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 13,688 сонгогч буюу нийт сонгогчийн 1.1 хувь “Санал огт тэмдэглээгүй саналын хуудас” өгч байсан бол энэ оны 6-р сарын 26-ны өдрийн санал хураалтад урьдчилсан дүнгээр 18,663 сонгогч ийм хоосон хуудас өгчээ. Дахин санал хураалтаар үүнээс илүү олон сонгогч хоосон хуудас өгөх болов уу.
Хоосон хуудас бол одоогийн улс төрчид, авлига, ашиг сонирхлын зөрчил зэргийг эсэргүүцэж буй маш том дохио мөн. Өөрөөр хэлбэл жагсаал, цуглаан, суулт хийхтэй адил хоосон саналын хуудас нь иргэний эсэргүүцэлд тооцогддог. Энэ хүмүүс ардчиллыг эсэргүүцээгүй. Тийм ч учраас өөрсдөө очиж саналаа өгч байгаа. Гол нь улс төрийн намаас санал болгож буй нэр дэвшигчид, мөрийн хөтөлбөрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж буй хэлбэр юм. Одоо байгаа намууд энэ дуутай дохиог сонсож, дүгнэлт хийх ёстой. Намууд шинэчлэгдэхгүй бол яаж ч сайхан амлалт, гоё үг хэлээд иргэдийн дэмжлэгийг авахгүй болно. Жишээлбэл, улс төр, мөнгө хоёрыг зохистой зааглах бодит шинэчлэлийг хуулиар болон намууд дотооддоо хийх ёстой ч хийхгүй байна.
Үндсэн хуулиар хамгаалагдсан чөлөөтэй сонгох эрхэд аль нэг нэр дэвшигчийг дэмжихээс гадна аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байх санал өгөх эрхийг багтдаг. Саяын санал хураалтаар тодорхой нам, эвсэл санаачлаагүй байхад жирийн иргэд өөрсдөө хоосон хуудас өгчихлөө. Энэ бол иргэд ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө, өөрсдийн болон ирээдүй хойш үеийнхээ хувь заяаны төлөө бие дааж гаргасан шийдвэр.
-Саналын хуудас дээр “Аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байна” гэсэн сонголтыг оруулах шаардлагатай гэж зарим иргэн үзэж байгаа. Үүний талаар?
-“Аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй байна” гэсэн сонголтыг Монголчууд саналын хуудастаа одоогоор оруулаагүй байгаа. Зарим сонгогчид үүнийг оруулах санал дэвшүүлээд байна.
Ингэж оруулаагүй улсууд олон ч оруулсан зарим нэг газар бол бий. Жишээ нь, АНУ-ын Невада мужид 1970-аад оноос эхлээд “Аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй” гэсэн сонголтыг саналын хуудастаа оруулж байгаа. Мөн ОХУ-д 1991-2006 оны хооронд ийм сонголт байсан. Сүүлдээ энэ нь В.Путины намыг эсэргүүцсэн эсэргүүцэл болж, хувь нь хэт нэмэгдээд байсан учраас 2006 онд үүнийг халсан гэдэг. Мөн, Бангладеш улсад 2008 онд, Энэтхэгт 2013 онд, Колумбд 1991 оноос хойш саналын хуудас дээр тусгайлсан дэмжихгүй байх сонголтыг тусгасан.
Хоосон хуудас өгөх нь нэг хэрэг. Үүнийг ардчилсан улсууд зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Харин үр дагавар нь ямар байх вэ гэдэг нэг өөр хэрэг. Хоосон хуудас өгсөн тодорхой хувь нь тухайн сонгуулийг хүчингүй болгох сөрөг үр дагавартай байх уу гэдэг асуудал гарч ирнэ.
-Тэгвэл хоосон саналын хуудасны сөрөг үр дагавар нь юу юм бэ. Үүнийг ашиглаж ямар нэгэн хууль бус зүйл хийж болох уу?
-Тодорхой улс төрийн хүчин зохион байгуулалтад орж, хоосон саналын хуудас өгөхийг уриалдаг тохиолдол бусад улсад гарч байсан. Жишээ нь Тайландад нийт сонгогчдын 33 хувь нь хоосон хуудас, нэмээд 13 хувь нь хүчингүй саналын хуудас өгөөд нийт 46 хувь нь нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийг дэмжээгүй. Үүний улмаас эцэст нь дахин сонгууль явагдсан. Энэ нь тэнд бий болоод байсан тогтворгүй байдлыг дэвэргэсэн байх талтай.
Дэлхий дээр зарим улсууд хоосон саналын хуудас өгөхийг албан ёсоор зөвшөөрч байгаа боловч тэр нь тухайн сонгуулийг хүчингүй болгодог улс ховор байгаа юм. Тухайлбал, Колумб улсад хоосон хуудас олонх болбол дахин сонгууль явуулж, шинэ нэр дэвшигчдийг нэр дэвшүүлдэг ажээ. Гэхдээ тус улсад цагаан хуудас өгсөн цөөн сонгогчийн хүссэнээр сонгуулиа хүчингүй болгоод байдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
"2013 ОНЫ СОНГУУЛЬД 13,688 СОНГОГЧ БУЮУ 1.10 ХУВЬ НЬ ХООСОН ХУУДАС ӨГЧ БАЙЖЭЭ"
-Монголд яг одоо хоосон хуудас өгсөн хүмүүсийн тоо сонгуулийг дахиулахад нөлөөлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Яагаад энэ удаагийн сонгуульд ийм үйл явдал өрнөж байна гэж харж байгаа вэ?
-Манай улсын хувьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиуд дээр хоосон хуудас өгөхийг зөвшөөрч, сонгуулийн нэгдсэн дүнд хүчинтэй саналын тоонд багтааж ерөнхийлөгчийг сонгох саналд тооцогдож ирсэн. 2015 оны Сонгуулийн тухай хуульд үүнийг уламжлаад зогсохгүй, хоосон хуудсыг хүчинтэйд тооцох илүү тодорхой заалтууд орсон. Энэ хуулийн 97.9-д “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно,” 99.2-д “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно” гэж тус тус заасан.
Хоосон хуудсыг хүчинтэйд тооцохыг хуульд ийнхүү шууд заасан боловч энэ нь аль нэг нэр дэвшигчийн төлөө өгсөн саналтай адилхан Ерөнхийлөгчийг сонгоход нөлөөтэй байх талаар Сонгуулийн тухай хуульд тодорхой заагаагүй байна. Гэвч, өмнөх сонгуулийн дүнг гаргаж байсан практикаар бол хоосон хуудас хүчинтэйд тооцогдоод зогсохгүй Ерөнхийлөгчийг сонгоход шийдвэрлэх үүрэгтэй байжээ. Жишээлбэл, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнгээс харахад хүчинтэй саналын хуудас 1,239,784 байсан. Эндээс Ц.Элбэгдоржийн төлөө 622,794 сонгогч буюу нийт сонгогчийн 50.23 хувь, Б.Бат-Эрдэнийн төлөө 520,380 сонгогч буюу 41.97 хувь, Н.Удвалын төлөө 80,563 буюу 6.50 хувь саналаа өгч байсан бол 13,688 сонгогч буюу 1.10 хувь хоосон хуудас өгч байжээ. Үүнээс харахад хоосон хуудас нь хүчинтэйд тооцогдоод зогсохгүй аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн хуудастай адилхан Ерөнхийлөгчийг сонгоход шийдвэрлэх үүрэгтэй байжээ. Харин, нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө өгсөн зэрэг шалтгаанаар хүчингүй болсон саналын хуудас ийм нөлөөгүй.
Энэ жишгээр бол одоо хийх гэж буй дахин санал хураалтаар хоосон саналын хуудас нь хүчинтэй саналд тооцогдоно, бас цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгох үр дагавар үүсгэх хэмжээний нөлөөтэй. Үндсэн хуульд зааснаар тухайн сонгуульд оролцсон нийт сонгогчдын 50 хувиас илүү хувийн саналыг авсан нэр дэвшигч Ерөнхийлөгч болох ёстой. Гэтэл дахин санал хураалтаар цагаан санал буюу хоосон хуудас өгсөн сонгогчид нийт сонгогчдын 5, 10 хувь ч юм уу болж, улмаар хоёр нэр дэвшигчийн аль аль нь 50 хувиас бага санал авбал дахин сонгууль явуулна. Үндсэн хуулийн 31.6-д зааснаар хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхын санал аваагүй бол дахин сонгууль явуулна.
Хоёр дахь санал хураалтад үлдсэн хоёр нэр дэвшигчийн алийг нь ч дэмжихээргүй хүн байна гээд маш олон иргэд цагаан хуудас өгөх, цаашлаад дахин сонгууль явуулах магадлал байна. Энэ нь эцэстээ сонгогчдын олонхоос дэмжлэг авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдож чаддаггүй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй.
-Цаашид юун дээр анхаарах ёстой вэ. С.Ганбаатар нэр дэвшигч хоосон хуудас өгөхийг дэмжээд эхэллээ?
-Энэ асуудал дээр би судлаачийн хувьд болгоомжтой хандаж байгаа. Энэ бол Үндсэн хуулийн зохицуулалт биш. Үндсэн хуулиар хоосон хуудас өгөх эрхийг шаардаж байгаа боловч хоосон хуудас нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх үү гэдэг нь Үндсэн хуулийн утга гэхээсээ илүү хууль тогтоогчийн Сонгуулийн тухай хуульд хийсэн сонголт юм.
Манайхтай адилхан сонгуульд оролцсон нийт сонгогчдын талаас илүүгийн саналаар Ерөнхийлөгчөө ард түмнээрээ сонгодог улсууд байдаг. Гэхдээ, эдгээр улсууд дотор хоосон саналын хуудсыг хүчинтэйд тооцож, дахин болон нэмэлт санал хураалтаар хэн ч нийт сонгогчдын талаас илүүгийн санал аваагүй бол сонгуулийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулдаг улсыг хайгаад одоогоор олоогүй байна.
Жишээ нь, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд 11 хүн нэр дэвшээд энэ оны 4-р сарын 23-нд болсон эхний санал хураалтад аль нь ч олонхын санал авч чадаагүй. Харин 5-р сарын 7-нд болсон хоёр дахь санал хураалтад хамгийн олон санал авсан Макрон, Лэ Пэн нар өрсөлдөж 66.10 хувийн саналаар Макрон Ерөнхийлөгч болсон. Лэ Пэн 33.90 хувийн санал авч ялагдсан. Энэ хоёрын цуглуулсан саналын хувийг нэмбэл зуун хувь болж байгаа биз.
Гэтэл, Францын сонгуульд нийт сонгогчдын 9 хувь буюу 4.2 сая хүн хоосон саналын хуудас өгсөн ч хоосон хуудас нь санал өгөөгүйтэй адилхан Ерөнхийлөгчийг сонгоход нөлөөгүй байсан. Хоосон хуудас нь хүчингүй саналын хуудаснаас ялгагдаж тусдаа тоологддог боловч нөлөөгүй байх хуулийг 2014 онд баталж байжээ. Хоёр нэр дэвшигчийн аль нэгийг дэмжсэн нийт саналыг 100 хувьд тооцож, олонхынх нь дэмжсэн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгодог байна. Дахин санал хураалтаар Ерөнхийлөгч тодорч дахин сонгууль хийх шаардлагагүй болдог байна. Энэ зохицуулалт нь нэр дэвшигчдийг хүчтэй эсэргүүцэх боломжийг иргэдэд олгодог боловч хоосон хуудаст шийдвэрлэх нөлөө өгдөггүй. Энэ нь хэн ч нийт сонгогчийн олонхын санал авахгүй болж, дахин дахин сонгууль явуулах, улмаар Ерөнхийлөгчийг сонгож чадахгүй болох нөхцөл байдал үүсэхээс сэргийлдэг байж магадгүй.
Дүгнээд хэлбэл, Монголын одоогийн Сонгуулийн тухай хууль, түүнийг хэрэглэж ирсэн практикаар их өвөрмөц зохицуулалт үүсчихсэн байна. 2015 онд Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаасаа өмнө төслийг ил болгож олон нийт, судлаачдын дунд хангалттай хэлэлцүүлээгүй, намууд тохироод шууд өргөн бариад маш богино хугацаанд баталсан. Тэр үед хоосон саналыг хүчинтэйд тооцох зохицуулалтын үр дагаврыг хэр сайн ярилцсан, судалсан эсэх тодорхойгүй.
Сонгуулийн тухай хууль нэгэнт хүчин төгөлдөр учраас одоогийн нөхцөлд энэ зохицуулалтаараа явахаас аргагүй. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийг хориглосон УИХ-ын 2003 оны тогтоол хүчинтэй байгаа учраас одоо энэ хуульд гар хүрч болохгүй.
Хоосон саналын хуудас өгөх санаачилга анх жирийн иргэдээс гарсан боловч сүүлдээ улс төрчид явцуу сонирхолдоо ашиглаж эхэлж байгаа нь харамсалтай. Ялангуяа нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн эхний санал хураалтад хамгийн цөөн санал авч ялагдчихаад хоосон саналын хуудас өгөхийг уриалж байна. Цаашид цөөхөн хувийн сонгогчийн саналаас болж сонгууль хэд дахиж сонгогчдын олонхын дэмжлэг авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгож чадахгүй болох вий дээ. Иймд энэ сонгууль болоод өнгөрсний дараа УИХ хоосон хуудас өгөх асуудлыг эргэж харах хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Ингэхдээ цагаан хуудсыг хориглож болохгүй.
Мөн, хоосон хуудас Ерөнхийлөгчийг сонгоход нөлөө үзүүлдэг байх нь намууд иргэдийн жинхэнэ хүсэл, хэрэгцээг анхаарч үздэг болж хөгжихөд хөшүүрэг болж мэдэх юм. Гэхдээ, ялагдсан цөөнх хоосон хуудсыг ашиглаж олонхын сонголтыг гацаадаг байж болохгүй. Тиймээс, хоосон хуудсыг хүчинтэйд тооцох, улмаар олонх болбол сонгуулийг хүчингүйд тооцдог болох зэрэг асуудлыг маш сайн судалж, тал талаас нь бодож, шийдвэрлэх нь чухал гэж харж байна.