📅

Алтайчууд их спортыг бодлогоор дэмжмээр байна

🕔 2018/12/29 16:38

 

Эх орныхоо өргөн уудам хязгаар нутаг бүрт, цаашлаад дэлхий дахинд Алтайгаараа овоглосон олон арван суутнууд улс төр, эдийн засаг, урлаг соёл, спорт, нийгмийн бүхий л салбарт ажил хөдөлмөрөөрөө манлайлан эрхэлсэн ажилдаа амжилт, ахиц дэвшил гаргаж, нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа билээ. Үүний тод илрэл нь Говь-Алтай аймгаас улсын баатар 4, Ардын цолтон 12, Хөдөлмөрийн баатар 32, Төрийн шагналтан 21, Гавъяат цолтон 130, Шинжлэх ухааны академич 2, Шинжлэх ухааны болон боловсролын доктор 250 гаруй, генерал 16 төрж алдар нэрээ дуурсгасан байдгийг энд дурьдахад таатай байна. Харин эдгээр үе үеийн алдартнуудын араас Алтай нутгийн залуу үе урлаг спортоор манлайлж, түүчээлэн явсаар байгааг бахдалтайгаар энд сийрүүлье.

Говь-Алтай аймгийн залуу үе үүнээс ч илүү амжилт гаргах бүрэн боломж байгаа. Ялангуяа спортын төрлөөр. Алтайчууд спорт гэхээр бөх, сур, морь зэргийг ойлгодог. Гэтэл бусад спортын төрлийг “мартчихдаг” гэм тэдэнд бий. Өөрөөр хэлбэл бусад спортын төрлөөр нутгийнхаа нэрийг төдийгүй улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, амжилт гаргаж байгаа олон залуус байна.

Жишээлбэл хэн нэгний ямар ч дэмжлэггүйгээр зөвхөн өөрийнхөө хүчин чармайлт, зорилго тэмүүлэлийнхээ төлөө Алтай нутгийнхаа нэрийг улс орон даяар, Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж буй бодибилдингийн спортыг энд нэрлэж болох.

Энэ спорт нь Монголд хүчтэй дэлгэрч буй бөгөөд Алтай нутгийн ууган хүү, Төгрөг сумын уугуул Г.Жамц эл спортоор олон жил идэвхитэй хичээллэн, олон ч амжилтыг буухиалж буй шилдэг тамирчин бий. Тэрээр зөвхөн 2018 онд гэхэд “Colorful Danxia Cup"-2018 олон улсын нээлттэй тэмцээний Бодибилдинг 80кг-ын жинд мөнгөн медаль, Дундад Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн 2-р тэмцээний Бодибилдинг 80кг жингийн мөнгөн медаль, "Global Classic-2018"олон улсын нээлттэй тэмцээн Бодибилдинг 80кг-ын төрөлд мөнгөн медаль "Mr.Olympia Pro Qualifier Japan-2018" Бодибилдинг 80кг-ын төрөлд мөнгөн медаль, "China Mobile Cup Professional bodybuilding diamond league" олон улсын нээлттэй тэмцээн Бодибилдинг 80кг-ын жинд мөнгөн медаль, Про ангилалд алтан медаль хүртсэн зэрэг амжилт гаргасан байна.

Олон арван тэмцээн, тэр дундаа олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд ийнхүү амжилт гаргаж, нутгийнхаа, улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Алтай нутгийн тамирчин Г.Жамцаас эхлээд олон залуучууд спортоор хичээллэн амжилтыг буухиалж байгаа. Харин гагцхүү мэргэжлийн спортыг аймаг, орон нутгийн удирдлагууд бодлогоор дэмжиж, залуу үеийг урамшуулан, хөхүүлэн дэмжих нь чухал байна.

Хүчтэй бөх төрж буй нутгийн улс төрчид хүчтэй байдгийн жишээгээр Алтайчууд бид их спортоо бодлогоор дэмжиж, эх орондоо манлайлах цаг болжээ.
 

www.govialtai.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол