📅

Гурил хараад гунигаа марттал нь бүү туйлдуул

🕔 2019/01/29 11:16

Монголын улстөрчид тойргоо тойглож байгаа нь хүртэл агуу тэнэглэл, доромжлол болчихжээ. Цагаан сарын идээний боов, битүүлэгний архи, банхар нохой, цай, цаг тооны бичиг, гурил, чихэр, сүү, даралтны аппарат, ёотон, ёроолдоо гишүүний нэр бүхий цар тавагнаас авхуулаад юу эсийг “бэлэг” нэрээр тарааж байгаа улстөрчдөөс илүү зүйл хүлээгээд хэрэггүй ээ. Уг нь аливаа “бэлэг” гээчийн утга нь талархсан, баярласан сэтгэлийн илэрхийлэлд оршдог. Төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө болгон сонгож, тун чиг итгэл, найдвар хүлээлгэсэн тойргийнхоо ахмадуудад (голдуу эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш буюу тэтгэврийн насныханд өгдөг юм билээ) Цагаан сарыг тохиолдуулан бэлэг илгээн (тараах биш шүү), хүндэтгэл үзүүлэхэд бас ч гэж хачирхаад байх зүйлгүй.

Харин тавгийн боов, чихэр, гурил, будаа төдийхөн тараахад баярлана гэж бодож бэлэг бэлдсэн түшээд ичиж, эмгэнэх хэрэгтэй. Бэлгийг нь бага гэж голоогүйг та бүхэн мэдэж байгаа. Угтаа түшээд түмэн олонд ингэж гурил, боов тараах үүрэгтэй ч биш. Гэхдээ манай гишүүд бэлгээ зөв, “мэдрэмжтэй” сонгодог. Гурил, будаа, боов, чихрийг чинь авсан ахмадууд гуниг, цөхрөлөө түр боловч мартан, хүүхэд адил хөөрч байна. Тайлангаа хэвлүүлсэн сониноос тань таван чихэр нь тэдэнд илүү санагддаг болчихсон. Халтиргаа, хүйтнийг үл анзааран танхимд дүүрэн цуглачихаад, таны өгөх ууттай бэлэг рүү тэмүүлэхдээ нэгийгээ гэмтээж, нөгөө ертөнц рүү илгээчихнэ гэж санаагүй биз. Яав ч олигтой бодлого хэрэгжүүлээгүй учраас иргэдийн чинь амьдрал ядмаг болоод байгааг илчлэх мэт ийм бэлэг бэлдэх нь эрхэм гишүүдийн тэнэглэл. Мөн гурил, будаа аваад баярлах хүмүүсээр бах таваа хангаж буй нь доромжлол.

Гэхдээ зөвхөн ахмадуудын тухайд хэлэхэд л тэд ганц Цагаан сараар түшээдээс бэлэг аваад зогсдоггүй л дээ. Аравдугаар сард Ахмадын баяраар бүгдийг нь баярлуулчихна. Мартын найман, Эх үрсийн баяраар өндөр настай ээж, эмэгтэйчүүдэд жичид нь бэлэг барих жишээтэй. Ерөнхийдөө баяр, тэмдэглэлт өдөр бүрээр түшээд тойргийнхондоо хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, бүр ажил, мэргэжлийг нь харгалзан ямар нэг хэлбэрээр бэлэг барьдаг. Сонгуулийн өмнөх он болоод ч тэр үү энэ жилийн Цагаан сард УИХ-ын гишүүд илүү ач холбогдол өгч байгаа нь илт. Цаг тооны бичиг, тайлант сонин, тавгийн чихэр, ааруул зэрэг аахар шаахар зүйлээс бүрддэг гишүүдийн бэлэг илүү “баяжчихаж”. Гишүүд гэлтгүй түмнээс сонгогдсон хэн бүхэн (нийслэл, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчид), Төрийн ордонд тухалж, түшээ болно гэж горилогсод ч бэлгээ тараагаад, толгой өөд татахгүй явна.

Үндсэндээ түшээд нь иргэд, сонгогчдыг бэлэг хүлээдэг болгоод сургачихсан. Яаж ч ядарч, зүдэрсэн Сар шинийн баяраа элбэг дэлбэг тэмдэглэхийг хичээдэг ахмадууд маань хүртэл тойргоос сонгогдсон гишүүнээр тавгийн боов, юухан хээхнээ бэлдүүлчихнэ хэмээн тооцож, хүлээдэг болчихож. Жишээ нь, тойргийн ахмадууддаа Ц.Мөнх-Оргил гишүүний тараасан тавгийн боов нь “Чулуу шиг хатуу. Идэхийн аргагүй амттай” байгаа талаар сонгогч нь нийгмийн сүлжээгээр “мэдэгдсэн”. Уг нь тэр боов нь хүнсний манлай, ууган үйлдвэрлэгч нэгэн компанийх юм билээ. Эрхэм гишүүн өөдтэй нь л гэж тэдний боовыг сонгосон болов уу. Жилдээ ганц тэмдэглэдэг Цагаан сараар л бултаараа боовоор идээ засдаг учраас өмнөх жилийнхийгээ туучихаагүй бол өгөршиж, “чулуужиж” амжмааргүй сэн” гэж ч бодох шиг. Өнөөх л “Өгөх ёстой” гэх сэтгэлгээний биелэл нь “Авах ёстой” мэт ааль болчихсон нь энэ. 

Ц.Мөнх-Оргил гишүүний бэлэг бас нэг шүүмжлэл дагуулсан. 

 

“Харвардыг төгсчихөөд бусадтай адилхан боов тараагаад яахав дээ”

гэсэн нь магадгүй түүнийг арай дөнгүүр гэж үнэлдэг хүмүүсийн хэлэх үг байж мэднэ. Стэнфордын их сургуульд багшилж асан Г.Занданшатар гишүүнд ч энэ шүүмжлэл хамаатай. Ул боовтой хамт тараасан даралтны аппаратыг “Төрд тусламжаар ирсэн эд” хэмээн шүүмжлээд амжсан. Юутай ч Ц.Мөнх-Оргил, эсвэл Г.Занданшатар, хэн нэгэн гишүүн тойргийнхондоо хов хоосон очсон бол бас л баалуулах байсан. “Бусад нь тойргийнхондоо бэлэг өгч байхад манай гишүүний байж байгааг хар. Хорголоо тоолсон амьтан. Хүний алга дээш нь харуулдаг байгаа даа” гэж ирээд л шаагилдана. “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэдэг шиг иргэд, сонгогчдын өнөөдрийн хүсэлд захирагдаж яваа хүмүүс, хүчин ч бий. Үргэлж үл гүйцэлдэх зүйл ярьж, сагсуурдаг улстөрчдөөс авхуулаад олон талаар үнэлэгддэг, хүлээн зөвшөөрөгддөг хүмүүс энэ хандлагыг сөрж чадахгүй байна.

Дундговийнхон бол хэр баргийн зүйлийг тоохгүй байж мэднэ. Б.Наранхүү гишүүн том том бэлэг өгсөөр байгаад муу зан сургачихсан гэхэд болно. Бэлгийнхээ чанар, хэмжээг муутгавал банга хүртэх байх шүү. Энэ жилийн Цагаан сараар гэхэд 25 кг-аар савласан гурил хоёр, будаа нэг шуудайг аймгийнхаа 70-аас дээш насны бүх хүнд өгсөн байна лээ. Харин тэрбээр гурил, будаагаа аймгийн АН-ын хорооны байрны гадаа ачааны машин дээрээс тараасан ч намаар ялгаварлалгүй бүгдэд нь өгсөн гэнэ. Гэтэл ахмадуудыг намаар нь ялгаж, бэлэг өгдөг гишүүд ч бас байх аж. Чухам юунд зорьж бэлэг өгдөг нь магадгүй эндээс тод харагдах биз. Хэвтрийн хөгшнийд очиж хэдэн боов өгчихөөд, түүнийгээ тэврүүлэн зургийг нь авснаа бахдалтайгаар түгээж байгаа хүмүүсийн зорилго ч ойлгомжтой.

Ийнхүү улстөрчид тойргоо “усалж” байна. Улстөрчид өгөөд байгаа болохоор сонгогч бид аваад байна уу, аваад буй учраас өгөөд байна уу гэх эргүүлгийг үл ойлгосоор атал дараагийн сонгуультай золгоно. 2020 он гэхэд түшээд гэлтгүй төр рүү зүглэж буй хэн бүхэн биднийг шалба “норгоно”. Удахгүй улс даяар нь “усална”. Сонгогчдод зонхилох нөлөөтэй байж болохуйц төрийн албан хаагчдыг тал тохой татаж, нөлөөллөө бэхжүүлж эхэлнэ. Тэгээд сонгуулийн үеэр саналыг минь худалдаад авчихна. Тасралтгүй 20 гаруй жил ийм маягаар “услуулж”, угжуулсан бид хэр цэцэглэж, тэнхэрсэн бэ. Хариултыг нь бүгд мэднэ. Шийдэл нь ч тодорхой. Сонгогч бид боловсролгүй, саналаа худалдсаар байх нь тэдэнд ашигтай. Харамсалтай нь, өгөх ч үгүй, авах ч үгүй байж чадахгүй юм даа.

Б. Номин

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол