“13-ЫН А” МАЯГТЫГ ЦАХИМААР СОЛЬЁ
Өвчин, эмгэгт туйлдсан иргэддээ дөнгө болж мөнгө татдаг эмнэлгийн үйлчилгээг халах тухай бид өмнөх дугаартаа онцолсон. Нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэхийн тулд 13-ын А маягт авах гэж иргэд өчнөөн хоног хугацаа алдаж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн өндөр настан Т.Дашням зүрх судас, хоол боловсруулах эрхтний хууч өвчтэй. Тэрээр байсхийгээд III шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээ өгөх шаардлагатай байдгаа ярьж байна. Энэ бүрт төв эмнэлгээс 13-ын А маягттай ирэхийг шаарддаг ажээ. Тэрээр энэ тухай "Над шиг байнга эмнэлгийн үйлчилгээ авдаг өндөр настан олон байдаг. Тэр бүрт 13-ын А маягтыг төв эмнэлгүүд нэхдэг. Ийм маягтгүй бол үзэхгүй гээд шууд буцаадаг. Өндөр настай, дээрээс нь өвчин зовиуртай хүн энэ маягтыг хөөцөлдөж авах гэж маш их ажил болдог. Өрхийн эмнэлгээс бичилт хийлгэж, түүнийгээ дүүрэг дээр аваачиж тамга даруулна гэдэг маш их хугацаа алддаг. Чухам ямар учраас энэ маягтыг эмнэлгүүд шаарддагийг мэдэхгүй юм” гэж байна. Өндөр настан Т.Дашням шиг байр суурьтай олон хүн байдаг юм байна. Эмнэлгүүд ч энэ маягтыг заавал шаарддаг ажээ. Улсын I төв эмнэлгийн угтах үйлчилгээнээс 13-ын А маягтгүй үйлчлүүлж болох тухай лавлалаа. Цөөн хэдэн төрлийн шинжилгээнээс бусад тохиолдолд, тэр тусмаа хэвтэн эмчлүүлэхээр бол 13-ын А маягт заавал авчрах ёстой гэлээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд явж очвол мэдээллийн самбартаа үйлчлүүлэгчээс заавал шаардах зүйлсийн дарааллыг гаргажээ. Тус мэдээллийн эхэнд 13-ын А маягтыг аймаг, дүүргээсээ заавал авсан байх ёстой гэж байна. Мэдээж ийм маягтгүй бол үйлчилгээ авах боломжгүйг угтагчид онцоллоо. ЭХЭМҮТ бол үндэсний хэмжээний эмнэлэг. 21 аймаг, есөн дүүргийн эх, хүүхэд энэ эмнэлэгт ханддаг. Тиймээс хэчнээн үйлчлүүлэгч 13-ын А маягттай ирдэг талаар тус эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникээс тодруулав. Тус эмнэлэгт энэ оны эхний зургадугаар сарын 1-20-ны дотор л гэхэд 19 мянга гаруй хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлжээ. Угтаа үйлчлүүлэгч бүр 13-ын А маягттай байх ёстой ч яаралтай, хүндэрсэн өвчтөн ирсэн тохиолдолд шахаж авч чаддаггүйг албаны хүн хэлж байна. Гэхдээ дээрх үйлчлүүлэгчдийн тодорхой хувь нь маягттай иржээ. Сар хүрэхгүйн хугацаанд 20 орчим мянган хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн гээд бодохоор 13-ын А маягтаа авч чадалгүй, дундаас нь шантарч гэр зуураа өөрсдөө эмч болж байгаа хэчнээн эцэг, эх байгаа бол.
Ерөөс 13-ын А маягтыг цахим системд шилжүүлье. Иргэдийг хүндрүүлж чирэгдүүлж байснаас өрх, дүүргийнх нь эмнэлгээс нарийн шатлалтай эмнэлэг рүү өвчтний мэдээлэл, онош зэргийг нь илгээчихдэг байхад яагаад болохгүй гэж. Өрх, дүүргийн эмнэлгүүдийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нь ухаалаг болж чадаагүй юм гэхэд ядаж III шатлалын эмнэлгүүд нь хот, хөдөөгийн хаанаас ч өвчтний мэдээллийг татаад харчих хэмжээнд хүрээ байлгүй, өнөөдөр.
Учир нь эрүүл мэндийн салбарыг цахимжуулах хоёр том төсөл хэрэгжиж эхэлжээ. Нэг нь дуусч, нөгөө нь үргэлжилж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 18.9 сая ам.долларын төслийг Эрүүл мэндийн яамнаас 2014 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн байна. Өмнөх дугаарт онцолсноор уг төслийн үр дүнд эмнэлгийн үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай болно. Өвчтний эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлал, аюулгүй байдал нь хангагдсан мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг олон төрлийн ач холбогдолтой үйл ажиллагаа болно гэж тооцоолж байв. Төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Нийслэлийн төв эмнэлэг, дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг 48 эмнэлэгт цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөжээ. Хугацаа ёсоор өнгөрсөн жил дууссан төслийн үр дүн, хэрэгжилт ямар байгааг Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад "Төслийн ажил дууссан. 48 эмнэлэгт компьютер, тоног төхөөрөмжийг суурилуулсан. Одоо программ хангамжийн ажил дутуу байгаа” гэв. Ямартаа ч уг төсөл хэрэгжсэн эмнэлгүүд 13-ын А маягт нэхдэг хэвээр байна.
Дараагийнх нь мөн л "Цахим эрүүл мэнд” нэртэй төсөл. Дэлхийн банкны санхүүжилттэй. Төслийн хүрээнд 19.5 сая ам.долларын санхүүжилт авч, эрүүл мэндийн үйлчилгээг цахим системд шилжүүлэх зорилготой. Тодорхой хэлвэл, нийт иргэдийн эрүүл мэндийн цахим мэдээллийг багтаасан эрүүл мэндийн үндэсний мэдээллийн санг бий болгож, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сантай шууд холбогдоно. Үндэсний дата төвд мэдээллийн санг мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалж байршуулна. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн харъяалал харгалзахгүйгээр аль ч эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, даатгалын зохих хөнгөлөлтийг эдлэх боломжтой гэжээ. Мөн эрүүл мэндийн мэдээллийн стандарт болон толь бичиг батлагдаж, эрүүл мэндийн бүх байгууллага иргэний мэдээллийг эмнэлэг хооронд, цаашилбал, эмч нар хоорондоо ойлгомжтой, хялбар аргаар солилцон хамтарч ажиллах зэргийг дурджээ. Энэхүү төслийн үргэлжлэх хугацаа 2020 он хүртэл юм байна. Тиймээс энэхүү зорилт болгосон ажлууддаа 13-ын А маягтыг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдээс алгын чинээ цаас нэхдэгийг халж өгөөч гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт уламжилъя. Энэ төслийн зорилгод ч нэг юм байна. Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг нэвтрүүлье гэвэл нэн түрүүнд энэ маягт гээчийг л халах ёстой. Нэгэнт л хүн бүр эрүүл мэндийн даатгал төлөөд эмнэлгийн үйлчилгээ авч байгаа. Ийм байхад 13-ын Б гэх нэршилтэй, III шатлалын эмнэлэгт илгээсний төлөө эрүүл мэндийн даатгалаас мөнгө авдаг асуудлаа иргэдийн нуруун дээр ачаа болгож бус, цахим системээрээ л шийддэг болчихъё.
Зууны мэдээ
Б.Энхзаяа