📅

“Богино хугацаанд нөхөн сэргээгддэг гадаргын усны нөөцөө ашиглах нь зөв шийдэл”

🕔 2019/02/26 10:27

“Богино хугацаанд нөхөн сэргээгддэг гадаргын усны нөөцөө ашиглах нь зөв шийдэл”

 

Говь нутагт усны асуудал хамгийн чухал. Ялангуяа, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй Өмнөговь аймагт усны хэрэглээг оновчтой зохицуулах шийдлүүд яаралтай хэрэгтэй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зохион байгуулсан “Инновацийн үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөний үеэр өмнөд говийн ус хангамжийн асуудал, хэтийн төлвийн талаарх хэлэлцүүлэг, илтгэл эрдэмтдийн дунд багагүй яриа өрнүүлж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани монгол эрдэмтдийн мэдлэг, оюун ухаан, хөдөлмөр шингэсэн төслүүдийг дэмжиж, уул уурхайн үйлдвэрлэлд тэдний инновацийг нутагшуулах зорилгоор Үндэсний эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Зөвлөгөөний үеэр сүүлийн 14 жил өмнийн говийн ус хангамжийн асуудлыг шийдэх боломжтой “Хэрлэн говь”, “Орхон говь” төслийг ярьж, хөөцөлдөж байгаа “Усны үндэсний төв” ТББ-ын дэд захирал, Монгол Улсын зөв­лөх инженер Ш.Ганзориг илт­гэл тавьсан. Өмнийн говийн ус хангам­жийг жигдрүүлэхэд гадаргын усыг оновчтой ашиглах нь илүү зөв шийдэл гэдгийг онцолж байв. Тэрээр дээрх хоёр төслийг танилцуулаад нийт 1.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлсэн. Гэхдээ эхний ээлжинд төслийн су­дал­гааг яаралтай эхлүүлж, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийхэд шаард­лагатай байгаа гурван сая ам.долларыг шийдвэрлэж өгөхийг Засгийн газар болон “Эрдэнэс Таван­толгой” компаниас хүсч байсан юм.

Манай орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг эзлэх тал хээр, говийн гандуу хуурай бүс нутагт гол мөрний усны нөөцийн 22 хувь бүрэлддэг бол харьцангуй чийглэг, гадаргын усны алдагдал багатай өндөр уулын бүс нутагт гол мөрний усны нөөцийн 78 хувь нь бүрэлддэг байна. Гэхдээ гадаргын усны нөөц нь 14 хоногт нөхөн сэргээгддэг бол газрын доорх усны нөөц нь 10 мянга хүртэл жил шаарддагийг Ш.Ганзориг инженер илтгэлдээ онцлов. Тэгвэл 1968 оноос хойш манай орны ус ашигласан байдлыг судлаад үзэхэд сүүлийн 20-оод жилд ашиглах боломжтой нөөцийнхөө таван хувийг л хэрэглэж байгаа гэсэн үзүүлэлт гарчээ.

Өмнийн говийн бүсийн томоохон ус хэрэглэгчдийг газрын доорх усаар хангах эсвэл гадаргын усаар хангах, хосолмол арга хэрэглэх гээд олон хувилбар яригддаг. Тэгвэл дээрх судалгаа тоо баримтуудаас харсан ч тэр гадаргын усны ашиглалтын хэмжээг нэмэгдүүлж, богино хугацаанд нөхөн сэргээгдэх нөөцөө түлхүү ашиглах нь тогтвортой хөгжил, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын үүднээс хамгийн зөв шийдэл гэж үзэж байгааг тэрээр хэлж байв. Орхон голоос усыг хуримтуулан татах “Орхон говь” төслийн хувьд тус гол нь Сэлэнгэ мөрний ус хурах талбайд хамрагддаг тул ОХУ-тай ярилцах асуудал болоод байгаа юм байна. Харин Хэрлэн голоос ус хуримтлуулан татах хувилбарын тухайд эхний ээлжинд ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа аж. ТЭЗҮ-г хийсний дараа “Хэрлэн говь” төслийг хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргах нь зүйтэй гэлээ. Төслийг зөв гольдролоор явуулахын тулд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагын дагуу боловсруулах нь чухал асуудал болоод байгаа юм байна. Эхлээд ТЭЗҮ болон үнэлгээг хийгээд дараа нь төсөл хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг дарааллыг баримтлахгүй байгаагаас томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хугацаа алддаг гол нөхцөл болдгийг тэрээр хэлсэн. Тиймээс иймэрхүү боломжит төслүүдийн судалгааны ажлыг төр, засгийн зүгээс бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна гэж байлаа. Усны томоохон төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татья гэвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ТЭЗҮ байх ёстойг ч сануулав.

 

 

Б.ТӨГС

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол