📅

Х.Баттулга: Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгосын оролцоог хангасан байгууллага байгуулах саналтай байна

🕔 2019/03/01 13:43

Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.

Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрээр:

“Хатагтай, ноёдоо,

Эрхэмсэг Элчин сайдууд,

Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид,

Эрдэмтэд, судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл

Та бүхний амар амгаланг эрье.

Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлох стратеги нь Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлын чухал алхам юм.

Миний бие 2018 оны есдүгээр сард Оросын Холбооны Улсад болсон “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эрчимжүүлэх зорилго, зохицуулалтын үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьсан билээ.

Энэхүү эрчим хүчний супер сүлжээний эдийн засгийн ач холбогдол маш өндөр болохыг Та бүхний судалгаанууд баталжээ. Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох юм.

Хэлэлцэгдэж буй санаачилгын үр дүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл маш хямдаар хэрэглэгчиддээ хүрэх боломжтой. Ингэснээр эцсийн хэрэглэгчид, хүмүүс өөрсдөдөө зарцуулах цаг улам их болж, амьдралынх нь чанарт эерэг өөрчлөлт гарах болно.

Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол болон Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг улс, байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар тус бүрдээ судалгаа тооцоолол хийж, хамтарсан хурал зөвлөгөөнүүд хийсээр ирлээ. Гэвч энэ санаачилга харьцангуй удаашралтай байгаа нь бүс нутгийн улсуудын улс төрийн итгэлцэлтэй холбоотой гэж судлаачид бичиж байна.

Монгол Улсын хувьд хөрш орнууд, бүс нутгийн бусад орнуудтай улс төрийн харилцааны ойлголцлын түвшин өндөр, ямарваа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Монгол Улс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх таатай нөхцөлийг агуулж байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд  ч Монгол Улс асар их нөөцтэй, уудам нутагтай, жилийн 300 илүү хоногт нартай учир нар, салхи, нүүрс болон бусад эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Өмнөд Солонгос улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.

Цэвэр, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь байгаль дэлхийгээ хамгаалж буй энэрэнгүй үйлс тул аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах нь дамжиггүй. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд ч хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд уг санаачилгыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

Дүгнэхэд, “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх үүрэг бүхий бүс нутгийн оролцогч 6 орон болох Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос улсын зохистой оролцоог хангасан байгууллага байгуулах саналаа би энд зориуд давтан дэвшүүлмээр байна.

Төслийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл хийгдсэн судалгааны ажлуудыг уялдуулж нэгдсэн бодлого, зорилгоо тодорхойлон, холбогдох гэрээ хэлцлүүдийг бэлтгэх зэрэг тулгамдсан ажлуудыг энэ байгууллага зохицуулан уялдуулах, урагшлуулах, эрчимжүүлэх болно. Та бүхэн энэ чиглэлээр сайтар хэлэлцэж, санал зөвлөмжөө гаргана гэдэгт итгэлтэй байна.

Уулзалтад оролцохоор манай орныг зорин ирсэн төлөөлөгчид болон бусад эрхэм хүндэт оролцогч Та бүхэнд сайн бүхнийг ерөөж, ажлын амжилт хүсье” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Гурбуз Гунүлийн “Шинэ дэлхий-Эрчим хүчний шилжилж болон геополитик” сэдэвт илтгэлийг сонсов.

“Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага, Судлаачдын байр суурь: Илтгэл ба хэлэлцүүлэг зэрэг хуралдаанаар үргэлжилнэ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол