Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны нэр хүнд өсчээ
Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк 57 гишүүнтэйгээр 2016 онд албан ёсоор ажлаа эхлүүлсэн бол одоо 84 улсыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн санхүүгийн томоохон байгууллага болжээ. Банкны төлөөлөн удирдах зөвлөл дөрөв дэх удаагаа гишүүний өргөтгөл хийж, Кук арлууд, Вануату, Беларусь, Эквадор улсыг гишүүнээр элсүүлэхээ өнгөрсөн сард албан ёсоор мэдэгдсэн билээ. Ийнхүү тус банк 84 гишүүн оронтой болсон юм. Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны цар хүрээ тэлж байгаа талаар Хятадын Орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн судлаач Чэнь Фэн Ин "Улс орон, бүс нутгууд Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элссэнээр хөгжлийн боломжоо нэмэгдүүлж байна. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь өргөн цар хүрээг хамардаг. Ялангуяа Азийн орнуудын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах ихээхэн боломж, эрэлт хэрэгцээ авчирдаг. Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк "Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжин ажилладаг" гэжээ. Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаа явуулсан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл нь бүгд дэд бүтцийн салбарт төвлөрсөн байна. Тухайлбал, өнгөрсөн сард Хятад улс дахь анхны төслөө Бээжин хотод хэрэгжүүлж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад 250 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсноо тус банкнаас мэдэгдсэн юм. Энэ төсөлтэй зэрэгцэн Энэтхэгийн төмөр замын төсөл, Оманы шилэн кабелийн өргөн зурвасын сүлжээний бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулах шийдвэрийг баталсан байна. Тоо бүртгэлээс үзвэл, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны оролцсон 24 төсөлд 12 улсыг хамарч, зээлийн нийт хэмжээ нь дөрвөн тэрбум 200 сая ам.долларт хүрчээ.
Хуучин орон сууцны засвар, үерээс сэргийлэх, байгалийн хийн хоолой, хурдны авто зам, өргөн сүлжээ, цахилгаан хангамж зэрэг олон талтай холбогдож, эрчим хүч, зам харилцаа, хот байгуулалтын салбарыг хамруулан ажиллаж байна. Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк өнгөрсөн онд олон улсын үнэлгээний “Moody's”, “Standard & Poor's”, “Fitch Group” төвийн 3А зэрэглэлийн үнэлгээ авчээ. Ийнхүү дэлхийн хөрөнгө оруулагчид Азийн хөрөнгө оруулалтын банкны ирээдүйн хөрөнгө босгох чиглэл, даяаршлын тулгуур хүчин чадалд итгэж буйг БНХАУ- ын даргын эдийн засгийн зөвлөх Лью Хи Давосын чуулганы индрээс мэдэгдлээ. "Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк авлигагүй, ил тод байгууллага. Мөн “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд олон улсад даяаршлыг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна. БНХАУ цаашид баримтлах эдийн засгийн бодлогоо тодорхойлсон. Энэ зорилтын хүрээнд Хятад улс дотооддоо болон дэлхийн бусад оронд хөгжил дэвшилд хүрэх боломжийг олгоно. Эдийн засгийн өндөр өсөлтөөс илүү, чанартайд нь анхаарал хандуулна. Мөн манай Засгийн газар ойрын гурван жилийн хугацаанд өрийн хэмжээ өсөн нэмэгдэж байгааг бүрэн хяналтдаа авч, шийдвэрлэх болно. Үүний зэрэгцээ нийлүүлэлтэд суурилсан бүтцийн шинэчлэлээ эрчимжүүлнэ. Хятад улс эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ядуурлыг бууруулах, хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэхэд онцгой анхаарал хандуулна. Энэ нь БНХАУ-ын өмнө тулгарч буй шийдвэрлэвэл зохих чухал асуудлууд юм" гэж Лью Хи мэдэгдлээ. "Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк нь олон улсын туршлагаас суралцаж, РРР загвар буюу хөшүүргийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Манай банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр хөшүүргийн үүрэг банкны үр дүнд хүрсэнгүй” хэмээн тус банкны тайланд дурджээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА