📅

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ МАЛ СҮРЭГ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРООД БАЙНА

🕔 2019/03/04 10:59

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ МАЛ СҮРЭГ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРООД БАЙНА

 

Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шууран, 2 дугаар сарын эхний арав хоногт цас үргэлжлэн орж, хүйтний эрч чангарч, цасны зузаан нэмэгдсээр өвөлжилт, хаваржилт хүндрээд байна. 2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгаар 1-7 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа юм. Цасны зузаан Есөнбулаг суманд 7 см, Төгрөг суманд 6 см, Хөхморьт, Тайшир суманд 5 см, Тонхил, Дарив, Жаргалан, Халиун, Шаргад 4 см, Баян-Уул, Гуулин, Цогт, Цээл суманд 3 см, Тоорой, Бигэр, Дэлгэр, Эрдэнэ суманд 2 см, Бугат суманд 1 см байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаас харахад аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага байна гэж үнэлжээ.

Тус аймгийн 18 сумын 87 багийн 7106 малчин өрхөд 3,5 сая толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 130 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1 сая, ямаа 2.1 сая толгой байна. 

Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутагт 46 өрхийн 35.3 мянган толгой мал, хилийн зурваст 81 өрхийн 75 мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 197 өрхийн 105.4 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 14 өрхийн 8.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 136 өрхийн 81.4 мянган толгой мал, нийт 474 өрхийн 306 мянган толгой мал отроор хаваржиж байна.
 
Энэ хавар тус аймагт нийт 1 сая 570 мянган эх мал төллөхөөс одоогийн байдлаар 8.2 мянган мал төллөж, төл бойжилт 94 хувьтай байна. 2018 оны зуншлага оройтож, бэлчээрийн гарц тааруу байж, одоогийн байдлаар нийт нутагт цасан бүрхүүл тогтсоны улмаас мал сүрэг өвс, тэжээл, эрдэс, амин дэмийн дутагдалд орж, хорогдох эрсдэл үүсчээ.
П.АНИР
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол