📅

Монголчуудын “эзэн” Д.Эрдэнэбилэг

🕔 2019/03/06 18:54

Ардчиллын замаар замнаад 29 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй бидний монголчууд "ЭЗЭН"-тэй болсон тухай яриа сүүлийн хэдэн жил хөвөрсөн. Тэгвэл саяхан "түүхэн" өдөр тохиож, тэр "эзэн" монголчуудынхаа өмнө гарч ирэв. Гэхдээ хуулийн байгууллагад байцаагдаад гарч ирж буй гэгээн дүрийг нь бид харлаа.

Төрөөс тэрбумтнууд төрдөг гэсэн ойлголтыг нэгэнтээ авсан монголчууд бид МУИС-ийг дүүргэчихээд, дандаа хувийн хэвшилд ажилласан, төрд нэг ч жил ажиллаж үзээгүй эзэнтэй боллоо гэхээр хачирхалтай санагдаж байгаа биз. Гэвч хөврөх баримтуудаас харахад, Д.Эрдэнэбилэг гартаа Монгол Улсын ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ-тай холбогдох томоохон төсөл, хөтөлбөрүүд бүгдийг нь атгажээ. Бас түүний халаасанд улс төр, бизнес, хууль, төрийн байгууллагууд багтдаг, удирддаг гэж хардсаар, ярьсаар ирсэн. 

Нийлээд 8 их наядыг давсан активтай Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк түүний бизнес. Тэгвэл халуун сэдэв болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Монголросцветмет”-тэй холбогдох орд газар, төслүүдийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн орд,  “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр, Багануурын цахилгаан станц, “Саусгоби сэндс” гэхчлэн бүгд л түүний гарт багтаж буй гэгддэг. 

Д.Эрдэнэбилэг гэж хүнтэй холбоо хамааралтай том төсөл хөтөлбөрүүд, компаниудын эдийн засгийн үнэлгээ наяд наядаар тоологдох нь ойлгомжтой байна. Нэг хүн үнэхээр ингэж ЭЗЭН суух боломж бий юу. Д.Эрдэнэбилэгийн ард өөр бас эздүүд бий юу гэхчлэн асуултууд анхаарал татсаар...

Түүнийг "Монголын эзэн" гэх үлгэр домог мэт яриаг бид олонтаа сонсч ирсэн. Бас "Сахал" гэх хочит Д.Эрдэнэбилэг гэж ямар хүн байдгийг хэн ч мэдэхгүй, түүний зургийг мөн биш гэж мэтгэлцсээр өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Хэвлэл мэдээлэл, улс төр, бизнес, улс орны анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн ТОМ ДҮР мөртөө хэдэн сар жилээр хэнд ч харагдаж үзэгдэж байгаагүй алдарт Д.Эрдэнэбилэг гэж ийм эрхэм байна. 

Худалдаа хөгжлийн банкны  /ХХБ/ гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчилсан үйл явдал,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан ХХБ санхүүжилтийнхээ 72.4 хувийг төрөөс гаргуулсан гэх асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Д.Эрдэнэбилэг нь системийн нөлөө бүхий банкны хоёр нь болох ХХБ, Улаанбаатар хотын банкны гол хувийг эзэмшдэг. Тэгвэл эдгээр банкуудын үзүүлэлтүүдийг энд цухас харуулъя. ”Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн зургаан сарын турш банкны системийн нийт активын 5 хувиас дээш хувийг эзэлж байгаа банкийг хэлдэг.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Тэгвэл үүнд хамаарах ХХБ-ны тухайд 2018 оны гуравдугаар улирлын байдлаар харилцах хадгаламж нь 5-аас дээш хувиар өссөн үзүүлэлттэй байна. ХХБ  2018 онд 85 тэрбум төгрөгөөр эрсдэлийн сангаа нэмж байгуулсан нь ашигт ажиллагаа муудахад нөлөөлсөн.
 

·        Нийт актив: 7,298 тэрбум

·        Цэвэр зээл: 3,283 тэрбум

·        Харилцах хадгаламж: 3,476

·        Цэвэр ашиг: 4,632 сая төгрөг

·        Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 14.8

·        Хөрвөх чадварын харьцаа: 42.9

УЛААНБААТАР ХОТЫН БАНКНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улаанбаатар хотын банк 2018 оны гуравдугаар улирлын байдлаар хадгаламжаа  46 хувиар өсгөжээ. Өндөр дүнгээр эрсдэлийн сангаа нэмж байгуулснаар ашигт ажиллагаа муудсан үзүүлэлттэй байгаа.
 

·        Нийт актив:  1,590 тэрбум

·        Цэвэр зээл:  765

·        Харилцах хадгаламж: 1,045 тэрбум

·        Цэвэр ашиг: 711 сая

·        Өөрийн хөрөнгийн хүрэлцээ: 15.6

·        Хөрвөх чадварын харьцаа: 40.3

Э.Болорхажид

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол