📅

Алтайн залуус хүчээ нэгтгэж “Салхи” үүсгэхийг уриаллаа

🕔 2019/03/22 17:31

 

Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо, “Change Altay” залуусын нэгдэл хамтран зохион байгуулсан “Салхи-2019” уран илтгэлийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. 

Тэмцээний эхний шатанд тус аймгийн харьяат 15-22 насны 30 шахам оюутан залуус оролцож, “Говийн мөрөөдөл”, “Алтайн ирээдүй”, “Салхи”, “Залгамж” зэрэг сэдвээс сонгон илтгэл тавив. 

Тэмцээнийг “Элит” боловсролын төвийн захирал, “Ирээдүй-Алтай” холбооны дэд тэргүүн З.Алтантуяа, Парламентийн мэтгэлцээний үндэсний аварга, Өмнөговь аймгийн оюутны холбооны тэргүүн А.Хүдэрчулуун, Парламентийн мэтгэлцээний үндэсний аварга, "Өөрчлөлт" клубийн хүндэт гишүүн У.Пэрэнлэйжамц нар шүүн тунгаасан юм. 

“Салхи-2019” уран илтгэлийн тэмцээний тэргүүн байрт МУИС-ийн оюутан, Жаргалан сумын уугуул Д.Батболд шалгарч, алтан медаль, өргөмжлөл, Уран илтгэлийн улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнагдсан бол удаах байрт МУИС-ийн оюутан, Дарви сумын харьяат Б.Цэнгэлмаа, Отгонтэнгэр их сургуулийн оюутан, Алтай сумын харьяат Ж.Сүхбат, Мандах их сургуулийн оюутан, Эрдэнэ сумын харьяат Ч.Өсөхбаяр нар шалгарлаа. Илтгэгчид төрж өссөн сум суурингийнхаа хөгжлөөс эхлээд залуусын манлайлал, шинэ хандлага, бахархалт хүмүүсийн залгамж халааг бэлдэх, цахим, технологийн хэрэглээ, 2050 оны дэлхий ертөнцийн нөхцөл байдал зэрэг олон сэдвийг хөндөж байлаа. 

Зохион байгуулагчид шагнал гардуулсны дараа Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын уран илтгэлийн аварга Д.Батболдтой уулзаж, цөөн хором ярилцав. 

-Хошой аварга болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. “Салхи” тэмцээний аваргаар хоёр дахь удаагаа шалгарсандаа үнэхээр их баяртай байна. Энэ жил оролцогчид, хүчтэй өрсөлдөгчид, үзэгчид улам олон болсон байна. Их догдоллоо. 

-Өөрийгөө товч танилцуулна уу, илтгэх урлагаар хэдийнээс хичээллэв?

-Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул. Улаанбаатарт дунд сургуулиа төгссөн. Одоо МУИС-ийн Түүхийн багшийн III курст сурдаг. Илтгэх урлагийн мэтгэлцээнээр 10 дугаар ангиасаа хойш хичээллэж байна. Анх сургуулийн аваргын тэмцээнээс гараагаа эхэлж байсан. Бараг л албан хүчээр, ангийн багшийн шахалтаар орсон. Түүнээс хойш тасралтгүй хичээллэж байна. 

-Тэмцээний эхний шатанд ямар сэдэв сонгож, ямар санааг илэрхийлэв?

-Өгөгдсөн сэдвүүдээс “Салхи” гэдэг сэдвийг авсан. Бүх зүйл өөрчлөгдөж болдог, хүмүүс нэг нэгэндээ нөлөөлж болдог, тухайлбал үй олон эрвээхэйн далавч нийлээд маш хүчтэй салхийг үүсгэж чаддаг тухай жишээ татаж, яг үүн шиг Алтайн залуус хүчээ нэгтгэж, нутгаа хөгжүүлье гэж уриалсан юм. Олон илтгэгчид аймаг маань өрсөлдөх чадвараараа “араасаа тэргүүлж” яваад харамсаж байгаагаа илэрхийллээ. 

-Төгсгөлийн шатанд нууц байсан зургаан сэдвээс сугалаад, гурван минутад бэлдэж, гурван минутад илтгэсэн байгаа. Ийм богино хугацаанд юу бодож амжив? 

-“Нүдээ нээ” гэдэг сэдэв сугалсан. Сэдвээ аваад хамгийн түрүүн заал руу харахад шүүгчид харагдсан. Шүүгчид маань яг л бидэнтэй адилхан, нэгэн үеийнхэн мөртлөө хамаагүй илүү явж, энэ чиглэлээр Үндэсний аварга болчихсон илтгэгчид байсан. Тэгээд бидэнд ч гэсэн боломж байгаа, “нүдээ нээж чадвал” хүн бүхэнд аугаа их хүч байгаа гэдгийг хэлэхийг зорьсон. 

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан “Ирээдүй-Алтай” холбоо 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гол төлөв оюуны хөгжил, хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд энэ оны 4 дүгээр сарын 13-нд Монголын Хүүхдийн Ордонд “Цагийн зөрүү...” нэртэй залуучуудын форум зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухайгаа энэ үеэр зарласан юм.

Govialtai.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол