📅

ЗАСАГТ ХАН АЙМАГ

🕔 2019/04/17 15:26

ЗАСАГТ ХАН АЙМАГ

 

1634 онд Монголын их хаан гэгдэх Лигдэн хутагт хаан Манжийн эсрэг тэмцэх хүч хуримтруулах гэж яваад замдаа цэцэг өвчноор нас барснаар Монгол улс хаангүй болж зарим томоохон ноёд хүчирхэгжсэнээс бие даах байдалтай болсон байна. 
16 дугаар зууны сүүлч, 17 дугаар зууны эхээр эртний Монголын зургаан түг түмний нэг Халх түмэн 12 отогтой гэх байгаад 5 отог нь Өвөрмонголд хуваагдан, Арын уугуул нутагт долоон отог үлдсэн ажээ. 
Энэ долоон отог нь Халхын гурван аймгийг бүрдүүлжээ. Халхын зүүн гарт Түшээт хан, Цэцэн хан, баруун гарт Засагт хан гэх гурван том Засаг захиргааны нэгж 16 дугаар зууны сүүлчээр бүрэлдэн тогтжээ. 
17 дугаар зууны эхэн гэхэд халхууд 3 аймагт хуваагдан баруун гарын Засагт хан аймагт Засагт хан, Сэцэн жонон, Хөндлөн тойн, Омбо Эрдэний гэх 4 хошуу анх байгуулагдан Засагт хан аймгийн суурь тавигджээ. Гэрэсэнз жалайр хун тайжийн /1513-1549/ ахмад хөвүүн Ашихай дархан хун тайжийн ач хүү Лайхур 1600 оны үед “ХАН” цолтой болж аймгийн хүн ард түүнийг хан хэмээн нэрлэх болсон байна.
Монголын түүхийн сурвалжуудад “Анх Гэрэсэнз жалайр хун тайж 7 хөвгүүндээ Халхын зүүн, баруун гаруудыг хуваан өгч захируулж байв. Зүүн гар нь Туул голын хөвөөнд нүүж суугаад Баруун гар нь Хангайн ууланд хоцорч үлджээ. Гэрэсэнзийн ахмад хөвүүн Ашихай дархан хун тайжид хоёр хөвүүн төрөв. Ахмад хөвүүн нь Буяндарь, удаахнь Түмэндарь бөгөөд Буяндарийн хөвүүн Лайхур Баруун гарын захирагч болов. Лайхур хэдий хан гэгдэх боловч түүнийг үгүй болсны хойно Субадай сая Засагт хан хэмээн нэрлэгдэв. Ийнхүү халхад бараг нэг зэрэг Түшээт хан, Цэцэн хан, Засагт хан гэдэг гурван хан бий болов.
Угсаатны зүйч Д, Гонгор: Халхын баруун гарт Гэрэсэнзийн ахмад хөвүүн Ашихай дархан хун тайж, дэд ховгүүн Ноёнтой Хатанбаатар, зургаадугаар хөвүүн Далдан хөндлөн, 7 дугаар хөвүүн Саму буйма өмчийн 4 хошуу багтжээ. Энэхүү Баруун гар нь Алтай, Хангай уулын хооронд уудам газарт нутагшжээ. Барын гарыг зонхилон мэдэж байсан нь Ашихай дархан хун тайж Хангайн ууланд, ноёнтой Хатанбаатар Тайшируулын хавьд, Далдан хөндлөн Сартаул газарт, Саму ноён Бүс хайрхан уулын хавьд орд өргөөтэй байжээ. Баруун гар нь яваандаа Засагт хан аймгийн суурийг тавьжээ. Баруун гарын 4 хошуунаас Ашихайн өмчинд очсон Жалай, Үнэгэд отог нь “Гурван Улахнуд, таван Хотгойд” хэмээх найман хошууны өвөг дээдэс болжээ. 
Ашихайн хоёрдугаар хүү Түмэндарийн хүү Шолой Убаш тайж, Буяндарийн хөвүүн Лайхур нар ихээхэн нэр нөлөөтэй болж бусдыгаа тэргүүлж явжээ. Гэрэсэнзийн хоёрдугаар хүү Ноёнтой Хатанбаатарын ахмад хөвгүүн Хонгор сэцэн жонон, хоёр дугаар хөвүүн Сайн Бадам Хатанбаатарнарын харъяат албадаас “Таван Бэсүд, хоёр Элжигэн” хэмээх 7 хошуу үүсчээ. Тэдгээр Засаг ноёд нь Хан Хөхийн нуруунаас Говь Гурвансайхан хүртэл Алтай Хангайн хоорондох хөндлөн гулд нутгийг эзлэн суужээ. Гэрэсэнзийн зургаадугаар хөвүүн Далдан хөндлөнгийн өмчилж авсан Сартаулаас “Сэцэн Сартаул” гэж нэгэн хошуу үүсэн нь Сарт уулыг тойрон төвлөрөн нутаглажээ. Гэрэсэнзийн отгон хөвүүн өөрийн эхийн удмын “Хоёр Урианхайн” хэмээх хоёр хошууны өвөг болж тэр хоёр хошуу нь Бүс хайран уул Тонхил, Цэцэг нуурын орчимд нутаглан суужээ хэмээн бичсэн байна.
Засаг хан аймгийн зүүн хэц /хил/ нь Онги, Шаргалзуут, баруун тйиш Хар ус, Элэн нуур, Өмнөтөд Арц, Хар тохой, умартад Түйн голоор савлажээ. Засагт хан аймаг 3 түмэн өрх, 100 мянга орчим хүн амтай гэж тодотгосон байна.
Засагт ханы ширээг хоёрдахь удаагаа дараалан залгамжилсан Эрдэнэ Бишрэлт Засагт хан Субадай 1600 оны орчмоос 1651 онд ханы сууринд сууж, нэг жилийн дараа түүний хүү Засагт хан Норов 1652-1661 он хүртэл засаг барьж байгаад нас барахад түүний ахмад хүү Чуу мэргэн дэд хүү Ванчиг хоёрын дунд Хан ширээний тэмцэл гарч эцгийн орыг булаалджээ. Чуу мэргэн Засагт ханы ноёдын дунд нэр хүнд муутай байснаас Норовын дэд хүү Ванчиг 1661-1662 он хүртэл хан суутал 1662 онд Хотохойдын Лувсанрэнчин хунтайж Ванчигийн өргөөг довтлон сүйтгэж , Норовын ахмад хүү Чуу мэргэнг 1662-1670 онд хан суулгажээ. Чуу мэргэн 8 жил хан суууж Манжийн хааны шахалтаар огцорч Норовын 3-р хүү Цэнгүн 1670-1684 онд хан суухдаа Түшээт ханы ардуудаас дүрвэн очсон иргэдийг мал хөрөнгийн хамт эргүүлж авахаар санал тавихад түүнийг нь цааргалан хайхарч үзээгүйн улмаас Засагт хан, Түшээт ханы тэмцэл үргэлжилжээ. Цэнгүний хүү Шар 1684-1688 онд Засагт ханы ширээг залгамжлан энэ аймгийг захирчээ. 
Энэ цаг үе хүртэл Засагт хан Лайхур, түүний хүү Субадай нарын нэг хүшуу, Шолой Убаш хунтайж, Омбо эрдэнэ нарын нэг хошуу, Ноёнтой Хатанбаатарын үрсээс Төвд Хатанбаатар, Сайн Бадам Хатанбаатар, Цэрэнгомбо Хатанбаатар нарын нэг хошуу, Далдан хөндлөн, Жүнүтэй баатар, Дамба хөндлөн тойн, Сэцэн ахай нарын нэг хошуу, Саму Буйма ноён, Чандмань Сайн Мажиг, Тангад Мэргэн Дайчин, Бунтар дайчин баатар, Мада Зоригт, Тонмог нарын захирсан нэг хошуу, Хонгор цэцэн Жонон, Жонон тойн, Самади Эрдэнэ Жонон, Эрдэнэ жонон Пунцагравдан нарын захирсан нэг хошуу гэж эзэмшил хуваагдсан ч эдшээр ноёд аймгийнхаа хэрэг явдлыг хамтаар хэлэлцэн тогтоохын гадна Хотгойдын Убаш хун тайж, омбо Эрдэнэ ноён нар “Алтан хан” гэж цолтой байж Орос зэрэг улстай бие дааж харилцахаар элч бичиг солилцож байсан ч эдгээр нь Засагт хан амйгийг бүрдүүлж байжээ. 
Засагт ханы нөлөө бүхүй энэ ноёд Түшээт хан, Сэцэн хан аймгийн эрх баригчидтэй хамтран Дөрвөн Ойрадын ноёдын санаачилгаар 1640 оны 8-р сард Манжийн түрэмгийлэлийн эсрэг Халх Ойрадын ноёд эе эвээ нэгтгэх их чуулганыг Ил Тарвагатайн “Улаан бураа “ гэдэг газар хийж “Дөчин, Дөрвөн хоёрын Их цаазын бичиг”ийг батлан гаргажээ. 
Энэ чуулганд: Засагт хан Субадай, Очирбат Түшээт хан, Сэнцэн хан аймгийн чөлөөт том ноёд, Ойрадын Эрдэнэбаатар хун тайж, Хөндлөн Убаш, Хошуудын Гүүш хан хэмээх Төр байх, Тэнгэрэй тойн нар болон Ижил мөрний Хошууд, Торгуудын 28 ноёд төлөөлөгчөөр оролцжээ. 
Засагт хан Субадай хан суусныхаа дараахан Манжийн эсрэг зэвсэг зөрүүлж, тэдэнд дагаар орсон Өвөр монголд довтолж, 1646-1647 онд Өвөр монголын Сүнид аймгийн Тэнгис ван Манжийн дарлалыг эсэргүүцэн бослого гаргаж түүнийг Туул гол хүртэл нэхэж хөөсөн манжийн цэрэгтэй Тэнгисийг өмөөрөн Түшээт хан, Цэцэн хан нар тулалдаж байжээ. Энэ явдлыг Субадай зөв гэж үзэн Манжийн хаанд өөрийн биеэр бараалхаж очихдоо Түшээт хан, Сэцэн хан нарыг өмөөрч байсанбайна. Бас 1650 онд Засагт хан аймгийн харъяат Хотохойдын Омбо Эрдэнэ ноён ан ав хийх далимаар Хөх хотын орчим газрыг довтолж байв. Субадайг бие баржсаны дараа хан суурийг Норов эзэлж хан суухад Манжууд Норов ханыг Эцгийнхээ өмнөөс уучлалт гуйхыг шаардаж Норов 1655. 1657 онуудад өөрийн харъяаны ноёд болох Омбо Эрдэнэ, Бэсүд Эрдэнэ жонон, Сартуулын Дамба хөндлөн тойн нарыг явуулж найрамдахыг айлгасан нь манжийн хааны хатуу шаардлагыг хүлээн зөвшөөрсөн том буулт болсон гэж түүхчид үзжээ. 
Засагт хан Шар болны дараа Түшээт ханыг Манжийн өмнө буун сөндсөн, урвамтхай гэж үзэн ядаж, хань хамсаатайн хайсан Дөрвөн Ойрадын Галдан бошигт хаан, Засагт хан Шартай холбоо тогтоон, ураг барилдаж үүний улмаас Шар, Түшээт хан Чахундоржтой хөндий, элгэмсэг бус харилцах болсон гэж Доктор Д.Гонгор бичжээ. Халхын ноёдын энэ зөрчилдөөнийг далим болгож Манжийн хаан Энхамгалан 1686 онд Заг Байдрагын “Хүрэн бэлчирт” Халхын ноёдыг эвлэрүүлэх чуулганыг зарлан хааны даалгавараар Далай ламаас Төвдийн гандан хийдийн ширээт гавьжийг,Өөлдөд Цэцэг хамыг, сайд Арнайг хурал удирдах хүнээр томилон хуралдуулжээ. 
/Энэ чуулганы цаад зорилго нь халхыг эвлэрүүлэх биш, Халх, Ойрадын хоорондын тэмцлийг хурцатгах тэдний хооронд дайн болтол өдөөх хүсэл агуулж байсан ба хожим тэдний санасанаар ч болжээ /
1687 оны намар Галдан хааны дүү Доржжав 300 цэрэгтэй Засагт ханы нутагт ирснийг далим болгож Түнээт хан Чахундорж хүргэн Лувсангомборавданы хамт 1 түмэн цэрэгтэй Засагт ханд дповтолж Шар, Доржжав нарыг хөнөөжээ. Эндээс л Халх, Ойрадын дан эхлэсэн байна. Засагт хан Шарыг алагдахад Галдан бошигт хан Шарын эхнэр Жалмаа, хөвгүүн Эрх ахай, Баран, Хишиг нарыг Алтай уулын өвөрт түр суулгасан байсан бөгөөд тэд дараа нь Манжид дагаар оржээ.
Энэ завсар Баран нас барж, Шарын дүү Цэвээнжаваас өөр Засагт ханы орыг залгамжлах хүнгүй болсон байна. 
Ингээд Цэвээнжав 1702 онд Засагт ханы ор суужээ. 1691 оны 5-р сард болсон Долон нуурын чуулганы дараа Засагт хан Шарын хөвүүн Хишигийг улсад туслах гүн болгож мөн аймагт хошуу ноён болгожээ. Энэ он жилүүдэд хамгийн их хохирсон нь Засагт ханыхан болж Халх Ойрадын дайны байдал өндөрлөсөн ч Манжийн эрхшээлд 220 жил дарлагдах үүд халга харамсалтайгаар нээгджээ. 
Энэ дайны бодит байдлыг дүгнэсэн гэмээр яриа Галдан ханы элч, Энхамгалан хаан хоёрын дунд болжээ. 
/Галданы элчид: Халх буруугаар явж танай Өөлдөд дарагдаад цөм надад оров. Та нар Халыг нэхэмжилсээр надад халдаар ирээд дарагдав хэмээхүүйд Галданы элч Гэлээ Гүен хариу хэлэхдээ: Халх буруугаар яваад манд дарагдав. Бид Халхыг туулайн ав авлах адил Богд эзэнд барив. Үүнийг санаваас Галдан гавъяатай хүн билээ. Хэмээсэн хойно Энхамгалан хаан их инээв/ гэжээ. 
16-р зууны дунд үеэс 18 дугаар зууны эхэн хагас хүртэл 200 шахам жил Засагт хан аймгийн нутаг баруун тйиш Алтайн уул, Зүүн тийш Хангайн уул,Умартад Енисей мөрний эх Тагна Урианхайн нутаг, Хөвсгөл нуурын эргэн тойрны уулсыг хүртэл хамарсан өргөн уудам нутагтай байжээ. Халх Монгол Манжийн эрхшээлд орсны дараа Засагт хан аймгийн нэлээд газар нутаг, хүн амыг Сайн ноён хан аймагт оруулж Урианхай зэрэг зарим ардыг Улиастай, Ховдын амбан сайдуудын харъяалалд оруулжээ. 
Үүний дараа газар нутгаар томъёолсон “Шастирын хураангуй”-д: “ Өмнөд зүг говийг гатлан Эзэнэ голын хошуу Бар хөл лугаа зах нийлнэ. Баруун зүгт Хар ус, Айраг нуур хүрч, Ховдын хязгаар зах нийлнэ. Зүүн зүгт Онги гол, Шаргалжуутад ойртон Сайн ноён аймаг зах нийлнэ. Умар зүгт Тэс гол өнгөрч Тагна Урианхайд зах нийлнэ” гэж тэмдэглжээ. 
Манжид дагаар орсны дараа Засагт ханаар: Цэнгүний хөвүүн Засагт хан Шарын дүү Цэвээнжав 1701-1732 онд, Жүн ван Пунцагравдангийн хөвүүн Гэлэгямпил 1732-1741 онд, Гэлэгямпилийн хөвүүн Балдир 1741-1770 онд, Бальдарын хөвүүн Цэвээнжалбаа 1771-1791 онд, Цэвээнжалбаагийн хөвүүн Бунираднаа 1791-1823 онд, Бунираднаагийн хөвүүн Манибазар 1823-1840 онд, Манибазарын хөвгүүн Цэрэндэндэв 1840-1877 онд Цэрэндэндэийн хөвүүн Доржпалам 1878-1898 онд, Доржпаламын гурав дугаар хөвүүн Содномравдан 1898-1912 онд, Дожпаламын хоёр дугаар хөвүүн Цэрэнгомбожав 1912-1923 онд тус тус Засагт ханы ширээнд суужээ. Бас 4 аймгий дэргэд 1728 оноос Манж нар Ноёдын чуулган гэж шинэ бүтэц томилон дэд дарга, даргыг Манжийн хааны төрийн бодлогоор томилдог бөгөөд Засагт хан аймгийн Чуулган нь “Заг голын эх Биндэръяа нуурын чуулган”нэтэйгээр анх байгуулагдаж “Заг голын эх, Биндэръяа нуурын чуулганы даргын тамга” хэмээн монгол, хятад хэлээр бичсэн мөнгөн тамгатай байжээ. Энэ чуулган 1911 он Богт хаант Монгол улсын үе хүртэл энэ нэрээр явж байгаад Богд хааны зарлираар “Хан Тайшир уулын чуулган” гэх болж тамганы үсэг нь “Хан Тайшир уулын чуулган даргын тамга” гэсэн үгтэй бичигджээ. Чуулганы даргыг энэ үеээс Богд хаан томилдог байсан бололтой.
Дашрамд хэлэхэд: манай Сартуул хошууны хамгийн сүүлчийн ноён Жалчингомбоцэдэн дайчин бэйс 1913-1921 онд, Хотохойд Цогтоо ван Дамдин-Ашиба 1922-1924 онд тус тус томилогдон ажиллаж байсан байна.
Засагт хан аймгийн нийт хүн амын 26% нь хотохойд, 15% нь сартуул,12% нь урианхай,47 % нь бэсүд, элжигэн, улахнууд овогууд байсан байна.

 

https://www.facebook.com/ishkhuu.gunregjav.7/posts/2293813844278959

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол