Марзан Шарав
Балдуугийн Шарав буюу Марзан Шарав (1869-1939) нь 20-р зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач юм.
Балдуугийн Шарав 1869 онд Засагт хан аймагт (одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сум) малчны хүү болон мэндэлжээ. Тэр уран зураг зурах болсон цагаасаа эхлэн 1890-гаад оны үеийн монгол ахуй, амьдралыг дүрслэхийг чухалчлах болсон байна. Энэ түүний "Монголын нэг өдөр", "Үрс гаргаж байгаа нь" зэрэг бүтээлүүдээс харагдах билээ. Түүнийг Монголын дүрслэх урлагт оруулсан тод томруун хувь нэмрийг цухас дурдвал, гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвисан нь билээ. Зургандаа хүн, амьтан, уул ус зэргийг биетэй мэт болгон харагдуулахын тулд сүүдэр оруулан зурах, өнгөний тод болон бууралталтыг зохицолдуулах зэрэг тухайн үед хэрэглэгдэж байгаагүй шинэ тутам зургийн ур ухааныг гаргадаг байв.
Наймдугаар богд Жавзандамба хутагт, хатан Дондогдулам нарын хөргийг зурсан нь Богд хааны ордон музейд хадгалагдан байгаа. Мөн нэрт найруулагч Д. Жигжидийн найруулсан Өглөө кинонд ардын засгийн даалгавраар оросын удирдагч Лениний хөргийг тэнгэрийн хөх өнгөтэй дэвсгэр, бадамлянхуа цэцэг, хувьсгалт тэмцлийн монгол оросын найрамдлыг бэлгэдсэн хоёр улаан тугийн хамтаар дүрслэн харуулсан байдаг билээ. 1921 онд бүтээсэн энэхүү "Ленин" хэмээх зураг нь өдгөө Монголын уран зургийн галлерейд дүрслэх урлагийн өв болон хадгалагддаг билээ.
Ардын засаг ялахын өмнөх үеүдэд бурангуй байдалт ноёдыг элэглэн олон олон хошин зураг зурсан ажээ.