📅

В.Путинтэй үзэлцэж байгаа ганц хүн

🕔 2019/08/15 12:43

Хойд хөршийн сөрөг хүчний удирдагч, Кремлийн шүүмжлэгч, "Ирээдүйн Орос” намын тэргүүн Алексей Навальныйг В.Путинтэй үзэлцэж байгаа ганц хүн гэдгээр нь дэлхий андахгүй болжээ. Тэр Нэгдмэл Орос намын бодлогыг эрс буруушаагч. Нэг удирдагчийн дарангуйллаас Орос орон гарах ёстой гэж үздэг улс төрийн зүтгэлтэн. Маш олон жагсаал зохион байгуулж, баривчлагдаж байгаа намтартай. Саяхан гэхэд л тэр москвачуудыг эсэргүүцлийн жагсаалд уриалсан гэх шалтгаанаар 30 хоногийн хугацаатай баривчлагдсан юм. Москва хотын сонгуульд сөрөг хүчний улстөрчдийг бүртгэж аваагүй гэсэн шалтгаанаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг уншигчид санаж байгаа байх. Хоригдож байх хугацаанд Навальныйгийн нүүрээр тууралт гарч, эмнэлэгт хүргэгдсэн. Хэвлэлийн төлөөлөгчид нь түүнийг ямар нэгэн бодист хордсон байж болзошгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

2012 онд түүнийг "Wall Street Journal” В.Путины хамгийн их айдаг хүн гэж тодорхойлсон байдаг. Тэр 1976 оны зургадугаар сарын 4-нд ОХУ-ын Москва хотын Одинцовийн дүүрэгт байрлах Бутинь хэмээх цэргийн хотхонд төржээ. Москвагаас 100 бээрийн зайд орших Обнинск хотод өссөн боловч зуны амралтаараа Украинд байх эмээгийндээ очдог байж. Тиймээс түүнийг Украинтай салшгүй холбоотой хэмээдэг. Хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Улс түмний эв найрамдлын сургуулийн хуулийн факультетийн төгсөгч. ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид сурч санхүүгийн мэргэжил эзэмшиж байжээ. "Yale World Fellows” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Йелийн их сургуульд зургаан сарын курст сурч байж.

Эхнэр, хоёр хүүхэдтэй. Түүний аав, ээж Анатолий Навальный, Людмила Навальная нар Москва мужийн Кобяково тосгонд 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй сагс нэхэх үйлдвэрийн эзэд. Навальныйгийн хувьд дампуурлаа зарласан маш олон үйлдвэр, аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгосон туршлагатай. Энэ түүх нь Оросын сөрөг хүчний удирдагчийг мөнгө угаах гэмт хэрэгт хардах шалтгаан болсон нь бий. Тэр 2008 онд "Транснефть”, "Сургутнефть”, "Роснефть”, "Газпромнефть” зэрэг томоохон компаниудын хувьцааг худалдаж авч, компанийн удирдлагын түвшинд эрх мэдлийг гартаа авахаар шаргуу оролдож байжээ.

Невальный улс төрийн гараагаа ОХУ-ын ардчилсан үзэлт нам болох Оросын "Яблоко” намаас эхлүүлж 2000-2007 он хүртэл тус намын удирдагч байж. Дараа нь намаасаа гарч үндэсний ардчилсан хөдөлгөөн "Народ”-ыг үүсгэн байгуулжээ. 2009 оны гуравдугаар сараас авлигын эсрэг хүчтэй тэмцэн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлснээр хэвлэл мэдээллийнхний хараанд өртөж, улс төрийн хүрээлэл дундаа зартай нэгэн болж. Тэрээр шинэчлэлийг дэмжиж, улс төрийн авлигыг эсэргүүцэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон холбоотнуудыг нь ил цагаан шүүмжилдэг. Оросын сөрөг хүчний удирдагч байгаад буудуулж нас барсан Борис Немцовын үхлийг Оросын эрх баригчидтай холбохоос ч айдаггүй. Немцовоос хойш Оросын төр засгийн тогтолцоог хайр найргүй шүүмжлэгч болсон юм.

Түүнийг интернэт орчинд youtube-ээр хоёр сая гаруй хүн тогтмол үздэг бол твиттер хуудсандаа мөн л хоёр сая гаруй дагагчтай. Навальный Оросын төрийн албан тушаалтнуудын авлигын талаарх видео бичлэг, баримт бичгийг нийтлэх, улс төрийн жагсаал зохион байгуулах, албан тушаалын төлөөх кампанит ажлаа сурталчлах зорилгоор блогоо идэвхтэй хөтөлдөг. YouTube, твиттерийг ч ашигладаг. Тэрээр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч идэвхтэй ажилладаг. 2011 онд радиод өгсөн ярилцлагадаа Оросын эрх баригч нам болох Нэгдсэн Оросыг "хууран мэхлэлт, хулгайч нарын нам" хэмээн тодорхойлсон нь Невальныйг олны хараанд оруулсан юм. Тэрээр мөн ондоо "Авлигатай тэмцэх сан”-гаа байгуулсан байдаг. Тус сан нь Оросын нутаг дэвсгэр дээрх хамгийн нөлөө бүхий томоохон байгууллага болоод буй. Санхүүжилтийн хувьд шилэн гэж зарладаг ч өнөөг хүртэл хаанаас санхүүжилтээ авдаг нь тодорхойгүй байдаг аж.

Навальныйг Оросын эрх баригчид олон удаа баривчилж байжээ. 2011 онд түүнийг залилангийн аргаар хөрөнгө оруулалт олсон хэмээн буруутгаж, таван жилийн хорих ял оногдуулсан ч хэлэлцээ хийж ялаас мултарч чаджээ. Тухайн үед Оросын ард түмэн болон дэлхий нийт энэхүү хэлэлцээрийг улс төрийн тохироо гэж шүүмжилж байлаа. Энэ хандлагын дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "ойлгомжгүй хэрэг” гэсэн үг унагаж байжээ.

2012 оны долдугаар сарын 30-ны өдөр Мөрдөн байцаах хорооноос Навальныйг хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгав. Түүнийг Киров мужийн захирагч Никита Белыхын зөвлөхөөр ажиллах үедээ тус мужийн төрийн өмчит компани болох Кировлесээс мод хулгайлахаар хуйвалдсан гэж буруутгаж байсан юм. Гэвч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр хэргийг хаажээ. Гэсэн ч тухайн үед түүнийг Москвагаас гарахыг хориглосон шийдвэр гаргаж байж. Энэ хэргийг Навальный өөрөө "хачин ойлгомжгүй зүйл” хэмээн тодорхойлсон нь бий. Түүнийг дэмжигчид цагдаагийн газрын гадаа уг шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байсан түүх бас байгаа.

2008-2012 оны хооронд Францын "Ив Роше” компанийн охин компани болох "Ив Роше Восток”-ийг төрсөн дүү Олег Навальныйтайгаа хамтран ажиллуулах гэрээ хийжээ. 2012 оны арваннэг, арванхоёрдугаар сард Мөрдөн байцаах хороо "Ив Роше Восток”-ийг байцааж, Навальныйг дүүтэйгээ хамтарч мөнгө угаасан хэрэгт буруутгав. Түүнийг шүүх хурал хүртэл гэрийн хорионд оруулж байв. Тухайн үед Навальный Европын хүний эрхийн хороонд хүсэлт илгээсэн боловч үр дүнгүй байсаар 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд шүүх хурал нь зарлагджээ. Ах дүү хоёрыг тус тус 3.5 жил хорих ялаар шийтгэн, 4.8 сая рублиэр торгож байлаа. Шүүх хурал болсон орой нь Москва хотын төвд хэдэн мянган эсэргүүцэгчид цугларсан нь томоохон шуугиан тарьсан юм. Давж заалдах шатны шүүхээр орсны дараа зөвхөн Алексейг торгуулийн ялаас мулталжээ. 2017 оны аравдугаар сард Европын хүний эрхийн хорооноос Оросын шүүхийн шийдвэрийг Хүний эрхийн тухай Европын конвенцын 6,7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзжээ.

Тэр 2013 онд Москва хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж Сергей Собянинд ялагдаж байжээ. Навальный болон түүний дэмжигчид сонгуулийн дүнтэй санал нийлсэнгүй. Луйвар орсон хэмээн мэдэгдэж Москва хотын Чистопруд өргөн чөлөөний орчимд жагсаал зохион байгуулж байв. Ингэж эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр 15 хоног хоригдох ялаар шийтгүүлж байлаа.

2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд Навальный Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв. "Экономист” сэтгүүлд "Алексей Навальный сонгуульд өрсөлдөх нь В.Путины хувьд маш том эрсдэл болно” хэмээн бичиж байж. Навальный ба түүний "Авлигатай тэмцэх сан”-гаас ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн их хэмжээний эд хөрөнгийн тухай баримтыг олсон талаар өгүүлэх "Он нам не Димон” нэртэй баримтат киног 2017 оны гуравдугаар сард олон нийтэд цацжээ. Энэ явдлын дараа Медведевийн нэр хүнд огцом унаж, сөрөг хүчин болон Оросын эрх баригчдын дундах тэмцэл улам хурцадсан юм. Үүний дараахан буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр "Авлигатай тэмцэх сан”-гийнх нь байрны гадаа үл таних этгээдүүд Навальный руу халдаж, ногоон өнгийн бодис нүүр рүү нь цацсанаар нэг нүд нь 80 хувийн хараагаа алджээ. Тэрээр энэ халдлагыг Кремлийн зүгээс ирсэн гэж мэдэгдэж байж.

Тэр жилийнх нь зургадугаар сард түүнийг Москва хотод эсэргүүцлийн жагсаал зохиосон гэх үндэслэлээр 30 хоног баривчлаад, 25 хоног хорьсны эцэст суллажээ. Гэсэн ч аравдугаар сарын 2-нд Навальный муж улсын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн жагсаалд оролцохыг ард иргэдэд уриалсан хэргээр дахин 20 хоног хоригдов. Түүнийг Киров мужийн хэргээр дахин буруутгасан нь сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх олон аргынх нь нэг байсан гэдэг. Ингээд арванхоёрдугаар сард Сонгуулийн хорооноос түүнийг авлигын хэрэгт буруутган Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Оросын Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдсан ч 6-ны өдөр нь ОХУ-ын Дээд шүүх түүний давж заалдах хүсэлтээс татгалзав. Тэр уг шийдвэрийг эсэргүүцэн сонгуулийг бойкотолъё хэмээн иргэдийг уриалсан ч баривчлагдаж, орон даяар 257 хүн мөн л баривчлагдсан гэх мэдээ бий. Тавдугаар сарын 5-нд В.Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн жагсагчдын дунд тэрээр бас л байсан юм. Яг тэр өдрөө баривчлагдаж 30 хоног хоригдсон юм. 2018 оны есдүгээр сарын 25-нд суллагдсан даруйдаа хууль бус жагсаал зохион байгуулсан хэргээр дахин баривчлагдаж, 20 хоног шоронд хоригдов.

2019 оны Москва хотын Думын сонгуулийн үеэр Навальный бие даан нэр дэвшигчдийг дэмжиж байсан ч тэдний ихэнхийг сонгуульд оролцохыг хориглосон нь олон нийтийн гудамжны эсэргүүцлийг үүсгэсэн юм.

Дэлхий нийт В.Путин, А.Навальный хоёрын тэмцлийг ажиглаж байгаа эдгээр өдрүүдэд тэр шоронгоос гарч орсоор байна. Түүнийг өрнөдийнхний дэмжлэгийг авдаг гэх хардлага одоо нууц биш болчихсон. Америкийн тагнуул гэж үзэх хэсэг ч байдаг. АНУ-ын Йелийн их сургуульд сурахад нь л ийм яриа газар авч байв. Кремлийн шүүмжлэгч, авлигын эсрэг тууштай тэмцэгч Алексей Навальный олон удаа халдлага баривчилгаанд өртөж, гүтгүүлж хоригдож торгуулсан ч бууж өгөхгүй цаашид ч кампанит ажлаа үргэлжлүүлэх болно хэмээн дэмжигчдээ уриалдаг. Оросууд түүнийг ард түмнээс төрсөн удирдагч гэж хүндэлж дэмждэг. Хойд хөршид сөрөг хүчний үйл ажиллагаа газар аван идэвхжиж, өдөр ирэх тусам дэмжигчид мянга мянгаараа нэмэгдэж буй нь В.Путины толгойны өвчин болоод байгаа юм. Кремлийг эсэргүүцэгчдийн жагсаал тасрахгүй, сөрөг хүчний удирдагч Навальный ч бууж өгөх янзгүй байна.

А.Мөнхзул

Эх сурвалж: Өдрийн сонин 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол