Хакухо М.Даваажаргалын 17 намар буюу 1050 дахь даваа
Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өчигдөр өндөрлөлөө.
Тус башёд Монголын сумоч их аварга Хакухо М.Даваажаргал 14 даваа 1 унаатайгаар түрүүллээ. Тэрбээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 39 дэх удаагаа түрүүлсэн нь энэ байлаа. Тэмцээний хамгийн сүүлийн өдөр нутгийн сумоч, их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой барилдаж ёритауши мэхээр ялалт авсан юм. Мөн тэрбээр сумо бөх барилдаж эхэлснээсээ хойш 1050 даваа авсан нь бүх цаг үеийн түүхэнд нэгт орох амжилт болжээ.
Өдгөө 32 настай их аварга маань уг рекордыг тогтооход 17 жилийг зарцуулсан байна. Энэ нь өмнөх рекорд эзэмшигчидтэй харьцуулахад харьцангуй бага хугацаа юм. Уг түүхэн амжилтыг эзэмшиж байсан озеки Кайо 1047 даваа авахын тулд 23 жил барилдсан бол 1045 даваатай Чиёнофүжи аварга 21 жилийг зарцуулсан байна. Мэргэжлийн спортын хувьд оргил үедээ явж байгаа их аварга маань одоо зодог тайлах хүртлээ өөрийнхөө рекордыг ахиулахаар болж байгаа юм.
Тэрбээр сумо бөхөд 2001 оны гуравдугаар сарын башёд анхныхаа барилдааныг хийж байсан бол, 2004 оны тавдугаар сард дээд зиндаанд анх барилдаж байлаа. Харин ёкозуна цолтойгоор 2007 оны долоодугаар сарын башёд барилдаж байсан юм. Тэгвэл үүнээсээ яг арван жилийн дараа түүхийг шинэчилсэн башёг үдсэн байна.
Хакухо нийт замналдаа 1050 даваа 219 ялагдал гэсэн үзүүлэлттэй бөгөөд 58 барилдааныг гэмтлийн улмаас өнжиж байсан байна. Үүнээс дээд зиндаанд 956 даваа 171 унаатай байгаа юм. Түүний 956 даваа нь ч дээд зиндаанд хамгийн олон давсан рекорд амжилт юм. Нийт сумо бөх сонирхогчид болон Монголчуудынхаа өмнөөс их аваргынхаа амжилтад халуун баяр хүргэе.
Б.Энх-Амгалан
http://www.shuud.mn/content/read/486139.htm