📅

Орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болъё

🕔 2017/07/25 12:46

Зам дагаж хөгжил ярьсаар олон жилийг үджээ. Сүүлийн арав, хорин жилд аймаг, нийслэлээ холбосон зам татахаа л бодсоноос биш хүнийхээ хэрэгцээ шаардлагыг  ер тоосонгүй. Улс орны хөгжлийг уул овоо мэт томоор төсөөлөхийн оронд урдаа байгаа жижигхээн хэрэгцээг олж харахгүй явж ирсний тод  жишээг энд тэмдэглэе.  Тухайлбал, хол зам туулж байгаа хүмүүсийн хамгийн наад захын хэрэгцээ, шаардлага юу вэ гэдгийг бодож үзсэн үү.

 

Мянган бээрийн газарт ачааны машин дээр эсгий дэвсээд арав гаруй  хоног явдаг байсан үеийг бодоход цаг үе өөр болсон. Сүүлийн арваад жилийн дотор гэхэд паз автобусыг том оврын тохилог тээврээр  сольж, зөөлөн суудалтай налдаг сандал дээр зурагт үзсэн шиг зугаатай явна. Мөн халуунд нь эйр кондейшн, хүйтэнд нь халуун пааранд бөөцийлүүлээд алжаах зүйлгүй зам туулна.  Тэр бүү хэл иргэдийн аюулгүй байдлыг  хангахын тулд хот хоорондын тээврийн бүх автобусуудад хурд хэмжигч байршуулж  Автотээврийн Үндэсний төвөөс байнга хянаж байна. Хурдыг  70 км цагаас хэтрүүлэх юм бол жолооч нарын эрхийг хасах мэтээр хариуцлагын асуудлыг ягштал мөрдүүлж буй.

 

Энэ мэтээр дэвжин дээшилж байгаа нь сайшаалтай боловч бизнесээр бол хаан мэт хүндлэгдэх ёстой зорчигчдын биеэ суллах шаардлага л орхигдоод байгаа юм. Он цаг улиравч хол зам туулж яваа зорчигчид зогссон газрынхаа хаана ч хамаагүй хормойгоо бариад бэлчдэг байдал бахь байдгаараа. Биеэ суллах гэж автобусны жолоочоос мөргөж сөгдөх шахуу гуйдаг байсан үе бий. Жолооч дургүйдээ биш зориулалтын бие засах газар байхгүйгээс төвөгшөөдөг байсан биз. Арга ч үгүй нэг автобусаас нэгэн зэрэг 40-45  хүн  "асгараад” хэдэн тийшээ бэлчээд явчихаар хэнд ч зохимжгүй.  Эмэгтэйчүүд нь дээлээ нөмгөн нөмрөөд сайр, жалга барааддаг бол эрчүүд нь замын хажуу гээд хаана таарсан газраа биеэ суллачихна. Ялангуяа идсэн уусан ундааны сав лааз, чихрийн цаасаа автобусны цонхоор юм уу буугаад суухдаа байсан газартаа үлдээгээд явах нь хариуцаж яваа хүндээ ч чирэгдэлтэй. Ийнхүү 1000 км явахад хамгийн багадаа таван удаа зогслоо гэхэд 40-45 хүний баас, шээс, уут, сав буусан газрынхаа байгальд ямар ч хяналт, шүүлтүүргүй үлдэнэ.  Уг нь иргэд мөнгө төгрөгөө хангалттай төлж буй. Жил ирэх тусам тээврийн зардал нэмэгдээд байхаас биш аян замд аятайхан ч биеэ суллачих боломж нөхцөл алга. Үүнээс үүдээд хол замд явж байгаа хөгшин, залуу хүүхэд хөвөөгүй  гэдсээ мэдэж, давсгаа чангалахаас аргагүйд хүрнэ.

 

Энд багахан тооцоо бодож үзье. Өдөрт 71 чиглэлд 215 тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьдог. Нэг автобусанд 45-50 хүн сууж явна гэвэл өдөрт 10750 хүн орон нутгийг зорьж байна. Харин Автотээврийн үндэсний төвөөс авсан албан ёсны тоо мэдээгээр ачаалал багатай үед өдөрт 3000 орчим зорчигчид үйлчилдэг гэхээр ирж очихын 6000 болж таарах нь. Харин баяр наадмын үеэр энэ тоо хоёр дахин өсдөг байна. Тэгэхээр бараг дээрх арван мянга гэсэн тоотой таарч байгаа юм. Дээр нь амин хувийн болон албаны машинаар явж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэнэ. "Авто тээврийн үндэсний төв”-ийн нийтийн тээврийг хариуцсан ахлах ажилтан н.Энхбат "Орон нутгийн зорчигч тээврийн автобусаас гадна хувийнхаа тээврээр явдаг хүмүүс их бий.  Өнгөрсөн жил бид давхардсан тоогоор 2.1 сая зорчигч тээвэрлэсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1180000 зорчигч тээвэрлээд байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 12.5 хувиар өссөн үзүүлэлт. Тасалбараа зөвхөн кассаар дамжуулж борлуулдаг байсан бол үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор 2015 оноос хойш онлайн захиалгыг нэвтрүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө. Тиймээс энд нэг л зүйлийг хэлэхэд өдөрт орон нутгийг зорьж байгаа 10 мянган хүний ялгадас зориулалтын зогсоолгүйн улмаас байгаль бохирдуулж байна. Түүнчлэн төвлөрсөн хогийн цэггүй учир уусан ундаа, идсэн чихэр, хэрэглэсэн цаас сальфеткаа зам дагуу хаядаг. Ядаж Сэлэнгэ, Дарханы чиглэлд явахад буудалладаг Урьхан шиг зогсоолтой бол тал хэсгийнх нь асуудлыг шийдвэрлэнэ гэхсэн.

 

Даанч баруун, зүүн аймгууд руу явах замд бие засах газар, хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэсэн зориулалтын зогсоол нэг ч байхгүй. Замын гэр гуанзуудад бууж цайллаа гэхэд хэдэн арваараа модон жорлонд дугаарлана. Нурж унах дөхсөн модон жорлон зуны улиралд ялаа шумуул шаваад, үнэр танар гэж хүн ойртох аргагүй. Тиймээс орон нутгийн замд ядаж 100 км тутамд жорлон, хогийн сав, амарч тухлах зоогийн газар зэргийг багтаасан зориулалтын зогсоолтой больё. Энэ асуудлыг шийдвэрлээгүй цагт мянга түмэн удаа хог хаягдал, цэвэр цэмцгэр байх талаар яриад нэмэргүй. Бид орон нутгийн замд зориулалтын зогсоолтой болох асуудлыг үргэлжүүлэн хөндөж, албаны хүмүүсийн байр суурь гарц шийдлийг танилцуулж, газар дээрээс нь сурвалжлах болно.

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.Уянга

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол