📅

Мандатаа манасан улстөрчид малчдад хайр зарлаад эхэллээ

🕔 2019/10/15 18:41

2019.10.11

Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах агуулга бүхий хоёр ч хуулийн төслийг гишүүд “овог, бүлээрээ” долоо хүрэхгүй хоногийн зайтай УИХ-д уламжлаад байна. Хачирхалтай нь, энэ хоёр төслийн агуулга нь агаар нэг. Гэтэл Засгийн газраас ч хуулийн төсөл боловсруулан бэлэн болгож, үүнтэй төстэй зохицуулалтуудыг хуульчлахыг зорьж буйгаа мэдэгдээд амжсан.

Эхлээд буюу энэ сарын 5-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн “эзэд” нь Завханаас сонгогдсон З.Нарантуяа, Хэнтийн Б.Бат-Эрдэнэ, Булганы Ж.Бат-Эрдэнэ, Архангайн хоёр болох Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар.

Удаах нь болох Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн “автор” нь Дорнодоос сонгогдсон Х.Болорчулуун, Ховдын О.Батнасан, Орхоны Д.Дамба-Очир, Өвөрхангайн Я.Содбаатар, Баянхонгорын Л.Элдэв-Очир, Өмнөговийн Л.Энхболд гэх зэрэг 24 гишүүн. Мал хулгайлах гэмт хэрэгт ногдох ялыг чангатгах энэхүү гарамгай үйлсэд одоогоор хөдөөнөөс сонгогдсон, нийт 29 гишүүн гар бие оролцох гэж байгаа нь энэ. Малын хулгайн талаар хөндөж буй учраас магад “хөдөөний” гишүүд сэтгэл чилээж таарна. Энэ удаагийн парламентад аймаг, орон нутгаас сонгогдсон 47 гишүүн (Д.Гантулгыг тооцохгүй) бий. Үүнээс 29 нь хэдийгээр хоёр тусдаа төсөл санаачилсан ч “сүүлгүй боохой”-нуудад “дайн зарлаж” байгааг нь харахаар малчдын өмнөөс сэтгэл хөдөлмөөр ч юм шиг. Үлдсэн 18 нь удахгүй өөр өөрсдөө, эсвэл хэд хэдээрээ дээрхтэй адил төсөл өргөн баривал гайхах хэрэггүй. Сая ухаарсан мэт саймширч гүйлдэх нь аргагүй, тэд.

2019.10.05

Учир нь хууль тогтоогчид ийн хөл алдах шалтгаан, нөхцөл бүрдээд хэдэн жилийн нүүр үзэж буй. 2017 оны тавдугаар сарын 11-нд баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд уг хуулийн 17.12 дугаар зүйлийн дагуу наймаас дээш тооны бод, 24-өөс дээш тооны бог хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, дээрх тооны бод, бог хулгайлсан тохиолдолд нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулах зохицуулалт Эрүүгийн хуульд буй. Мал хулгайлсан гэмт хэрэгтэнд ногдуулах ялын хэмжээг ингэж бууруулснаар “сүүлгүй боохойнууд” ял завшиж, улмаар энэ төрлийн хэрэг өсөж байгаа.

Тавдугаар сард баталж, мөрдсөн эл зохицуулалтаас болж мал хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх оноос даруй нэмэгдсэн нь оны эцсийн дүн, мэдээллээс илт харагдана. Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалт тохиромжгүй, муу байгааг малчид ч, цаасан дээрх тоо ч хэлж ирсэн. 2019 оны эхний улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өссөн дүн аж. Мэдээж энэ бүхнийг түшээдэд тойргийнхон нь уламжилсан. Тэд сонссон. Харамсалтай нь, сонгуулийн өмнө, одоо л олноороо оноо цуглуулах хөзөр болгон дэлгэж буй нь энэ. Энэ хооронд хэдэн хулгайч ял завшиж, хэчнээн малчин хохирсон бол. Шүүхийн практикаас харахад цөөн тооны мал хулгайлсан этгээдэд хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээлгэх нь түгээмэл байгаа бөгөөд энэ төрлөөр шийтгүүлсэн этгээдүүдийн дийлэнх нь малчинд учруулсан хохирлоо нөхөн төлөлгүй, малаа алдсан иргэд хохирч буй.

Юутай ч мал хулгайлсан гэмт үйлдэлд ногдуулах хариуцлагын хэмжээг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар зааглахаар дээрх төслүүдэд тусгасан байна. Ингэхдээ мал хулгайлсан этгээдэд заавал эрүүгийн хариуцлага ногдуулахаар заажээ. Мөн хүндрүүлэх нөхцөлтэй бол хорихоос өөр төрлийн ял ногдуулж буйг өөрчилж, илүү тодорхой болгон, ялыг ялгамжтай ногдуулах гэнэ. Мөн “олон тооны мал” (24 бог, найман бодоос дээш, богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно)-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэж байгаа бөгөөд ингэж хавтгайруулж заасныг хасах нь. Жишээ нь, Зөрчлийн тухай хуульд “Мал хулгайлсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 240-250 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 7-30 хүртэл хоног баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн зүйлийг нэмэхээр тусгажээ. Түүнчлэн учирсан хохирлыг нь барагдуулах зохицуулалт бий болгох юм байна.

Ойрын өдрүүдэд ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогын баримт бичгүүдийг баталж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхээ шийдчихвэл амьдралаас урган гарсан энэ хуулийг батлах тийм ч түвэгтэй биш. Батлах хүртлээ “Малын хулгайчид ногдуулах ялыг чангатгах хуулийн төсөл санаачилсан шүү” гэж баахан ярина. Үүний тулд л хоёр тусдаа хуулийн төсөл санаачилсан биз. Дараа нь баталсан хуулиа “Би хуулийн төсөл санаачилж байж батлуулсан” хэмээн бүгд сайрхана. Ерөөс ингэж ярих гэж л энэ хуулийн төслийг хоёр жил хав дарсан хойно, яалтай ч билээ.

Цаашлаад мандатаа манасан улстөрчдийн малчдад барих “бэлэг”-ийн цуваа олон хачирхалтай зүйлсээр хөврөх биз. Үе үеийн улстөрчид ингэж л явж ирсэн. Мал аж ахуйн эх орон гэгддэг Монголын улстөрчид сонгууль дөхөхөөр л гэнэтийн бэлгээ задалдаг нь нууц биш. Түрүүчийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах тийшээ хандаж, сонгууль хаяанд ирсэн үед тухайн үеийн эрх баригч АН-ынхан баахан “сайн” тодотголтой хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм даг. Тэдгээрийн нэг нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид, фермерийн орлогыг нэмэгдүүлэх “Сайн малчин” хөтөлбөр. Үүний хүрээнд малчны зээлийн хүү жилийн бараг 30 хувь байсныг арав, арван хувиар даруй хоёр удаа буюу бараг гурав дахин бууруулсан санагдана.

Уг нь хүн амын талаас илүү нь нийслэлд аж төрж буй. Тиймээс ч бүх ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ-ын 76 гишүүний ядаж талыг нь Улаанбаатараас сонгох ёстой гэх шүүмжлэл үе үе өрнөдөг ч тэгсхийгээд намддаг. Учир нь өнөөдрийг хүртэл хөдөөнөөс сонгогдсон гишүүд хууль тогтоох байгууллагад жин дарж ирсэн. Энэ удаагийн УИХ-д гэхэд л гишүүдийн 40 хүрэхгүй хувийг нийслэлээс сонгогдсон түшээд бүрдүүлж байна. Тиймээс манай малчид мооднос гартлаа хол. Улстөрчдийн амлалтын гол бай байсан хэвээр үлдэнэ. Иймд малчид, ер нь манай нийт сонгогчид улайм цайм сонгууль “ханхлуулаад” байгаа итгэл үл төрүүлэх амлалт, ярианаас аль болох болгоомжлох ёстой. Сонгогчдоос санал авах гэж сайхан зүйл ярьж, түүнийгээ албажуулан шийдвэрлэсэн болгох гэж хөнгөн хуумгай хандан, хөрөнгө мөнгөөр “зодож”, хүчээр хэрэгжүүлэх гэдэг нь аль ч сонгуулийн өмнө моодонд ордгийг хэзээ ч мартаж болохгүй.

Б.Номин

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол