📅

Тонхил сум спорт авиралтын төвтэй боллоо

🕔 2019/10/21 12:46

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийн Олимп спорт авиралтын төв аравдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд МҮОХ-ны хяналтын зөвлөлийн дарга МУҮХ-ны хүндэт Ерөнхийлөгч бөгөөд зөвлөх, МУГД, ОУХМ Ж.Баянцагаан, МУГТ ОУХМ Б.Гангаамаа, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын хэлтсийн дарга О.Баттулга болон Говь-Алтай  аймгийн албаны бусад хүмүүс “Сутайн бор” клубийн үе үеийн төлөөлөл тамирчид оролцсон юм.

“Сутайн бор” клубийн ерөнхий захирал, Уулын спортын мастер Х.Нямдоо нээлтийн үеэр “Та бид эл өдөр уулын спортын хөгжилд түүхийн нэгэн шинэ хуудас нээж байна. Тонхил сумын уугуул, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн Олимп спорт авиралтын төвийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, үе үеийн тамирчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олимп спорт авиралтын төв нь зөвхөн Тонхил сум төдийгүй баруун бүсийн аймгуудын хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжлийг сайжруулах, спортын амжилтыг ахиулахад тус дэм болоосой хэмээн бид ихэд найдаж буйн зэрэгцээ мэдэх, чадах бүхнээ харамгүй хуваалцаж хамтдаа хөгжихийн төлөө зүтгэцгээхийг уриалж байна” хэмээсэн юм.

Нээлтийн үеэр “Сутайн бор” клубийн тамирчид спорт авиралтын эрэгтэй хос, эмэгтэй хос холимог хурд, мөсөнд авиралтын хурдны төрлийн авиралт хийж олон нийтэд сонирхуулсан бол МУГД, ОУХМ Ж.Баянцагаан нээлтэд оролцогчдод “Уулын спортын хөгжил” сэдвээр илтгэл тавьж, МУГТ, ОУХМ Б.Гангаамаа сурагч багачуудад сонирхолтой яриа хийж тэдний сонирхсон асуултад хариулж арга туршлагаа хуваалцлаа. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол