Н.Эрдэнэсувд: Сурагчдын хичээл сургалтын орчинг маш сайн бүрдүүлэх нь чухал
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш Н.Эрдэнэсувдтай ярилцлаа.
-Монгол хэл, бичгийн багшаар хэддэх жилдээ ажиллаж байна. Эх хэлний хичээлд хүүхдүүд хэр дур сонирхолтой байдаг вэ, тэдэнд зааж сургахад хүндрэлтэй зүйл тохиолддог уу?
-Миний тухайд монгол хэл бичгийн багшаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Сурагчдын хичээл сургалтын орчинг сайн бүрдүүлэх нь чухал санагддаг. Түүнчлэн хичээлд ашиглах ном сурах бичгийн хүрэлцээ болон эцэг эхийн нөлөөлөл маш чухал ач холбогдолтой. Долоо хоногт хичээллэх цаг богино, багш бид хичээлийн багахан цагтаа их мэдлэг өгөх зорилгоор хичээлээ аль болох сонирхолтой явуулахыг хичээдэг.
-Монгол бичгийг сурахын ач холбогдлыг хүүхдүүд хэрхэн ойлгуулдаг вэ, арга туршлагаасаа сонирхуулбал?
-Эх хэл, түүх соёлоороо бахархах, эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол хүн болж төрсөндөө омогших үзэлд хөтлөх нь нэн чухал зүйл юм. Сурагчдад эртний уран зохиолоос хөрвүүлэн уншиж өгч тэдний анхаарлыг нь татаж би заавал сурмаар байна гэсэн хүсэлтэй болгох, ялгаатай байдлыг нь харгалзан хичээлийн бус цагаар нэг бүрчлэн давтлага өгөх, сурагч нэг бүрт чадна гэсэн итгэл төрүүлэхийг сургалтын үйл ажиллагаандаа баримталдаг даа.
-Монгол бичгийн сурах бичиг хэр хүрэлцээтэй байна вэ. Сургалтын хэрэглэгдэхүүнд сурах бичгээс өөр юу ашиглаж байна?
-Хичээл сургалт явуулахад багш сурагчид аль алинд нь чухал зүйл бол сурах бичиг юм. Энэ нь бидэнд тулгамдаж буй гол асуудал, хүрэлцээ маш хангалтгүй байдаг. Тиймээс заах сэдэвтэйгээ холбогдуулан тарааж өгөх материал, гарын авлагыг хүүхдэд хүрэлцэхүйц тоогоор бэлддэг.
-“Хүмүүн бичиг” сонинг сургалтдаа хэр ашиглаж байна. Сурах бичгийн хүрэлцээ муу байгаа үед энэ сонин чухал үүрэг гүйцэтгэх боломжтой санагддаг?
-“Хүмүүн бичиг” сонинг нэг ангиас 10 хүрэхгүй сурагч захиалж уншдаг. Хармсалтай нь бид хүүхэд бүрийг захиал гэж шахаж шаардаж болохгүй. Сониноо захиалахыг байнга уриалдаг. Хичээл сургалтдаа хайчилбар хэлбэрээр бэлдэж тарааж өгөх материал болгон ашигласаар ирсэн, үр өгөөж сайтай сонин.
-Мэдээж сайн багшаас сайн шавь төрөн гардаг гэдэг. Таны тухайд боловсролын салбарт нэлээн хугацаанд ажилласан байна. Өөрийн гарын шавиа бэлтгэж уралдаан тэмцээнд сорьдог байх?
-Анги нийтээр нь болон ганцаарчлан бэлдэж хэд хэдэн уралдаанд амжилт үзүүлсэн. Сурагчдыг ангиар нь хамруулсан олимпиад, уралдаан маш үр өгөөжтэй, үр дүнд нь хүүхдүүд хурдан уншиж, бичихдээ бие биеэсээ суралцаж хамтран ажиллаж чаддаг.
-Аймгийн боловсрол соёл урлагийн газраас Монгол хэл, бичгийн багш нараа хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
-Манай аймгийн монгол хэл, бичгийн сургалт харьцангуй сайн, жил бүр ЭЕШ-д дээгүүрт жагсдаг. Энэ жил л гэхэд гуравт орсон нь нэг тод жишээ юм. Багш нарын ур чадварт анхаарч ажилладаг. Гурван жилийн өмнө ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт 40 гаруй багш явж туршлага судлаад ирсэн. Үр дүнд нь мэдээж сурагчдын сурлагын чанарт ахиц гарч байгаа.
-Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох шийдвэр батлагдсан. Мэдээж үүнд багш та бүхний оролцоо хандлага маш чухал үүрэгтэй шүү дээ?
-Тиймээ аливаа зүйлд хандлага маш чухал. Орчноо сайн бүрдүүлээд хүн бүр оролцоогоо нэмэгдүүлбэл хүндрэл бараг гарахгүй, цахим хэрэглээ, ном, сурах бичиг, гарын авлага зэрэгт онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй юм. Хүүхэд өөрөө хүсвэл монгол бичгийг богино хугацаанд уншиж, бичих чадвартай болдог.
-Монгол бичгийн соёл, түүнийг түгээн дэлгэрүүлэх хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд бид юу хийж чадах вэ?
Бид хойч үедээ үлгэрлэн манлайлах явдал маш чухал юм. Нэг хэсэг нь сураад нэг хэсэгт нь хамаагүй мэт өрөөсгөл ойлголтоос аль болох ангижрах хэрэгтэй. Тэгж чадвал үндэсний бичиг үсгээ өдөр тутамдаа хэрэглэхэд хялбар байх болов уу.
-Таны сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.
Э.Нарангэрэл