Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол улсын Засгийн газар булайгаа чирэв үү
Ж.Батзандан гишүүн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж олныг шуугиуллаа. “Манай Засгийн газрынхан цахим казино ажиллуулах туршилт хийсэн. Энэ талаараа өмнөд хөршийн холбогдох хүмүүстэй уулзсан” гэж ярилаа. Тэр уулзалт болсон газрыг хоног өдөртэй нь хэлнэ лээ. Бас энэ асуудлаас болж нэр бүхий хүмүүс хоригдож байгаа талаар ч мэдээлсэн. Түүний хэлсэн үг үнэхээр үнэн үү,эсвэл ахыгаа өмгөөлөх гэж ийм юм яривуу. Түүний ахыг Хөх хотод визний наймаа хийж байна. Монголд олон зуугаараа орж ирсэн хятад залуусын визийг гишүүн Ж.Батзандангийн ахыг олгосон байж болзошгүй талаарх мэдээлэл хэвлэл мэдээлэл, нийтийн сүлжээнд тарсан билээ. Тиймээс ахыгаа өмгөөлөх гэж ийн ярьсан байх гэх хардалт бий. Хэрэв гишүүн Ж.Батзандан үнэн ярьсан бол энэ үнэхээр аймшигтай хэрэг юм. Засгийн газар ард түмнээ арай дэндүү доромжилж, тохуурхсан юм боллоо. Бүр цаашилбал, Монгол Улсын Засгийн газар улсынхаа эсрэг гэмт хэрэг хийсэн болж таарах нь.
Өөрснөө найман зуун хятад оруулчихаад бүхэл бүтэн жүжиг тавьж, цагдаа явуулж, хэрийн юманд ил гарч байгаагүй тагнуулынхан нь мэдээлэл хийж, сайн ажиллаж байгаа мэт дүр эсгэсэн бол монголчууд биднийг үнэхээр доромжилж, Засгийн газар булайгаа чирсэн хэрэг юм. Юу болсон тухай эргэн саная. Шадар сайд Ө.Энхтүвшин “Аюулгүй байдлын байнгын хороо чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцэж өгөхгүй байна” гэж уйлан дуугараад гүйгээд байсан.
Т.Аюурсайхан гишүүн гэдийгээд, О.Баасанхүү гишүүн бухимдаад “Чөлөөт бүс нэрийдлээр хятад иргэдийг гуч хоног визгүй зорчуулах гэлээ” гэж шүүмжлээд сүйд болсон. Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар жишүү харж суучихаад “Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй учраас хэлэлцэхгүй”гэв. УИХ-ын хуралдаан дээр Төсвийн хоригийн асуудал ярьж байхад Шадар сайд картаа сугалж, Засгийн газрын давхар дээлтэй гишүүдийг бас картаа авахыг уриалсан. Ингэж бойкотолсноосоо болж Ёс зүйн дэд хороогоор Ө.Энхтүвшинг хэлэлцэх асуудал хүртэл босч ирсэн. Иймдээ тултлаа, ёс зүйгээ хэлэлцүүлтэл УИХ-ыг бойкотлох хэмжээнд хүрэх ямар эрх ашиг түүнд байсан юм бол. Г.Занданшатар, Т.Аюурсайхан гээд МАН-ын залуучууд үнэхээр өвөгцүүлийгээ өөрсдийнхөө эрх ашгийн төлөө чичрээд байна гэж дургүйцэн саад болж гэж бодож болохоор байгаа юм. Ж.Батзандангийн ярьсныг эд нар ч мэдэж байсан болохоор Ө.Энхтүвшингийн зүтгүүлээд байгаа хуулийн төслийг дэмжихгүй, Засгийн газрын санасны зоргоор УИХ хөдөлдөггүй гэдгийг харуулсан хэрэг үү.
Ж.Батзандангийн ярьсанд нэг зүйл эргэлзээ төрүүлсэн. Тэрээр мэдээлэл хийхдээ хэн гэдэг хоёр сайд цахим казино байгуулахаар ярьж, энэ бүх асуудал үүссэн талаар нэртэй устай нь хэлнэ гэчихээд хэлээгүй. Сүүлдээ хэргийн эзэн хоёр даргын нэрийг “Зарлахаар бодож байна” гэсэн бөөрөнхий үгээр ам тагласан. Зарлана гэж мэдээлэл хийчихээд зарлахаар бодож байна гэж нэг суурин дээр хоёр өөр юм хэлсэн нь түүнд эргэлзэх шалтгаан байлаа. Нөгөөх нь мэдээж төрсөн ахынх нь асуудал. Үнэхээр улсынхаа эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн албан тушаалтан байгаа бол тэднийг яагаад зарласангүй вэ.
Манайд орж ирсэн өнөөх найман зуун хятад иргэн Камбожид ажиллаж байсан бөгөөд тус улс цахим луйвар гэдгийг нь мэдээд улсаасаа гаргасан гэж Ж.Батзандан гишүүн мөн хэлж байсан. Үнэхээр Ж.Батзандангийн хэлсэнчлэн ийм явдал болсон нь үнэн бол шадар сайд Ө.Энхтүвшин дэндүү увайгүй байна. Болсон үйл явдлаас харахад Ө.Энхтүвшин яахаас буцахгүй хүн юм байна. Хувийн эрх ашгийн төлөө хэнийг ч золиослохоос буцахгүй хүн гэдэг нь ойлгомжтой харагдана. Энэ хүмүүсийн хэн нь худал хэлсэн юм бол. Ахыгаа аврахын төлөө юу ч хэлж магадгүй гэж “зоригт” дүү Ж.Батзандан худал хэлэв үү. Тэр хувийн ашгийн төлөө замбараагүй виз олгож, төрсөн ахыгаа ялаас мултлахын тулд юу ч хамаагүй ярьж, хэнийг ч хамаагүй гүтгэсэн болж таарах нь. Хэрэв тэр худал хэлсэн бол цаашлаад Хятад, Монголын харилцаа, Монгол Улсын нэр хүнд яах билээ.Монгол Усын Засгийн газар Ц.Батзандангийн хэлсэнчлэн үйлдэл хийсэн бол дэлхийгээр нэг шившгээ тарилаа л даа. Дотооддоо ард түмнээ молигоддог байснаа хил давж хүний хүүхдүүдийг молигодож эхэлсэн болж таарлаа.
Болсон үйл явдал нэг иймэрхүү. Одоо бидэнд нэг эргэлзээ үлдлээ. Гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Засгийн газрын аль нь үнэн яриад байна. Алинд нь итгэх юм бэ.
Хэрэв Ж.Батзандангийн үнэн бол Засгийн газар өөрсдийн эрх ашгийн төлөө цахим казиногийн туршилт нэрээр 800 хятад залуугийн хувь заяагаар тоглож байсан юм биш үү. Зохион байгуулалттай юм хийгээд, өөрсдөө авчраад, ирэхээр нь зориуд баривчлаад Хятадад тушаагаад. Өнөөдүүл нь очоод бас ял авах юм билээ. Эхний мэдээллээр нутаг буцсан хятад залуус Наньжин хотод хоригдохоор болсон байна. Тэд ч бас хүн шүү дээ. Манай улсын шуналтай дарга нарын тоглоом тохуу биш шүү дээ.
Хэрэв Засгийн газар ийм зохион байгуулалттай юм хийсэн бол Засгийн газрын хийсэн бүх зүйлд үнэмших хэрэг алга. Юу ч гэж жүжиглэж болохоор байна. Юу хийж, яаж ард түмнээ доромжилж байсан бол. Бид тэр жүжгийг нь үздэг үзэгчид болж таарлаа. Засгийн газар нь хачирхалтай наймаа үсэргэж, хачин тохироо хийж, тэрийгээ өөрсдөө илрүүлж тоглодог булайгаа чирсэн улс үндэстэн ер нь манайхаас өөр байна уу. Ж.Батзандан гишүүний ярьсан мэдээлэл шиг юм болбол хууль дээдэлдэг оронд нийтээрээ хэлэлцээд буруу зөв нь тодроод Засгийн газар нь огцорчихсон, танхимын гишүүд нь очдог газартаа оччихсон байгаа.
М.Сүлд
Эх сурвалж: Өдрийн сонин