📅

Р.Батмөнх: “Сургалтын чанарыг ахиулах” хөтөлбөрийн хүрээнд хөндлөнгийн үнэлгээг жилд хоёр удаа хийдэг

🕔 2019/12/25 11:18

Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнхтэй 2019 онд тус аймгийн боловсролын салбарт хийсэн томоохон ажлууд, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2019-2020 оны хичээлийн жилийн онцлог, үйл явцын талаар ярилцлагаа эхлүүлье? 

-Сайн байцгаана уу. Энэ хичээлийн жилд Говь-Алтай аймгийн боловсролын салбарт нийт 1205 багш, сурган хүмүүжүүлэгч, СӨБ-ын 4500 хүүхэд, ЕБС-ийн 11793 сурагчийг хүлээн авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрээс нэгдүгээр ангид 1200 орчим хүүхэд, 12 дугаар ангид 867 сурагч дэвшин суралцаж байна. Түүнчлэн манай аймагт Ерөнхий боловсролын 28 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд боловсролын салбарт нийт 1900 орчим ажилтан, албан хаагч ажиллаж байна. 

-Боловсролын салбарт чиглэсэн тодорхой хөтөлбөрүүд хэрэгждэг байх. Тэдгээрийн үр дүнгээс танилцуулбал?

-Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2016 оноос манай салбарт “Багшийн хөгжил”, “Оюунлаг-Алтайчууд”, “Сургалтын чанарыг ахиулах” хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд сургалтын чанарт ахиц гаргаж, багш, сурагчдыг  хөгжүүлэн улмаар хөгжсөн Алтай нутаг болох зорилготой ажиллаж байна.

“Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд багш нарыг судлаач-багш, сургагч-багш, багшийн-багш, манлайлагч-багш, эрдэмтэн-багш нарыг төрүүлэхэд түлхүү анхааран ажиллаж байна. 

“Оюунлаг-Алтайчууд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд сэтгэх чадварын, шатрын сургагч багшийг бэлтгэн, сэтгэх чадварын уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Түүнчлэн бүрэн дунд боловсролын төгсөгчдийн амжилтыг ахиулах зорилгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр “Алтайн-ЭЕШ” сорилгыг зохион байгуулж байна. Эдгээр ажлын үр дүнд манай аймгийн боловсролын чанарт ахиц гарсан. Монгол Улсын хэмжээнд БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвийн хамтарсан чанарын шалгалтад Говь-Алтай аймаг тэргүүн байр эзэлсэн амжилт гаргасан. 

-Тэгвэл “Сургалтын чанарыг ахиулах” хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийв, тодорхой үр дүнд хүрсэн болов уу?

-“Сургалтын чанарыг ахиулах” хөтөлбөрийн хүрээнд хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг жил бүр хоёр удаа зохион байгуулдаг. Намар гарааны, хавар барианы шалгалт авч хоёр шалгалтын дүнг харьцуулан багшийн чадавхийг үнэлж дүгнэдэг. Үр дүнг үндэслэн анализ хийх цаашид юунд анхаарах шаардлагатай байгааг Шалгалтаар аймгийн 28 сургуулийн давхардсан тоогоор 25000 орчим сурагч, 1000 гаруй багшийг хамруулан зохион байгуулдаг. Тодруулбал, өнгөрсөн хавар хөндлөнгийн шалгалтын 28 төрлийн материалыг хоёр хувилбараар боловсруулж 51000 хуудас хэвлүүлэн нууцлалын гэрээ байгуулан хэрэгжүүлдэг. Нийт 128 төрийн албан хаагчаас бүрдсэн 24 ажлын хэсэг 19 чиглэлд 3072 км замыг туулан 28 шалгалтыг сургууль бүрт явуулан үр дүнг нь тооцдог. Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд 29 сургууль, 29 цэцэрлэгийн багш сурагчид 23 төрлийн 62 ангиллаар 988 сурагч, 644 багш мэдлэг, чадвараа сорьсноос төрөл бүр дээр шилдгүүд тодорсон.

-Багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Багш нарын бага хурал, эрдэм шинжилгээний илтгэл, багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан төрөлжсөн болон ахисан шатны сургалтыг ээлж дараатай зохион байгуулдаг. 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Алтай нутгийнхаа багш нарын ур чадварыг сайжруулах зорилгоор 1000 гаруй багшийг төрөлжсөн сургалтад хамруулсан. Ер нь манай газрын зүгээс боловсролын салбарт ажиллагсдын амралт цаг завыг нь харгалзан улирлын амралтын үеэр чадавхжуулах сургалтыг зохион байгуулдаг. Түүнчлэн “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд улс, бүс, олон улсын хэмжээнд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулдаг журамтай болсон бөгөөд “Багш-Эрдэнэ” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, ажлын үр дүнг нь харгалзан урамшуулан ажиллаж байна. 

-Энэ онд тус салбарт хэдий хэр төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Тэдгээрээс онцлон танилцуулбал?  

-Энэ онд Говь-Алтай аймгийн боловсрол, соёл урлагийн салбарт 43 орчим тэрбум төгрөгийн 32 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Тэдгээрээс энэ ондоо багтаж таван суманд сургуулийн хүүхдийн дотуур байр, дөрвөн  суманд спорт заал, долоон суманд 3200 хүүхдийн сургууль, өргөтгөл, 10 суманд 1120 хүүхдийн цэцэрлэг бүрэн ашиглалтад орлоо. Онцлон танилцуулбал, Ерөнхий боловсролын шинэ сургууль, сумын дотуур байр Дарив, Дэлгэр, Чандмань суманд, 75-100 хүүхдийн цэцэрлэг Халиун, Цогт, Эрдэнэ, Тайширт,  Есөнбулаг суманд 960 хүүхдийн сургууль, төв номын сан барьж ашиглалтад орууллаа. 

Дээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжихэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон орон нутгийн удирдлагуудын хичээл зүтгэл их бий. Боловсрол, соёл урлагийн салбараа дэмжиж, өсвөр үе, хүүхэд залуучууд, иргэдийг ая тухтай орчинд сурч, боловсроход ихээхэн анхаарч, хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж байгаад Боловсрол, соёл урлагийн хамт олон баярлаж, талархаж буйгаа илэрхийлье. 

-Ярилцсанд баярлалаа. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол