Хуванцар шанага, сав хэрэглэхгүй байх уриалга гаргалаа
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гаргалаа. Тус аймгийн Хөхморьт сумын 680 өрхийн 70 гаруй хувь нь хуванцар шанага хэрэглэдэг ажээ. Хуванцар шанага, усны саванд формальдегид бодис агуулагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж элэг, бөөрийг гэмтээхээс гадна архаг хууч өвчнийг сэдрээж төрөл бүрийн харшил болон хорт хавдар үүсгэх эрсдэлтэй ажээ.
Та бид өдөрт гурван удаа цай чанахдаа нийт гучин удаа самарч цайгаа амтлан уудаг бол халуун зүйлийг хутгах, самрахад хуванцар урвалд орж хорт хавдар үүсгэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс тус зөвлөлөөс “Хулгана жилээс хуванцар шанага хэрэглэхгүй” уриалга гарган сумынхаа ард иргэдийг өөрсдийн болоод гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах энгийн алхмыг хэвшүүлэхийг уриаллаа.