Алтай нутгийнхан 184.05 тонн хог цэвэрлэжээ
Жил бүрийн есдүгээр сарын 15-нд тохиодог “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т манай улс анх удаа нэгдэж буй бөгөөд Алтайчууд ч мөн адил оролцож үүсмэл хог хаягдлаа цэвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сумдын ЗДТГ хамтран зохион байгуулсан нийтийн цэвэрлэгээнд тус аймгийн 15 сумын 199 байгууллага, аж ахуйн нэгжийн 2957 алба хаагчид, 453 хүүхэд багачууд нэгдэн харьяа сум, багийнхаа үүсмэл хогийг цэвэрлэв.
Нийт 352.4 га талбайгаас 184.05 тонн хогийг цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлжээ. Хог хаягдлын дийлэнх хувийг архины шил, пивоны лааз, хуванцар сав, гялгар уут зэрэг байсан аж. “Үүнээс үзэхэд Говь-Алтай аймагт хоёрдогч түүхий эд худалдан авах цэг, хог боловсруулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй” гэж аймгийн БОАЖГ-ын Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Э.Цэцэгмаа ярив.