📅

Бигэрийн сургуулийн сурагчид ангиараа “Хүмүүн бичигтэн” боллоо

🕔 2020/01/22 11:32

Монгол Улсын шатрын анхны олон улсын мастер Т.Үйтүмэнгийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6б ангийн хамт олон “Хүмүүн бичиг” сониныг анх удаа ангиараа захиалжээ.

Д.Ганзориг багштай 6б ангийнхан 2019-2020 оны хичээлийн жилд нийт 21 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд анги хамт олон нь аймаг сум болон сургуулийн хүрээнд зохион байгуулдаг аливаа тэмцээн уралдаанд  амжилттай оролцдог юм. Энэ жилээс дунд ангийн сурагчид болсон тэд “Хүмүүн бичиг” сониныг анги нийтээр захиалан үндэсний бичгээ дээдлэх, сурах гэгээн үйлсийг эрхэм зорилго болгон суралцаж байгаа ажээ. “Манай ангийнхан Шатрын спортын олон улсын мастер Т.Үйтүмэнгийн нэрэмжит сургуулиар овоглож буй учир оюуны их спортоор анги хамт олноороо хичээллэж байна”  хэмээн анги удирдсан багш Д.Ганзориг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний тухай хууль, Эх хэлний боловсролын бодлогыг дэмжиж Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх  аймгийнхаа ЕБС-ийн зургаадугаар ангийн бүх сурагчийг "Хүмүүн бичиг" сониныг захиалан хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэхийг уриалсан билээ. Үүний үр дүнд тус аймгийн "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншигчдын тоо нэмэгдсэн байна.
Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол