Онцгой комиссоос байгууллагуудад үүрэг даалгавар өглөө
Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий нийтийг түгшээж тархсантай холбоотой Засгийн газрын шийдвэрийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хэд хэдэн албан даалгавар гаргалаа.
Тодруулбал, Эрүүл мэндийн газарт:
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх;
-Өвчин үүссэн нутагт зорчсон иргэдийн судалгааг гаргаж, байнгын хяналтад авах;
-Иргэдэд чиглэсэн заавар, зөвлөмж, үнэн бодит зөв мэдээллийг шуурхай хүргэж нэвтрүүлэх;
-Аж ахуйн нэгж байгууллагад болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа байдалд хуваарь гаргаж хяналт тавих;
Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төвд:
-Олон нийтийг хамарсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлаж хяналт тавих;
-Спорт заал, фитнес, хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газруудын үйл ажиллагааг хязгаарлах;
-Баар, караоке, ресторан зэрэг газрыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих;
-Бараа бүтээгдэхүүний хомсдол зориуд бий болгох үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллах;
-Хот хооронд, сум, аймгийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчих иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулан тээвэрлэх,
Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт:
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр хаахтай холбоотой байгууллагын харуул, жижүүрийн үүрэг хариуцлагыг сайжруулж, хяналт тавьж ажиллах
-Олон нийтийн газарт сургуулийн сурагчид, бага насны хүүхдийн хөдөлгөөнд хяналт тавих ажлыг зохион байгуулж, тэдэнд чиглэсэн сургалт, танин мэдэхүйн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх.
Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагад:
-Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу ажилтан албан хаагчдад чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг хийх, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
-Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтын дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны хэсэгт тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах;
-Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээллийг Эрүүл мэндийн газарт шуурхай хүргэхийг тус тус даалгалаа.
Э.Нарангэрэл