Шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газраас хоёрдугаар сарын 6-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагын төлөөлөл, хөрөнгийн үнэлгээчидтэй уулзалт-ярилцлага зохион байгуулав.
Уулзалтад сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд болон "Ашид билгүүн” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь төлөөлөгч Б.Дамчийбадгар, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаа нар оролцлоо.
Уулзалтын үеэр "Ашид билгүүн” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь төлөөлөгч Б.Дамчийбадгар, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаа нар үнэлгээний байгууллага болон хөрөнгийн үнэлгээчний шинжээчийн дүгнэлт гаргах үйл явцын талаар товч мэдээлэл хийсэн юм. Мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн иргэний хэргийн шүүхээс тухайн байгууллага, үнэлгээчнийг шинжээчээр томилсон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын судалгааг танилцуулав.
Уулзалт ярилцлагад оролцогчид цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцож, шинжээчийн дүгнэлтийн агуулгад нийцүүлж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заасан хугацаанд ирүүлэх, уг хугацаанд ирүүлэх боломжгүй үед хугацаа сунгуулах хүсэлтийг ирүүлж байх зэрэг асуудлууд дээр харилцан санал нэгдсэн юм.
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцсон иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлж, шүүгч, иргэдийг мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахаар ийнхүү уулзалт ярилцлага зохион байгуулжээ.
Э.Нарангэрэл