📅

Цар тахлын үед улс орнууд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ

🕔 2020/03/13 15:27

ДЭМБ-ын зүгээс лхагва гаригт “COVID-19”-ийн цар тахал гэж зарласан.

Энэхүү мэдэгдлийг хийх үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейсиус “Бид коронавирусээр үүсгэгдсэн ийм хэмжээний цар тахлыг өмнө нь хэзээ ч харж байсангүй” гэсэн юм. Мөн тэрээр энэхүү нэр томъёонд анхаарал хандуулахын оронд хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн, улс орны эрх баригчдаас одоо л манлайлал гарах ёстой болохыг сануулсан.

Тэрээр гуравдугаар сарын эхээр АНУ-ын “CNBC” телевизед ярилцлага өгөх үеэрээ “Хэрэв “COVID-19”-ийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрсэн гэж байгаа бол энэ нь уг өвчнийг хяналтдаа оруулах ямар ч боломжгүй гэж хэлж байгаагаас ялгаагүй. Энэ бол цаашид энэ вирустэй хамт үүрд амьдаръя гэж шийдэж байгаатай л адил. Бид арай ч ийм төвшинд хүрчхээгүй байна” гэж байв.

ДЭМБ яагаад “COVID-19”-ийг цар тахал гэж зарлах болов

Үнэхээр түүний хэлснээр “COVID-19”-ийн дэгдэлтийг хяналтдаа оруулах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсx, хүн төрөлхтөн энэхүү тахлын өмнө бууж өгч байгаа гэж үү. Энэ асуултад тодорхой хариулт хараахан гарч ирээгүй л байна. Гэсэн ч сүүлийн хэд хоногт БНХАУ-аас бусад оронд шинээр халдвар авч байгаа хүмүүсийн тоо, тус улсад бүртгэгдэж байгаа тохиолдлуудаас 13 дахин өсч, Итали, Иран зэрэг орнууд бүс нутгийг хамарсан томоохон халдварын голомт болж, хяналт тогтоох боломжгүй болж байгаатай холбоотой талаар мэргэжилтнүүд дурджээ.

ДЭМБ-ын тэргүүн лхагва гаригт мэдэгдэл хийх үеэрээ цар тахлын үед улс орнууд болон иргэд, Эрүүл мэндийн байгууллагууд ямар арга хэмжээ авах ёстой талаар ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй юм. Тиймээс ДЭМБ болон бусад эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан энэхүү асуултын хариултыг тоймлон хүргэж байна. 

Аливаа халдварт өвчний дэгдэлтийг цар тахал буюу “pandemic” гэж зарлах эрх зөвхөн ДЭМБ-д байдаг. Тус байгууллага халдварт өвчний эрсдлийг 1-6 төвшинд тодорхойлдог. Ингэхдээ дараах үе шатуудыг авч үзнэ.

Нэгдүгээр үе шат – Амьтдын дунд тархаж буй вирусийн тархалт хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Хоёрдугаар үе шат - Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдын дунд тархаж буй вирус хүнд халдварласан тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг боломжит тахлын эрсдэл гэж үзнэ.

Гуравдугаар үе шат – Амьтнаас-хүнд, хүнээс-амьтанд халдварласан вирусийн тохиолдлууд бүртгэгдэж, халдварын жижиг голомтууд бий болох бөгөөд хүнээс-хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байх бөгөөд тархварын эдгээр замаар нийгэмд аюул учруулах хэмжээний дэгдэлт үүсээгүй байна. Гэсэн ч энэ үед хязгаарлагдмал төвшинд хүнээс-хүнд халдварласан тохиолдлууд гарч болзошгүй.

Дөрөвдүгээр үе шат – Хүнээс-хүнд халдварласан тохиолдлууд албан ёсоор бүртгэгдэж нийгэмд аюул тарьж болзошгүй тахлын хэмжээнд хүрсэн гэж үзнэ. Дэгдэлт гарсан орон нутгийн хэмжээнд тархалтыг саармагжуулах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх бөгөөд эс бөгөөс цар тахал болох эрсдэл нэмэгдэнэ. Энэ үед ДЭМБ-ын зүгээс дэгдэлт гарсан улс орнууд болон халдвар авсан иргэдийн тооноос хамаарч, тухайн вирусийн тархах хурд, үхэлд хүргэх аюулыг үндэслэн онц байдал зарлаж болно. Халдвар бүртгэгдээгүй улс орнууд дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тавдугаар үе шат – ДЭМБ-аас тогтоосон нэг бүс нутагт дор хаяж хоёр оронд вирусийн халдварын голомт үүссэн байна. Энэ тохиолдолд дэлхийн дийлэнх оронд халдвар бүртгэгдээгүй байх ч цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй ноцтой дохио болно. Тиймээс нийтийг хамарсан арга хэмжээ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээнүүд авагдана. Арга хэмжээнүүд хангалттай үр дүнгээ өгөхгүй байх эсвэл тухайн вирусийн онцлог шинжээс шалтгаалж дараагийн үед шилжих нөхцөл байдал хормын дотор үүсэж болзошгүй.

Зургадугаар үе шат – Вирусийн тархалт дэлхийн олон оронд эрчимтэй нэмэгдэж, хэд хэдэн улсад томоохон хэмжээний халдварын голомт бий болж, тухайн бүс нутгуудад дэгдэлтийг хянах боломжгүй, халдварын тархалт оргил үедээ хүрч, тохиолдол бүртгэгдсэн бусад орнуудад халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй буюу цар тахлын хэмжээнд очсон нөхцөл байдал. Энэ үед халдвар бүртгэгдсэн орнууд дэгдэлтийг бууруулах чиглэлд хамгийн хүнд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн халдвар бүртгэгдээгүй орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам чангатгана.

Дэгдэлтийн оргил үеийн дараах үе шат - Энэ үед улс орнуудын хэрэгжүүлсэн дэгдэлтийг бууруулах, хязгаарлах арга хэмжээнүүд үр дүнгээ өгч дэлхий дахинд халдварын тархалт оргил үеэс бууж эхэлнэ. Гэсэн ч нэгхэн буруу алхмаас болж дэгдэлт дахин эрчимжих эрсдэл өндөр тул дараагийн боломжит дэгдэлтийн давлагаануудад улс орнууд бэлэн байдалтай байна. Энэхүү үе шат хэдэн сар, жилээр үргэлжилдэг.

Цар тахлын дараах үе шат – Цар тахлын дэгдэлтийг хяналтдаа оруулж, тархалт ердийн улирлын чанартай вирусээр үүсгэгддэг бусад өвчний хэмжээнд  хүрнэ. Өөрөөр хэлбэл цар тахлын вирусийн тархалт улирлын томуугийн А вирусийн хэмжээнд очно. Энэ үе шатанд тандалт, хяналтыг тогтмол хийж, тахлын эсрэг бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай. 

Товчхондоо, дэлхийн 124 оронд 126273 тохиолдол, 4633 нас баралт бүртгэгдсэнээр “Covid-19”-ийн дэгдэлт өнөөдөр оргил цэгтээ хүрээд байгааг ДЭМБ ийнхүү зарлалаа.

Гэсэн ч цар тахал гэдэг нь “Covid-19” вирус ямар нэгэн байдлаар мутацид орж түүний халдварлах болон хүнийг үхэлд хүргэх аюул нэмэгдсэн гэсэн үг огт биш юм. Өөрөөр хэлбэл, “Covid-19”-өөр халдварлах болон нас барах байдал эрс нэмэгдсэнээр бус, тархалтыг хянахад бэрхшээлтэй болж улмаар цаашид дэгдэлт нэмэгдэх эрсдэл үүссэнээр “цар тахал” гэх нэр товъёог ашиглаж буй.

Гэхдээ цар тахал гэх энэ нэр товъёог ашиглах нь нийгэм, тэр дундаа дэлхийн нийт эдийн засагт үлэмж хор хохирол дагуулдаг болохыг хүн төрөлхтөн хамгийн сүүлд 2009 оны “H1N1”-ын дэгдэлтийн үед харж байв. Дэлхийн банкны судалгаанд дурдсанаар хамгийн сүүлд ДЭМБ цар тахал гэх нэр товъёог ийнхүү ашиглах үед дэлхийн нийт эдийн засагт 3 их наяд ам.долларын хохирол учирч, дэлхийн нийт ДНБ 5 хувь буурч байжээ. Их Британийн Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болон 2009 оны “H1N1” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг үлэмж хэмжээний хохирол амсаж, зөвхөн Европ тивд л гэхэд жилд амиа хорлож нас барах явдал 10000-аар нэмэгдэж байсан аж.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар “H1N1” анх илэрсэн 2009 оны дөрөвдүгээр сараас 2010 оны зургадугаар сарын хооронд уг өвчний халдвараар дэлхий дахинд 18000 хүн нас барсан гэж үздэг. Харин анагаахын шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй “The Lancet” сэтгүүлийн тооцоолсноор энэхүү өвчнөөр дэлхий дахинд  700 саяас 1.4 тэрбум хүн буюу тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 11-21 хувь нь халдварлаж 0.02 хувь нь нас баржээ.

ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн тэргүүн, доктор Майкл Райан лхагва гаригт “Шинэ төрлийн коронавирусийг цар тахал гэж зарласан нь дэлхий нийтийн төлөө хүн бүр хүчээ дайчлах хэрэгтэй болсон гэх утгатай” гэсэн юм. Мөн тэрээр тохиолдол бүртгэгдсэн орнуудад өвчтөнүүд болон тэдэнтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийг тусгаарлаж, халдвар авсан байж болзошгүй бусад сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэн шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх, хяналтад оруулах үйл ажиллагаагаа улам чангатгахыг уриалав. Үүний дээр лхагва гаригт ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсиус зарим орнууд “Covid-19”-ийн аюулыг хангалттай хэмжээнд ноцтой хүлээж авахгүй байгаа бөгөөд ДЭМБ-аас өгч буй заавар, зөвлөмжийг үл тоомсорлож байгаад шүүмжлэлтэй хандсан юм. 

О.Мөнхбат

Эх сурвалж: WHO.int, worldometers.info, Science Alert, Intelligencer, BBC, CNN, EcoWatch

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол