Тонхил суманд дөрвөн удаагийн давтамжтай газар хөдөллөө
Гуравдугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд дөрвөн удаагийн дамтамжтай газар хөдлөлт боллоо хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн тус аймаг дахь Алтай салбараас мэдээллээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны 11:03:11 цагт Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т өргөргийн 46.06, уртрагийн 94.07 д 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол 11:14:38 цагт тус сумаас зүүн урд зүгт 30 км-т өргөргийн 46.05, уртрагийн 94.04-д 3.6 магнитудын хүчтэй,11:55:03 цагт сумаас зүүн урд зүгт 31 км-т өргөргийн 46.06, уртрагийн 94.07-д 4.5 магнитудын хүчтэй, 12:08:55 цагт сумаас зүүн урд зүгт 29 км-т өргөргийн 46.07, уртрагийн 94.06-д 4.1 магнитудын хүчтэй давтан газар хөдөллөө.
Газар хөдлөлтийн чичирхийллээс үүдэн Тонхил сумын ЗДТГ-ын хана цуурсан хэмээн тус сумын Засаг дарга Р.Даваадорж мэдээллээ. Түүнчлэн зөвхөн Тонхил сум бус аймгийн төв болон зэргэлдээ хэд хэдэн сум, аймгийн иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор газар хөдлөлт мэдрэгдсэн нутагт оршин сууж буй иргэдээс мэдээлэх хуудас бөглүүлж байгаа ажээ.
Энэхүү газар хөдлөлт нь он гарснаас хойш гурав дахь тохиолдол бөгөөд хоёрдугаар сарын 12, 17-ны өдөр Эрдэнэ, Жаргалан суманд газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтийн давтамж ойртон, хүч нэмэгдэж байгаад Алтай нутгийн ард иргэд ихэд айж буйгаа цахим орчинд илэрхийлж байна.
Э.Нарангэрэл