📅

​Профессор Жонг Наньшан: ‘COVID-19’-ийн халдвар бүтэн жил үргэлжлэхгүй, зургадугаар сард намжих боломжтой

🕔 2020/04/07 12:44

БНХАУ-д хамгийн шилдэгт тооцогддог, халдварт өвчин судлаач Жонг Наньшан өнгөрсөн сарын 31-нд Хятадын “CGTN” телевизэд өгсөн ярилцлагыг эмхтгэн хүргэж байна. Тэрээр 2003 онд коронавирусийн өөр нэгэн төрөл болох “SARS” вирусийн дэгдэлтийн үед эрх баригчдаа сөрөн зогсож, Хятадын ард түмнийг аварсан баатар гэдгээрээ дэлхий дахинд танигдсан нэгэн юм. Дэлхий дахинд мэргэжил нэгтнүүд төдийгүй, Хятадын коммунист намын удирдлагуудад хүлээн зөвшөөрөгддөг Профессор Жонг Наньшаны хувьд “COVID-19” цар тахлын үед БНХАУ-ын зүгээс хэрэгжүүлсэн бүх стратегийг боловсруулж, бодлогоор хангах чиглэлд тэргүүн зөвлөхөөр ажилласан юм. Түүний эх орондоо хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч, өөрийн багаа дэлхий дахинд хүнд нөхцөлд байгаа улс орнуудад тараан томилоод байгаа юм.     

-Профессор Жонг Наньшан, БНХАУ-д өнөөдөр “COVID-19”-ийн дэгдэлт дахин үүсэхэд хамгийн ихээр аюул заналхийлэл учруулж байгаа зүйл юу болох талаарх таны бодлыг тодруулахаас ярилцлагаа эхлье?

-БНХАУ-д “COVID-19”-ийн дэгдэлт дахин үүсэх хамгийн том эрсдэл бол халдвар зөөвөрлөгдөн орж ирэх явдал болоод байна. Маш сайн хяналт хэрэгжүүлсний хүчинд өнөөдрийн байдлаар хүнээс-хүнд халдвар дамжсан тохиолдол манай улсад нэлээд буурсан. Урьдчилсан сэргийлэх, хяналтыг одооноос улам бүр чухалчлан авч үзэх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Хятад улс 600 гаруй халдварын тохиолдлыг гаднын бусад орнуудаас импортолсон.

-Хятадад ирсэн бүх иргэнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаа. Энэ хооронд “COVID-19”-ийн инкубацын хугацаа дуусна гэж үзэж буй нь хэр үндэстэй вэ??

-Иргэдийг 14 хоног тусгаарлах нь халдвар цааш тархахаас урьдчилсан сэргийлэхэд хангалттай хугацаа. Манай улсад маш олон орны иргэд ирж очдогоос шалтгаалан тусгаарлах хугацааг аль болох багасгах тал дээр бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ хугацааг долоо хоног болгож багасгах боломжтой нь харагдаж байгаа. Жишээ нь иргэдийг Хятадад газардмагц тусгаарлан, “PCR” шинжилгээнд хамруулна. Тусгаарлалтын долоо хоног дууссаны дараа “PCR” шинжилгээнд давтан хамруулж, “IGM” шинжилгээ хийнэ. Ингээд шинжилгээгээр давхар шалгаж, бүх хариу сөрөг гарсан тохиолдолд магадгүй тухайн иргэнийг тусгаарлалтаас гаргаж болох юм. Бид энэ талаар бодож байгаа.

-Гэхдээ профессор оо, гаднын улсын пасспорттой иргэдийг БНХАУ-д нэвтрүүлэхийг хориглох зохицуулалт хэрэгжиж байгаа ч манай улсад ирэх зорчигчдын тоо өндөр харагдаж байгаа. Тухайлбал, гаднын орнуудад амьдардаг Хятадын иргэд маш олноороо эх орондоо буцах хүсэлт гаргасан. Эрх баригчдын зүгээс иргэдээ хүлээн авна гэж байгаа. Гэтэл та тусгаарлах хугацааг долоо хоног болгох асуудлыг дэмжинэ гэж үү?

-Үндсэндээ иргэдийг долоо хоногийн хугацаанд маш нарийн шинжилгээнд хамруулж чадвал тусгаарлах хугацааг ярилцаж болно. Би халдвар зөөвөрлөгдөн орж ирэх асуудалд маш их санаа зовж байгаа. Мэдээж гаднын орнуудаас зорчин ирсэн иргэдийг нэн түрүүнд шууд “RNA” шинжилгээнд хамруулж, хөл хорих байруудад тусгаарлана. Одоогоор тусгаарлах хугацаа 14 хоног байгаа. Үүнийг магадгүй багасгах боломжтой талаар бид ярилцаж байна. Маш олон иргэд эх орондоо буцахыг хүсэж байгаа. Энэ нь мэдээж эрсдэлийг нэмэгдүүлнэ. Гэвч бид иргэдийн ирэх урсгалыг зогсоож чадахгүй нь нэгэнт тодорхой.

-Сүүлийн үед шинж тэмдэггүй өвчтөнүүд халдвар тараах асуудал иргэдийн хувьд хамгийн их айдас дагуулсан сэдэв болоод байна. Ер нь БНХАУ-ын нийт хүн амтай харьцуулахад шинж тэмдэг огт илрээгүй халдвар авсан хэдэн хүн байгаа вэ?

-Надад энэ талаар ямар ч тоо баримт байхгүй. Симптоматик бус буюу халдварын шинж тэмдэг илрээгүй хэдэн өвчтөн байгаа талаар нэг ч судалгаа одоогоор хийгдээгүй байна. Гэсэн ч симптоматик бус гэх нэр томьёонд бүх иргэнээ хамруулан авч үзэх нь өрөөсгөл ойлголт. Хамгийн чухал нь халдвар авсан өвчтөнүүдтэй ойрын харилцаанд орсон гэх өгүүлэмжтэй хүмүүс юм. Халдвар авсан өвчтөнүүдтэй контакт үүсгэсэн иргэд халдвар авах эрсдэл хамгийн өндөр. Заримдаа энэ хүмүүст шинж тэмдэг огт илэрдэггүй. Ийм өвчтөнүүдийг бид симптоматик бус гэж нэрлэдэг. Манай судалгаануудад эдгээр иргэд халдвар тархаах хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа. Учир нь шинж тэмдэггүй энэхүү өвчтөнүүдийн биед “COVID-19” вирус маш өндөр хэмжээгээр агуулагдаж, тэр хэрээр орчин тойрондоо агаар дуслын замаар вирусийг өндөр дозтойгоор тархааж байдаг.

-Эдгээр хүмүүс бусдад халдвар тархаах байдал хэр өндөр вэ?

-Халдвар тархах хурдыг асууж байна гэж ойлгож байна. Гаднын улсуудад энэ тоо 3-3.5 байгаа. Өөрөөр хэлбэл нэг халдвартай өвчтөн цааш 3-3.5 хүнд халдвар тарааж байна гэж ойлгож болно. Энэ бол манай улстай харьцуулахад маш өндөр тоо. Үндсэндээ халдварт өвчний хувьд ч “COVID-19” вирусийн халдварлах чадвар маш өндөр гэсэн үг. АНУ-д халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа ч тус улсад хийгдсэн судалгаагаар нас баралт тийм ч өндөр биш буюу 2 хувиас илүүгүй байгаа. Миний бодлоор АНУ-д нас баралт бага байгаа нь тэд жирийн иргэд болон шинж тэмдэг илрээгүй халдвартай өвчтөнүүдийг хянах, тандаж илрүүлэх тал дээр тодорхой үр дүнд хүрч чадсантай холбоотой.

-БНХАУ-ын зүгээс Европ тив дэх тахлын хамгийн том голомтуудад тооцогдож буй Итали, Испани тэргүүтэй дэлхийн 85 оронд эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон хангамж илгээх замаар “COVID-19”-тэй тэмцэх ажилд тусламж, дэмжлэг үзүүлж байна. Мөн Хятадын хувьд коронавирусийн дэгдэлтэд өртсөн орнуудад халдварын тархалтыг хязгаарлах өөрсдийн арга хэмжээний туршлагыг хуваалцаж байгаа. Гэвч Хятадад үр дүнтэй байсан туршлагыг зөвхөн дэгдэлтийн эхэн үед л хэрэгжүүлэх боломжтой. Та дэлхий дахинд ажиллаж байгаа өөрийн мэргэжилтнүүддээ юу зөвлөж байгаа вэ?

-АНУ болон Европын орнууд төдийгүй дэлхийн бараг бүх оронд өнөөдөр манайхтай ижил төрлийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, халдварын дэгдэлт хамгийн өндөр байгаа хотуудыг тусгаарлах, иргэдийг хөл хорих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэвч зөвхөн хотуудыг өөр хооронд нь тусгаарлаад нэмэргүй. Тиймээс би гаднын улсуудад ажиллаж байгаа хамтран зүтгэгчиддээ тухайн орны иргэдийг өөр хооронд нь тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа. Учир нь  тухайн нэг хотыг тусгаарлаж, улсын бусад хэсэгт халдвар тархах эрсдэлийг бууруулж байгаа ч хотын дотор залуус олноороо цуглаж, үдэшлэг зохион байгуулах, нэгнийдээ орж гарсаар байвал хөл хориод ямар ч нэмэргүй. Хөл хорино гэдэг бол үндсэндээ иргэдийг тусгаарлах л гэсэн ойлголт. Гэртээ байж, бусадтай битгий контакт үүсгэж, уулзаж болохгүй, зай барь гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх маш чухал.

-Таныхаар цар тахлын нөхцөл байдал өнөөдөр ямар төвшинд хүрсэн бэ. Мөн бид цар тахлын мөчлөгийн хувьд хаана явж байна вэ?   

-Би зөвхөн Хятадын нөхцөл байдалд төвлөрөн ажиллаж байгаа. Хятад дахь халдварын тархалтыг үндсэндээ дөрөвдүгээр сарын сүүл үе гэхэд бүрэн хяналтдаа оруулах болно. Бүрэн боломжтой. Харин дэлхийн хэмжээнд бол магадгүй ирэх зургадугаар сард халдварыг хяналтдаа оруулах боломжтой гэж бодож байна. Гэхдээ энэ бол тухайн улс орны эрх баригчид ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээс ихээхэн хамаарна. Дээр дурдсанчлан хөл хорих, иргэдийг тусгаарлах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Дэлхий дээр 200 гаруй улс орон байдаг. Эдгээрийн нэг нь л заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд энэ бүхэн дуусахгүй үргэлжилнэ. Би хувьдаа халдварын тархалт дэлхийн хэмжээнд удаан үргэлжлэхгүй гэдэг байр суурь дээрээ зогссон хэвээр байгаа. Хүн төрөлхтөн энэ вирусийг ямар нэгэн аргаар хяналтдаа оруулж чадна гэдэгт итгэж байна.   

-Би буруу санаагүй бол танаар ахлуулсан мэргэжилтнүүдийн баг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын урилгаар Ухань хотод очсон. Танай баг халдвар анх бүртгэгдсэн гэх Ухань хотын зах, Жиньянтан эмнэлэг, тус хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдэд тарж ажилласан. Тэгээд хуралдаж “COVID-19” вирус хүнээс-хүнд халддаг болохыг тогтоож зарласан. Үүнээс гурав хоногийн дараа Ухань хотод бүрэн хөл хорьсон. Тэр бүхний ард юу болсон талаар ярьж өгөөч. Та эрх баригчиддтэй санал солилцсон уу?

-Би тэднээс нэгд, Уханьд халдвар авсан яг хэдэн хүн байгаа вэ. Хоёрт, хэдэн хүн нас барсан бэ. Гуравт, Эрүүл мэндийн ажилтнууд халдвар авсан уу гэдгийг асуусан. Мэдээж эрх баригчидтай санал солилцсон. Нэгдүгээр сарын 20-ны өглөө тусгай шугамаар Засгийн газрын гишүүдэд нөхцөл байдлыг танилцуулж, “COVID-19” хүнээс-хүнд халддаг болохыг олж тогтоосноо мэдээлсэн. Хүнээс-хүнд халдаж байвал маш ноцтой гэдгийг ч анхааруулсан. Манай Засгийн газар, эрх баригчид болон хотын удирдлагууд нөхцөл байдал ямар аюултай төвшинд хүрээд байгааг ойлго, шийдвэр гаргаж, шуурхай, цогц, хүчтэй арга хэмжээ хэрэгжүүлсэнд маш их талархаж байгаа.

-Та өмнө нь “SARS”-ын дэгдэлтийг үед ямар нэгэн зүйл буруу байгааг хэлж, түүнийг залруулахын төлөө эрх баригчдын өөдөөс сөрөн зогсож байсан. Энэ удаад ч бодлого боловсруулагчдад хандан аюулыг том зургаар харах ёстойг хамгийн түрүүнд анхааруулсан цөөн хэдэн мэргэжилтнүүдийн нэг байлаа. Мэдээж нийгмийн сайн сайхны төлөө ч гэлээ таны дэвшүүлсэн санаанаас болж эдийн засаг төдийгүй бусад олон салбарт хохирол дагуулсан. Та бодлого боловсруулах төвшний хүмүүст хэрхэн өөрийн үгээ хүргэж, хүлээн зөвшөөрөгдөж, тэднээр зөв гэж бодсон шийдвэрээ гаргуулж чадаж байна вэ?     

-Таны мэдэж байгаачлан XXI зуун гарснаас хойш гурван удаагийн коронавирусийн дэгдэлт гарсан. Анхных нь 2003 оны “SARS”, хоёр дахь нь 2012 оны “MERS” байсан бол энэ удаагийнх гурав дахь нь байлаа. Өмнөх хоёр коронавирусийн дэгдэлттэй харьцуулахад нас баралтын төвшний хувьд бага ч “COVID-19” нь илүү хурдацтай тархдаг, халдварлуулах чадвар өндөртэй вирус юм. Энэ нөхцөлд ямар ч эрдэмтэн, эмч хүн фактыг л үндэслэнэ.  

О.Мөнхбат
Эх сурвалж: CGTN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол