📅

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүг буудаж хөнөөсөн хэргийн мөрөөр...

🕔 2024/01/05 11:59

Говь-Алтай аймагт хүн амины ноцтой гэмт хэрэг гараад байна. Тодруулбал, тус аймгийн Төгрөг суманд өсвөр насны хөвгүүд маргалдаж, нэгнийгээ буудаж хөнөөсөн аймшигт хэрэг шинэ оны өмнөхөн гарсан юм. Талийгаач 15 настай, гэмт хэрэгт холбогдсон хүү 17 настай арванхоёрдугаар ангийн сурагч байжээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Эцэг, эхчүүд та бүхнийг бага болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг зөвлөж байна.

            Хэрэг гардаг өдөр арванхоёрдугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлдээ танхимаар суралцжээ. Хэдийгээр тухайн үед цахимаар хичээллэж байсан ч хүүхдүүд танхимаар суралцах хүсэлт гаргаж, сонгондоо суусан байна. Харин талийгаач хүүгийн ангийнхан цахимаар хичээлдээ оролцжээ.

Энэ харамсалтай хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар Герман Улсанд үйлдвэрлэсэн буу, хутга зэргийг хураан авч, хүүхдийг цагдаагийн хэсэг рүү авч явсан гэнэ. Мөн талийгаач хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсэн ч хэдийнэ амьсгал хураасан байжээ.

УХААН АЛДААД УНАСАН НАЙЗЫГАА ХАМГААЛСАН ХҮҮГ АРААС НЬ БУУДАЖ, ХӨНӨӨСӨН ЮМ БИЛЭЭ

            Энэ талаар орон нутгийн эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Хэргийн газарт зургаа, долоо хүүхэд байсан юм билээ. Арав, арванхоёрдугаар ангийн хөвгүүд талцаж, муудсан юм шиг байна лээ. Энэ хэрэг Төгрөг сумын хойд хэсэгт байрлах гэр хороолол дунд, эзэнгүй айлын хашаанд болсон гэсэн. Хэрэгт холбогдсон хүү аравдугаар ангийн хөвгүүдийг хутгаар айлган сүрдүүлж, гэрээсээ буу авч гарч ирээд буудсан гэсэн. Эхний сум нэг хүүхдийн толгойны хажуугаар өнгөрсөн юм билээ. Хий буудуулж, толгойных нь хажуугаар сум өнгөрсөн хүү ухаан алдаад унасан гэсэн. Тэгээд талийгаач Б гэх хүү ухаан алдаад унасан найз руугаа гүйж очоод тэврээд авахад нь араас нь буудчихсан гэсэн. Цээжин тус газраа буудуулсан учраас газар дээрээ амьсгал хурааж, ухаан алдаж унасан найзыг нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн юм билээ. Тэгээд биеийн байдал нь тогтворжихоор нь ар гэрийнхэнд хүлээлгэж өгсөн гэсэн. Үнэндээ, хий буудуулаад унасан найзыгаа хамгаалахаар очоод л 15 настай хүү буудуулчихсан юм байна лээ. Хөвгүүд хоорондоо маргалдсан үедээ ийм аймшигт хэрэг тарьчихсан. Талийгаач тэр, гэмт хэрэгт холбогдсон хүүгийн ар гэрийнхэн ч сумын төвд амьдардаг. Манай сумынхан айдастай, хүүхдүүд сэтгэл санааны хямралтай байгаа. Дахиж ийм хэрэг битгий гараасай л гэж хүсэж байна” гэлээ.

ХҮҮХДИЙН АМИНД ХҮРСЭН 17 НАСТАЙ ХҮҮГ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨВ РҮҮ АЧААД ЯВЖЭЭ

          Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Энэ сарын 27-нд 17 настай хүүхэд 15 настай хүүхдийг ангийн галт зэвсгээр буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажилллаж байгаа. Урьдчилсан байдлаар тэд тоглож байгаад муудалцсаны улмаас нэгнийгээ хөнөөсөн гэх мэдээлэл ирсэн. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид галт зэвсгээ хуульд заасны дагуу хадгалж, хэрэглэхийг зөвлөж байна” гэсэн юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүүг насанд хүрээгүй учир батлан даалтад гаргасан ч оны дараа аймгийн төв рүү авч явжээ. Одоогийн байдлаар хүүд сэтгэл зүйч зөвлөгөө өгч байгаа бөгөөд түр хамгаалах байранд хяналтад байлгаж байгаа аж. Хүү энэ онд 18 нас хүрнэ. Түүнийг насанд хүрсэн өдөр нь цагдан хорино гэнэ.

БУУДУУЛЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ М: ХҮҮГЭЭ АЛДСАН БИД ГОМДОЛТОЙ БАЙНА

Бид талийгаач Б-ийн аав М-тай холбогдож, хэргийг талаар тодруулсан юм.

            -Харамсалтай хэрэг гараад байна. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Та сумандаа байгаа юу?

-Хүүгийнхээ ажил явдлыг дуусгаад аймаг руу орж ирсэн. Мэдүүлэг, байцаалт гээд цагдаагийн байгууллагаар явж байна.

-Энэ хэрэг гэрийнх нь ойролцоо болсон юм уу. Хөвгүүдээ хашаандаа тоглож байгаад маргалдсан гэх мэдээлэл байгаа?

-Тийм биш ээ, гэрээс зайтай болсон хэрэг. Хүүг минь хөнөөсөн хүүгийн гэр манайхтай хөрш биш. Хичээлээ тарж яваад л ийм хэргийн золиос болчихоод байна. Хүүгээ алдсан бид маш их гомдолтой байна. Яг одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг байцаалт өгөөд сууж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

Бид үргэлжлүүлэн сургуулийн захирал, Төгрөг сумын Засаг дарга нартай холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

ТӨГРӨГ СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ж.ГАНБУЯН: ХЭРГИЙН ГАЗАРТ БАЙСАН ХҮҮХДҮҮДЭД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙГАА

       Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Ганбуян: Ийм харамсалтай хэрэг гарсанд бид маш их харамсаж байна. Ажлын бус цагаар гарсан хэрэг учраас байнгын хяналт, эргүүл гаргаад байх боломж байгаагүй. Хэргийн газарт хэдэн ангийн хэчнээн хүүхэд байсныг мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас биднийг мэдээлэл өгч болохгүй гэсэн. Ямартай ч бид хэргийн газарт байсан хүүхдүүдэд ар гэрээр нь дамжуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Мөн хүүхдүүдийг тайван байлгах арга хэмжээг авч ажиллаж байгаа. Хүүхэд хамгааллын хамтарсан байгууллага, сургуулийн захиргаа авах ёстой арга хэмжээнүүдээ авч ажиллаж байгаа. Талийгаач болон гэмт хэрэгт холбогдсон хүү өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Хэрэг гардаг өдөр хүүхдүүдийн зарим нь цахим хичээлдээ суусан юм билээ. Зарим нь таслаж, алга болсон” гэсэн юм.

ТӨГРӨГ СУМЫН ЗАСАГ ДАРГА: ИЙМ АЙМШИГТАЙ ХЭРЭГ ДАХИН ГАРГАХГҮЙН ҮҮДНЭЭС ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

           Төгрөг сумын Засаг дарга: Шинэ оны өмнөхөн аймшигтай хэрэг гарч, бид бүхэн хүнд байдалд байна. Хүүхэд хамгааллын хамтарсан байгууллагын зүгээс цагдаа болон бусад байгууллагатай хамтран дахиж гэмт хэрэг байх үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Өнгөрсөн намар манай суманд болсон хүчтэй шороон шуурганы улмаас сумын төвийн хяналтын камерууд ажиллахаа больсон. Өөрөөр хэлбэл, хэрэг гарах үед хяналтын камерууд ажиллахгүй байсан гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн зодоон чухам юу болсныг мэдэхгүй. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн бид хяналтын камерыг ашиглалтад оруулах хүсэлт гаргасан байгаа” гэлээ.

Эх сурвалж: ergelt.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол