“Бага усны буган ба хүн чулуу” хүрэл зэвсгийн үед хамаардаг
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалт"-д Говь-Алтай аймгийн 30 орчим соёлын дурсгал багтсан байдаг.
Говь-Алтай аймгийн нутаг нь газарзүй, байгалийн нөхцөл байдал, нөөц баялгийн хувьд монголчуудын нэн эртнээс нааш идээшин суурьшсан уугуул нутгийн нэг юм. Тиймээс ч эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсгийн үлдцээс авахуулаад Монголын чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үеийн болон дундад, шинэ үеийн түүх соёлын дурсгалууд элбэг байдаг тухай тус аймгийн Орон нутаг судлах музейгээс онцоллоо.
Соёлын үнэт өв хүн чулуу, буган чулуун хөшөө, хадны сүг зураг, бичээч, гэрэлт хөшөө, бунхан, овоо тахилга, хиргисүүр зэрэг археологийн дурсгал байхын зэрэгцээ этнограф-угсаа зүйн хэрэглэгдэхүүн ховор ном зохиол, ардын билэг зүй, домог хууч, шог хошин яриа сэлтийг багтаасан Говь-Алтайнхны бүтээсэн материаллаг болон оюуны үнэт зүйлийн бүхэл бүтэн цогцолбор соёлын орчин байдаг юм. Тэдгээрээс Тонхил сумын нутагт орших “Бага усны буган ба хүн чулуу” онцлон танилцуулъя.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс баруун урд зүгт орших Бага Ус гэдэг гэдэг газарт урдаас хойд зүгт цуварч байрласан гурван дөрвөлжин булшны дэргэд хоёр хүн чулуу, нэг буган чулуун хөшөө бүхий эртний дурсгал байдаг. Булшнууд хоорондоо 1.5 метр зайтай (2x2 м квадрат хэмжээтэй) ба буган чулуун хөшөө дунд нь, хүн чулуунууд захад нь байрлажээ.
Урд талын хүн чулуу нь эрэгтэй хүний дүр төрхтэй бөгөөд зөвхөн толгой, цээжний хэсгийг дүрсэлжээ. Нүүрний байдал зууван, хоёр хөмсгийг нэлээн дээрээс хагас нумруулан голд нь нийлүүлж, жартгар хоёр нүдийг том монхор хамартай нь залгуулан памбагар зузаан уруул, цүлхгэр эрүүг чулууных нь хэлбэрт тааруулан сийлэхдээ зөвхөн хүний толгойн хэлбэр гарган урлажээ. Хүн чулууны өндөр 0.50 см, өргөн 0.40 см, зузаан 0.20 см. Хойд талын хүн чулуу алга болсон гэх бөгөөд эмэгтэй хүний төрхтэй байсан гэлцдэг.
Буган чулуун хөшөөний өндөр 1.72 см, өргөн нь 0.20 см, зузаан нь 0.20 см. Хөшөөний дээд нүүрэн талд чулууны хагас махийж тахийсан хэсгийг ашиглан дугуй (нар), түүний дор "Г" үсэг мэт тэмдгийг сийлж, түүнээс дооших шулуун хэсэгт сонгодог хэлбэрээр дүрсэлсэн бугануудыг зөв буруу сөөлжүүлэн давхарлан үелүүлж зуржээ. Хөшөөнд өөр ямар нэгэн зэр зэвсэг бусад зүйлсийг дүрслээгүй байна. Эндэх дурсгалын хүн чулуу нь Түрэгийн, буган хөшөө нь хүрэл зэвсгийн үед холбогдох юм.
Э.Нарангэрэл