📅

Сумдад нислэг хийх, хөгжүүлэх ажлын явцтай танилцлаа

🕔 2020/04/20 12:05

Иргэний Нисэхийн үндэсний төвийн ажлын хэсэг Говь-Алтай аймагт ерөнхий зориулалтын нислэг үйлдэж эхлэх, хөгжүүлэх ажлын явцтай танилцаж, аймгийн болон “Алтай” нисэх буудлын удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Уулзалтад тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж. Ганбат, Иргэний Нисэхийн үндэсний төвийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын орон нутаг хариуцсан менежер Э.Энхзориг, ИНҮТ-ийн хэвлэх, аж ахуйн үйлчилгээний албаны дарга Ц.Болдсүрэн, ИНҮТ-ийн НБҮГ-ын дотоод хяналтын хэлтсийн аэродромын ахлах мэргэжилтэн И.Амарсанаа, “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр, нислэгийн удирдагч Ж.Алтайбаатар, аэродромын техникч Т.Пүрэвсүрэн нар оролцов.

Ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгийн Алтай сум, Бугат сумын Тахийн тал багт бага оврын агаарын хөлөг хөөрч, буух зурвасын газрыг сонгосон бөгөөд санхүүжилтыг орон нутгийн төсөвт суулгаж, зурвасын газрыг хамгаалах хашаа барих ажлыг эхлүүлэн түргэн шуурхай ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Цаашид тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, арчлалт, хамгаалалт хийх, ажлын орон тоо, цалин хөлсийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. 

“Алтай” нисэх буудал нь цаашид олон улсын нисэх буудал болох зорилго тавин ажиллаж байна. Шинээр агаарын хаалга нээгдсэнтэй холбогдуулан стратегийн чухал ач холбогдолтой нисэх буудал болсон тухай онцлон танилцуулсан юм. Нисэх буудлын аэродромын аюулгүйн бүсэд газар олгож, барилга байгууламж барьснаар Говь-Алтай аймгийн 58 мянган иргэн агаарын тээврээр үйлчлүүлэх, нисэх буудал өргөжин тэлэх боломж хязгаарлагдаж байгааг нисэх буудлын дарга Д.Батбаяр онцоллоо. 

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал тус аймгийн Цогт сумын Баянтоорой багт нислэг үйлдэх боломж байгаа эсэхийг судалж өгөхийг хүслээ. “Цогт сумын Баянтоорой баг нь аймгийн төвөөс алслагдсан Их говийн дархан газрын А, Б бүс оршдог. Нэн ховордсон мазаалай баавгай амьдардаг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн маш олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг газар юм” гэлээ.  

Э.Нарангэрэл 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол