📅

Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэзээнээс гэмт хэрэг болчихов оо

🕔 2020/04/28 11:47

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхээс түүнийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргав. Прокурорын зүгээс “М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого” гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн ийнхүү хүлээн авчээ. Цахим орчинд хэт идэвхтэй гэж үзээд шүүхээс ийм шийдвэр гаргасан нь олон хүний гайхширал, эгдүүцлийг төрүүлж байна. Хэт идэвхтэй гэдэг нь өөрийн үзэл бодлоо илэрхийлж, өөрөө өөрийгөө өмгөөлснийг хэлээд байгаа бололтой. Монгол Улсын иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх, үзэл бодлоо илэрхийлэх хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гээд заачихдаг байгаа. Гэтэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэзээнээс эхэлж гэмт хэрэг болж хувирсан юм бэ. Үзэл бодлоо илэрхийлэх нь түүнийгээ түгээн дэлгэрүүлэх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй салшгүй холбоотой зүйл юм.

Тэгвэл олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас дэлхийн улс орнуудын 2020 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг хэдхэн хоногийн өмнө шинэчлэн танилцуулаад байна. Энэ индексээр Монгол Улс 73 дугаар байр эзэлж, өнгөрсөн жилийнхээс гурван байраар ухарчээ. Сүүлийн жилүүдэд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ байнга ухарч байгаа.

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал юм. Цахим орчин дахь твиттер, фэйсбүүк аккаунт бол тэр хүний хувийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Ингэж үздэг, хүлээн зөвшөөрдөг болоод удаж байгаа. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө ихээхэн хумигдаж, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан эрүүгийн нөхцөл байдал ч хүндэрч байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх юм уу, төрийн аль нэг албан хаагчдын идсэн уусан тухай баримт, мэдээллийг нийтэд дэлгэвэл шууд эрүүгийн хэрэг үүсгээд шалгадаг болсон.

2006 оноос хойш хийсэн нэгэн судалгааны дүнг сонирхуулъя. Бичиж нийтэлснийхээ төлөө хичнээн сэтгүүлч цагдаагийн байгууллагад дуудагдаж, дарамтад өртсөнийг тоо баримттай нь гаргажээ. 2016, 2017 оны тоо баримтыг хооронд нь харьцуулахад бичиж нийтэлснийхээ төлөө сүрдүүлэг, дарамтад өртсөн, дарамтлуулсан, гэр бүлийн хүнээ дарамтлуулсан сэтгүүлч 2016 онд найм байсан бол 2017 онд энэ тоо 20 болж өсчээ. Мөн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан, ажилд нь саад хийсэн тохиолдол 2016 онд зургаа байснаа дараа жил нь 26 болж нэмэгдсэн байна. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа дуу хураагуур, гар утас, камер, микрофоноо эвдүүлсэн тохиолдол хоёр байснаа найм болжээ. Шүүх хүчний байгууллагын дарамт шахалт, шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол 2016 онд 17 бүртгэгдсэн бол энэ тоо 2017 онд 108 болж огцом өсчээ. 2018, 2019 онд дээрх тохиолдлуудын тоо бүр нэмэгдэж, албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн нэр хүндийг унагах, цаашлаад биед нь халдах тохиолдол гарч байгааг ард түмэн харж байна. Үүний нэг жишээ нь, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг болоод байна. Цагдаагийн хурандаа түүнийг өрөөнөөсөө хөөж гаргаад “Наадахыг чинь гар хүрсэн гэдэггүй юм” гэж хэлж буй бичлэгийг олон нийт харсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг бичиж нийтэлснийхээ төлөө зөвхөн 2019-2020 онд буюу нэг жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад 12 удаа дуудагдан байцаагдаж, ажлын ихэнх цагаа хууль хүчний байгууллагын дарга нар, байцаагчийн үүдийг сахиж өнгөрүүлж байгаа нь дээрх судалгааг нотолж байна. Энэ бол ганц сэтгүүлчид тохиолдож буй асуудал биш. Монголын хэвлэл мэдээллийн салбарт цагдаагийн байгууллагад дуудагдаагүй, шүүхээс зарлан аваагүй байгууллага, сэтгүүлч гэж үлдсэнгүй.

Төр засаг, хүчний байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн нэр хүндийг системтэйгээр унагаж, гутаах оролдлогуудыг байнга хийх боллоо. Ялангуяа мэдээллийн баталгаатай эх сурвалж болох сонин, телевиз, сайтуудыг илүүтэй гутааж, тэнд ажилладаг сэтгүүлчдийн нэр хүндийг унагасаар байна. Үүндээ бусад мэдээллийн хэрэгслийг ихээхэн ашиглаж, сошиал орчинд онигооны бай нь албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчид болоод удлаа.

Хэрвээ албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж, нэр хүндгүй болох, цаашлаад эдийн засгийн хувьд дампуурч хаагдвал албан бус сошиал мэдээллийн хэрэгслүүд болох твиттер, фэйсбүүк нүд ирмэхийн зуурт л устана. Тэрэн шиг амархан юм, манай төр засгийнхан, хууль хүчний байгууллагад байхгүй байлгүй. Цагдаагаас тухайн аккаунтын ганц ганц эзэмшигч рүү нь утасдаад л дуугүй болгочихно. Жиргээч, олон мянган дагагчтай бичигч гээд байгаа хүмүүс рүү цагдаагаас ганц утасдахад л таг болчихно шүү дээ. Эсвэл ганц товч дарах юм уу, ганц тохиргоо хийхэд л сошиал гэх энэ хийсвэр зүйл зогсчихно.

Иймээс албан ёсны хэвлэл мэдээлэл, үг хэлэх, хэвлэн нийтэлж байх эрх чөлөөг хайрлаж, хямгадаж байх нь хамгийн чухал зүйл юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь Монгол Улсын хувьд ардчиллын баталгаа юм. Ардчилал яагаад тийм эрхэм юм бэ гэвэл, хоёр том гүрний дунд оршдог, Монгол орны хувьд ардчилал бол тусгаар тогтнолын баталгаа юм гэдэгтэй хэн ч мартах ёсгүй. Монгол Улсын тусгаар тогтнол бол зөвхөн энд оршин сууж амьдарч байгаа гурван сая монголчуудын хэрэг төдий зүйл биш. Дэлхийгээр тархан суугаа 10 гаруй сая Монгол үндэстний оршин тогтнох, тэсч үлдэх баталгаа юм. Монгол үндэстний тусгаар тогтнолын үндэс болсон ардчиллын амин сүнс бол үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг юу юунаас илүү хайрлан хамгаалж, түүний төлөө тэмцэж байх шаардлага нийт ард түмний өмнө тулгарч байна. Хэвлэлийн эрх чөлөө бол хэдэн сонин, телевиз, сайтын асуудал биш. Нийт монголчуудын тэмцэж, хамгаалах зүйл болчихоод байна. Монголчууд цахим хэрэглээ, фэйсбүүкт идэвхтэйгээрээ Азидаа тэргүүлдэг. Тэгэхээр та бидний хэн маань ч цахим орчинд идэвхтэй байсан гэдгээрээ хоригдож мэдэх нөхцөл байдал үүсчихлээ.  

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол