Орост сурч байгаа оюутнуудаа хамгаалж чадаагүй Элчин сайд Д.Даваад хариуцлага тооцъё
Манай улс ОХУ-д сурдаг оюутнуудаа татаж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Татсан ч гэж дээ, хойд хөршийн сургуулиудын дотуур байрнууд гадаад оюутнуудаа хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн учраас тосоод авсан хэрэг. Хөөгдөн барин ирсэн оюутнуудаас шил дараалан халдвар илэрсээр байгаа. Манай улсад илэрсэн бараг бүх л халдвар хойд хөршид сурдаг оюутнуудаас илэрсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Эндээс «Хойд хөрш зорьж очиж суралцаж байсан гадаадын оюутнуудыг яагаад гудамжинд хөөж гаргав» гэсэн асуулт ургаж гарах нь тодорхой.
Нэг л зүйл хэтэрхий ойлгомжтой байна. Цаашдаа ийм улсад хүүхдээ сургах шаардлага байна уу гэж адармаар хандлага гаргачихлаа, ОХУ. Сургана гэж авааччихаад, өвчин тахал дэгдэнгүүт амьдарч байсан байрнаас нь үг өчиггүйгээр хөөгөөд гаргачихдаг улс гэж байх уу? Дипломат харилцаатай, дээр нь хөрш улсын хувьд тавихаас аргагүй асуулт.
Онцолж тодотгоход ОХУ-д Монголоо төлөөлж суугаа Элчин сайд энэ асуудалд хүйтэн хандлага гаргаж, маш сэтгэлгүй ажиллалаа. Шуудхан хэлэхэд аав, ээжийнхээ гэрээс дөнгөж гарч ном сурч яваа хүний нялх үрсийг харь газарт эзэнгүй хаячихсан гэм хойд хөршид суугаа Элчин сайдад бий. Төрсөн гэр, эх нутгаасаа алс яваа оюутнуудаа хараагүй юм шиг үл тоож чимээгүй сууна гэдэг бас л бөх зүрх шүү. Дэлхий нийтээрээ тахлын өмнө сандралдаж, хар толгойтой хүн бүрийг адлангуй ширвэж эхэлсэн ийм цагт залуусаа хөсөр хаячихаад тоохгүй суусан Элчин сайдад хатуу үг ч зөөлдөөд байх юм.
Өөрсдөө учраа олог гээд тоохгүй хаячихаар халаас нимгэн хүүхдүүд өчнөөн газраар үймэлдэж гүйлдсэн нь тодорхой. Хүн олонтой, эрсдэл өндөртэй гэсэн хамаг л газраар хоолтой, хоолгүй, нойртой нойргүй, нимгэн нүцгэн гүйж, сандралдсаар ирсэн хүүхдүүд вирусийн халдвараас тойрч гарах аргагүй.
Элчин сайд харь оронд юу хийх гэж улсаа төлөөлж очдог вэ гэсэн асуулт тавиад харъя. Улс төрийн үүрэг зорилго нь ч яахав, тодорхой. Найрсаг харилцаа, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх, өөрийн орныхоо гадаад дотоод бодлогыг эерэгээр ойлгуулж таниулах, худалдаа наймаагаа өргөжүүлж хөгжүүлэх гэх мэтээр хөвөрнө. Хүмүүнлэгийн талаас нь харвал гадны улсуудад эх орноо төлөөлж суугаа элчингүүд бяцхан Монгол Улс. Давтаад онцлоход гадаадад Монгол Улсыг төлөөлж буй ЭСЯ, Элчин сайдууд бичил Монгол Улс. Энэ утгаараа Элчин сайдууд тухайн улсад амьдарч, сурч, ажиллаж буй монголчуудынхаа асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй. Улс орон нь иргэддээ яаж ханддаг билээ, яг тийм хандлагыг үзүүлэх ёстой хүн бол Элчин сайд. ЭСЯ, Элчин сайдуудын гол үүрэг, хариуцлага нь ерөөсөө л энэ.
Харамсалтай нь, ОХУ дахь Монголын Элчин сайд энэ үүргээ биелүүлсэнгүй. Хэцүү цагт харь улсад гудамжинд хөөгдөж гарсан хүний балчир үрсэд өчүүхэн ч сэтгэл гаргасангүй. ОХУ-аас ирсэн оюутнуудаас толгой дараалан халдвар илэрч байгаагаас Элчин сайдын хүйтэн хүнийрхүү хандлагыг багцаалдчихаж болно. Уг нь оюутнуудаа тэндээс энд авчрах тийм хэцүү хэрэг биш. Жаахан сэтгэл гаргачихад л болчих асуудал. Наад зах нь манай хил залгаа улс. ОХУ-ын хотуудаас жижиг портер хөлсөлж аваад нэг цуваагаар Алтанбулагт авчирчихад болчих юм л даа, уг нь. Хаа холын Берлин хотоос хөлөөр нь машин оруулж ирэх энгийн л нэг бизнес болсон өнөө цагт зэргэлдээ улсаасаа цөөхөн оюутнаа авчрах хэцүү биш, үдийн будааны дайны хялбар ажил. Ингээд харахаар улсаа төлөөлсөн Элчингийн сэтгэл дутсан гэхээс өөр тайлбар алга.
ОХУ-ын зүгээс «Үлдсэн оюутнуудаа ч татаж ав» гэсэн шаардлага тавих сураг чих дэлсээд эхэллээ. Одоо оюутнуудаа татаж авахдаа өмнөх шиг хандмааргүй байна.
Тусгай комисс гаргаж, өндөр зохион байгуулалт дор халдвар хамгааллын дэгийг дээд зэргээр сахиулж эх оронд нь авчрах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, залуустаа хүйтэн сэтгэлээр хөндий хандсан Элчин сайд Д.Давааг эргүүлэн татаж, хариуцлага тооцмоор байна. Уг нь цэрэг цуухад байсан генерал цолтой хүн. Гэвч тэр хүнд Элчин сайд байх төрийн торгон мэдрэмж дутагдлаа. Цэрэг хүний нэг зовлонтой юм нь тушаахгүй л бол хөдөлдөггүй гэм байдаг. Тиймээс л шинэ цэргийг харан тоглоом тохуу хийж суудаг хуучин цэргийн зан гаргаж хэдэн муусайн хүүхдүүдийг хөсөр хаясан бололтой, мань генерал.
Монголоо гэсэн элэггүй, иргэнээ гэсэн сэтгэлгүй хүнийг дипломат албанд удаан байлгаж болохгүй гэсэн энгийн логикийг наад захын хэн ч бодоод олчихно.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин