📅

2020 онд Баттулга Ерѳнхийлѳгчийн нам ялах уу?

🕔 2020/05/08 18:37

НЭГ: МАН БА БАТТУЛГА Ерѳнхийлѳгч Баттулга улс тѳрийн газрын зурагны ард удаан хугацаагаар зогсох болов. МАН бол бараг түүний нам. Намын дарга Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ байгаа цагт МАН түүний халаасанд байна гэсэн үг. Одоо харин М.Энхболдыг УИХ-ын даргаас, түүний тойрон хүрээлэгчдийг Засгаас унагасны адил УИХ-д буй гишүүдийг нь яаж цѳѳлѳх вэ? гэдэг асуудлыг 2020 оныУИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаагаар нэг мѳр шийднэ. Ингэж чадна. Тэр тохиолдолд МАН тэр чигээрээ Баттулга ерѳнхийлѳгчийнх боллоо гэсэн үг.

ХОЁР: АН БА БАТТУЛГА Баттулга ерѳнхийлѳгчийн хувьд АН-ын үе үеийн дарга нараас З.Энхболдыг Тамгын Газрынхаа даргаар, Алтанхуягийг улс тѳрийн зѳвлѳхѳѳрѳѳ ажиллуулсан. Харин намын дарга С.Эрдэнэтэй хэл амаа ололцолгүй ѳдийг хүрсэн. С.Эрдэнэ ч Баттулгын бодлогыг дэмжээгүй. Тиймээс Баттулга ѳѳрийг нь ерѳнхийлѳгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн АН-тай тангараг тасраагүй ч, С.Эрдэнэтэй түнжин хагарсан. Нийгмийн даатгалын мѳнгѳтэй холбоотой асуудлаар С.Эрдэнийг буруутгах гэх оролдлого ч эзэнтэй гэж яригдаж буй. Үгэндээ ордоггүй, дуулгаваргүй Эрдэнийг намаас шахах оролдлого аль хэдийнээ эхэлсэн. Хамгийн түрүүнд АН УИХ-д бүлэггүй болсон. Гишүүд нь ѳѳр нам байгуулсан. Одоо Баттулгын зүгээс ѳѳрийн хүрээллийн хүмүүсээ УИХ-д нэр дэвшүүлэх нь эхний алхам гэж үзэж буй. Тиймээс ѳѳрийн зѳвлѳх Аса Дагвадоржийг Ѳвѳрхангайд, Түвшинбаярыг Булганд, ТГ-ын дарга Энхболдыг Улаанбаатарт, зѳвлѳх Үүрийнтуяаг Сэлэнгэд, зѳвлѳх Уянгыг Чингэлтэйд, Алтанхуягийг Сонгинохайрханд нэр дэвшүүлэхээр Баттулга ерѳнхийлѳгч зүтгэж байна. Харин С.Эрдэнэ Баттулгын саналыг 100 хүлээн авах нь эргэлзээтэй. Тэрбээр Уянгыг Чингэлтэйд намаасаа нэр дэвшүүлэхээс татгалзсан. Бүр Аса Дагвадоржийг ч тойрог дүүрсэн гэх шалтгаар хүлээн авахаас татгалзаж буй мэдээлэл бий. Энэ бүхэн нь Баттулга ерѳнхийлѳгчийн АН-ыг ѳѳрийн мэдэлд байлгахыг эрмэлзэж буй илэрхийлэл. 

ГУРАВ: ШИНЭ НАМ, ШИНЭ ЭВСЭЛ МАН, АН үл бүтвээс түүний гуравдагч улс тѳрийн түнш нь ШИНЭ нам, Шинэ Эвсэл байх болно. Батзандан, Болд хоёр байгаа цагт энэ намыг Баттулга хяналтандаа байлгана гэсэн үг. Энэ жилийн УИХ-ын сонгуулиар ШИНЭ ЭВСЭЛ нь АН-ын байр суурийг эзэлж ч магадгүй гэсэн таамаглал бий. АН-аас Баттулгын хүмүүс нэр дэвшиж чадахгүй бол, Аса Дагвадорж, олимпийн аварга Түвшинбаяр, зѳвлѳх Алтанхуяг, зѳвлѳх Уянга нар ШИНЭ намаас, ШИНЭ ЭВСЛЭЭС нэр дэвшихийг үгүйсгэхгүй. Энэ гурван намыг хяналтандаа авсан тохиолдолд Монголын улс тѳрийн хувьцааны дийлэнх багцыг Баттулга ерѳнхийлѳгч гартаа орууллаа гэсэн үг. Тэгэж чадвал 2021 онд Баттулга дахин сонгогдох нѳхцѳл бүрдэнэ. М.Энхсайхан номондоо бичсэнээр "Баттулга бол боловсрол багатай хүн". Гэхдээ түүнд боловсролоос илүү тѳрѳлхийн ухаан заяажээ. Тэр ялалт ямар үнэ цэнээр олддогийг бѳх барилдах цагаас л мэдэрсэн. Ялах ухаан гэдэг түүнд суусан. Тэр одоо ч гэмэн жихүүхэн хараад инээмсэглэл тодруулж байна.Тэр 2020, 2021 оныг давхар харж байна. 

Ц.Энхбат

Эх сурвалж: control.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол