Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг Говь-Алтай аймагт нэвтрүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас Говь-Алтай аймагт төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг энэ сарын 15-18-ны өдрүүдэд нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь Газрын харилцаа, барилга хот байгуулалт, Мэргэжлийн хяналт, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгал, Татвар, Улсын бүртгэл, Архивын лавлагаа, иргэн болон хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 156 үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллах бөгөөд цаашид бусад төрлийн үйлчилгээнүүдийг нэмж үзүүлэх боломжтой ажээ.
Нэгдсэн төвөөр дөрөвдүгээр сард давхардсан тоогоор 3200-3300 иргэн төрийн үйлчилгээг авсан байна. Мөн хугацаанд ард иргэдээс төрийн байгуулага, албан тушаалтанд хандаж бичгээр 20 өргөдөл ирсэн байна. Харин иргэдээ сонсох нээлттэй утас 7048-1111 дугаарт 34 дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэн ажиллаж байна хэмээн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Ц.Анхбаяр мэдээлэв. Ийнхүү төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем Говь-Алтай аймагт нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг нэг дороос нээлттэй, хөнгөн шуурхай, чирэгдэл, хүндрэлгүй хүргэх цогц боломж бүрдэх юм.
Э.Нарангэрэл