📅

“Загас”-аар тэжээх Ерөнхий сайд минь дараа нь “загас”-аа яаж барих билээ?

🕔 2020/05/14 11:28

Загас өгөх биш, харин загас барих аргыг зааж өгөх нь чухал гэсэн үг бий. Үндсэндээ загас барих аргыг зааж өгөлгүйгээр загасыг нь шууд барьж өгөөд байна гэдэг нь тухайн хүндээ сайн санасан явдал гэхээсээ хорлож байгаа асар хор урхагтай үйлдэл болдог. Тэгвэл манай Ерөнхий сайд маниусыгаа “загас”-аар зай завсаргүй тэжээгээд сүйд болж байна. Сонгууль ч ойртсоныг хэлэх үү, ёстой нөгөө баян намсрай гэдэг шиг баруун солгойгүй цацаж байна. Ямаанд мөнгө өглөө л гэнэ, хүүхдэд мөнгө өглөө л гэнэ, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөллөө л гэнэ. Юу юу ч болов. Эдгээрийг жаахан дэлгэрүүлбэл, малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Ингэж Монголын Засгийн газар ямаанд хайр зарладгаараа зарласан.

Дараа нь залгуулаад энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100 мянган төгрөг олгохоор болсон. Үндсэндээ хүүхдэд олгож байсан 30 мянган төгрөгийг 70 мянгаар шууд нэмэгдүүлж 100 мянгыг өгөхөөр болсон. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой 122 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянга, хүүхдэд найман мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ сарын нэгнэээс нийгмийн халамжийн тэтгэврүүдийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үүнд, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настан, өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмж, одой иргэдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог тэтгэмж зэргийг сар бүр 100 мянгаар нэмэгдүүлж 288 мянган төгрөг олгохоор шийдвэрлээд байна. Эдгээр халамжид нийтдээ 793.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.

Засгийн газар ингэж “загас”-аар тэжээж байгаад ард түмэн дуртай байна. Төр засаг нь юм өгч байхад яалаа ч гэж дургүйлхэх билээ. “Өөрсдөө идэж байхаар бидэнтэйгээ хуваавал таарна” гэсэн монгол филосифиороо өөр хоорондоо сүрхий ярьцгааж байна. Хуваагаад хүртчихсэн бол хулгай хийсэн хүнээ хүртэл муу хэлдэггүй зантай ард түмэн шүү дээ, бид чинь. Шилийн сайн эр хулгайн адуун сүргээсээ ганц сарваа өгчихсөн байхад түүнийгээ муулдаггүй, бүр нэг хир халдаагүй явж ирсэн үүх түүх бий л дээ. Тиймээс тав арван төгрөг илүүчилж байгаа төр засагтаа яг энэ үед манайхан ам сайтай л байна. Хүрэлсүхийн Засгийн газар ээлжит бусаар өдөр шөнөгүй хуралдаад л хэдэн сайдууд нь зай завсаргүй мэдэгдэл хийж олон түмэнд юм амлаад байх шинжтэй. Цар тахал ч нүүрлэж, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа бариад хэцүүхэн байгаа нь жаахан юмаар хуурч байгаа засагт бол ихээхэн “коко” авахаар байна. Дээрээс нь сонгуулийн халуу шатсан өдрүүд эхэлж байгаа учир эрх баригч намын дарга, Ерөнхий сайд маань амандаа багтсан бүхнээ ард түмэнд өгнө гэж байх шиг байна. Ард түмнээ бодож алгаа тэнийж үзээгүй Сангийн сайд, өгнө авна гэдгээ ч ойлгодоггүй Ерөнхий сайд хоёрыг гар тэнийж уруул цорвойж байхыг харах сайхан байна. Сонгууль өнгөртөл, үндсэндээ ирэх аравдугаар сар хүртэл энэ төр засаг идэж уух юм бага сагаар тараагаад болоод явчих юм байна.

Харин “загас”-аа дуусахаар “загас”-аа хэрхэн яаж барих билээ, Ерөнхий сайд минь. Өгдөг юм хэмжээтэй нь мэдээж. Сонгууль болоод өнгөрөх нь бас мэдээж. Мөнхөд өгөөд байж чадахгүйгээс хойш загас хэрхэн яаж барих тал дээр бодож, санаж, төлөвлөсөн, ур ухаанаа уралдуулсан юм байна уу, ингэхэд. Дампуурлаа зарлах дээрээ тулаад, хаалга үүдээ барьсан аж ахуйн нэгжүүдээ төр засгаас хэрхэн дэмжиж, улс орны эдийн засгийн гол судасны эргэлт болсон хувийн хэвшлийнхнийг толгой дараалан сөхрүүлчихэлгүй яаж авч үлдэх гэж байна. Цаашид ажлын байрыг олноор нь яаж бий болгож, ковид гуайн өмнө сөхөрсөн ард түмнээ ажилтай, орлоготой болгох гэж байна. Хөдөө аж ахуй газар тариалангийн салбараа яаж дэмжих гэж байна. Тариалангийн компаниуд бүгд улсаас зээлтэй, амьхандаа тариагаа тарьж, ирэх намар ургац гайгүй хураан авч, улсад улаанбуудайгаа тушаагаад таван төгрөгийн ашиг орлого, эргэлтээ бодоод дор бүрнээ зүтгэж байгаа. Тэдэнд бодитойгоор ямар дэмжлэг үзүүлэх вэ. Уул нь зун, намрын цагт тариа ногооны талбарт жаахан ажлын байр гардаг. Гэвч гар дээрээ бэлэн мөнгө авчихсан, дор хаяад хүүхдийнхээ 100 мянгаар дургиж байгаа нөхөд ажиллахгүй байх. Ингээд загас барих аргыг нь зааж өгөх биш загасаар хооллож хорлоод байх юм. Уул уурхай дээр Монголын төр цаашид ямар дорвитой бодлого, мега төслүүд хэрэгжүүлж улс орны эдийн засгийг аврах юм бол. Уул уурхайг хааж боож, тухайн нутгийн цөөн иргэд, мөн тав арван малчдын талархлыг хүлээж, тэдэнд сайхан харагдах гэсэн поп амлалт, хууль журмууд гаргаж ард түмний баатар болохоос өөрөөр дорвитой амлалт, урт хугацааны стратеги, хөгжлийн бодлого гэж байна уу. Уул уурхай, хөдөө аж ахуй Монголын эдийн засагт бодит нөлөөгөө өгнө. Гэтэл энэ тал дээр Хүрэлсүх сайд танай Засгийн газар Монголын хувь заяаны эсрэг зогсох юм, ямар учиртай юм бэ. Оюу толгойн асуудал гэхэд одоо олон улсын арбитрын шүүх дээр байж байна.

Татварын ерөнхий газраас 2018 онд Оюу толгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлсөн ч үлдсэн дүн дээр нь талууд шийдэлд хүрээгүй. Ингээд Оюу толгой компани 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн заалтад тулгуурлан арбитрын шүүхэд хандсаныг хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” албан ёсоор мэдэгдсэн. “Оюу толгойн татвартай холбоотой маргаан дээр Засгийн газар ямар нэгэн байдлаар зөвшилцөхгүй” гэж ЗГХЭГ-ын дарга нь хэлсэн. Бодит байдал үндсэндээ ийм л байгаа. Одоо Оюу толгой ажилчдаа бөөн бөөнөөр нь халаад эхэлж байна, өөр яалтай. Таван толгой ямар байгааг бид мэдэж байгаа. Цар тахлын улмаас хил хаагдаж, алдагдал хүлээсэн. Мөн ард түмний гол найдлага тавьж байсан IPO-г Ерөнхий сайд та зогсоочихсон. Засгийн газар ээлжит бусаар хуралдаад л “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Засгийн газар 2019 онд 296 дугаар тогтоол гаргаж “Эрдэнэс таван толгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Таван толгой майнинг” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэр гаргасан. Тус охин компани нь нь Зүүн цанхийн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж IPO босгох байсан юм. Гэвч Засгийн газар энэхүү тогтоолыг шууд хүчингүй болгосноор ард түмний горьдлого тасарсан. Дээрээс нь 2020 оны төсвийн орлогын гол найдвар, экспортын орлогын 30 хувийг бүрдүүлэх зэсийн уналт манай эдийн засгийг бүр сөхрөөлөө. Өнгөрөгч онд 6250 ам.долларт хүрч байсан зэсийн ханш он гарсаар 25 хувиар буугаад байна. Саарал жагсаалтад байсан манай улс Европын холбооны хар жагсаалтад орчихлоо. Энэ аюулаас гадна 2020 онд Монгол Улсын өр төлөлт гэж том юм байна.

Монголбанкны юанийн своп хэлцлээр авсан гурван хувийн хүүтэй 1.5 тэрбум ам.долларын зээлийг энэ онд эргүүлж төлнө. МИАТ төрийн өмчит хувьцаат компанийг 2013 онд 121.4 сая ам долларын 5, 7, 10 жилийн хугацаатай гурван дэд хэсгээс бүрдэх зээллэг хийхэд Засгийн газар баталгаа гаргасан. Уг мөнгөөр “Бойнг 767-300ER” агаарын хөлөг худалдаж авсны дэд зээлийн төлбөрт 10.7 сая ам.доллар буюу 28.6 тэрбумыг төлнө. Мөн “Самуурай” бондын хүүгийн төлбөрт 456 сая иен буюу 11.3 тэрбум төгрөг, Хятадын Хөгжлийн банкнаас зээлсэн 162 сая ам.долларын зээлэнд 27 сая ам.доллар буюу 72.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 4.5 сая ам.доллар буюу 12.1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2016 онд авсан 35 сая ма.долларын зээлээс өнөө жил 0.1 сая ам.доллар буюу 0.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.2 сая ам.доллар буюу 0.6 тэрбум төгрөгийн хүү төлөх хуваарьтай. Худалдаа хөгжлийн банк 2015 онд 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй таван жилийн хугацаатай үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тэгвэл энэхүү үнэт цаасны төлбөрийг 2020 оны тавдугаар сард төлж дуусах бөгөөд үндсэн төлбөрт 500 сая ам.доллар хүүгийн төлбөрт 23.4 сая ам доллар, нийт 523.4 сая ам.доллар буюу своп ханшаар тооцвол 1.034.4 тэрбум төгрөгийн төлбөр төлөх нь ээ. Энэ бүгдэд Ерөнхий сайд танд бодсон юм байна уу. Сонгуульд ялчих юм бол шийднэ гээд зүгээр хаяад байна уу. Ялагдчихвал маньд ямар хамаатай юм гэсхийгээд л гүйж байна уу. Сонгууль бодож ард иргэдээ “загас”-аар хуурч байтал улс орон чинь сүйрлээ. “Загас”-аар тэжээх Ерөнхий сайд минь дараа нь “загас”-аа яаж барих билээ гэх айхавтар асуултын өмнө ирснээ та мэдэж байна уу? 

Б.Батболд

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол