Hоолуурын 100 мянгаа авъя
Ноолуурын үнийн уналтаас сэргийлэх зорилгоор Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдэд 300 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон. Тэднийг ноолуураа газар дээрээс нь очиж авах бэлтгэл ажлаа хангах зуурт эрт гарсан ноолуураа 100 мянган төгрөгт хүргэж өгөхөөр зэхсэн малчид ноолуурын ченжүүдэд хямд үнээр өгөхгүй байхын тулд нэг сар гаруйн хугацаанд хав дарна гэгч болсон. Энэ сарын дундаас худалдах, худалдан авах гэрээгээр баталгаажуулах ноолуурын үнийн ханш 105 мянган төгрөөс эхэлсэн гэж болно. Гэвч аж ахуйн нэгжүүдийг очиж авах зуурт мөнгөний хэрэгцээтэй байсан зарим малчин ченжүүдэд хямд үнээр өгчээ. Гэтэл аймаг, сумдад эхэлсэн албан ёсны ноолуур авах ажлын үеэр малчдын нэрээр ченжүүд хямд авсан ноолуураа тушаах гэсэн оролдлого гарчээ. Харин орон нутгийн иргэд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд сумынхаа малчдын ноолуурын өнгө, гарц, чанарыг мэддэг учраас энэ үйлдлийг зогсоож байгаа аж.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд ноолуураа өгөхөөр хонон өнжин дугаарлаж буй нь цар тахалтай үед бөөгнөрөл үүсгэсэн тухай тус сумын иргэд бидэнд мэдээлсэн. Уг мэдээлэлд “Энэ сарын 20-нд ноолуур авч эхэлнэ гэсэн зарын дагуу малчид дугаарлаж хоёр дахь өдрийн хагаст удаан хүлээлгэсэн аж ахуйн нэгж ирж Соёлын төвд ноолуур авч эхлэв. ХХААХҮЯ-наас сайхан мэдээлэл хийж самнасан ноолуурыг нэг кг-ыг нь 105 мянган төгрөгөөс буулгахгүй гэж тогтоосон ч ачир дээрээ ангилан ялгаж, цэвэр жинтэй сайн ноолуурыг ч ялгаагүй 100 мянган төгрөгөөр авч байна. Цаг агаарын байдал таагүй үед мал дээрээ хүүхэд голдуу үлдээж зарим нь хажуу айлдаа малаа захиад ирсэн гэж ар гэр рүүгээ яарсан ч сар гаруй хүлээсэн учраас нэгэнт тээгээд ирсэн ноолуураа өгч байж буцна гэж орох дарааллаа хүлээсэн малчид бухимдалтай байна” гэсэн юм.
Мөн малчид ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд үг дайж байв. “Ноолуурын мөнгө болох 100 мянган төгрөгөө бүтнээр нь авъя. Та анхнаасаа хар ноолуурыг 50 мянгаар, цагааныг 100 мянгаар авна гэж хэлээгүй. Гэтэл газар дээр ийм дүнгээр ялгаварлан авч байна. Ингэж ялгаварлан авснаар ноолуурын дундаж үнэ газар дээрээ 75 мянган төгрөг байна. МАН болон Улаан сайд зөрүүгээр нь сонгуулийн мөнгөө босгож шоу хийж байгаад малчид бухимдалтай байна” гэж байв.
Ноолуураа тушаасан ч 5-7 хоногийн дараа мөнгө нь дансанд орно
Эрдэнцагаан сум энэ жил 50 орчим мянган тонн ноолуур бэлтгэжээ. Эхний аж ахуйн нэгж 10 гаруй тонн ноолуур аваад хэмжээ нь боллоо гээд авахаа зогсоожээ. Дараагийнх нь яг хэдэн тонн авах талаар тодорхой хариу өгөөгүй гэж эх сурвалж ярьж байна. Энэ жилийн ноолуурын чанар гарц сайн байгааг мэргэжилтнүүд онцолж байсан. Гэвч ноолуураа өгсөн малчидтай гэрээ байгуулж мөнгө нь дансанд 5-7 хоногийн дотор шилжиж орох тохироотой гэрээ байгуулсан баримттай гэртээ буцаж байна гэсэн юм. Өр, зээл, ямаа самнуулсны хөлсөө авч чадаагүй малчид ноолуураа тушаасан ч мөнгөө орж ирэхийг хүлээхээр болж байна.
Нөгөөтэйгүүр авч байгаа аж ахуйн нэгжүүд нэг ямаанаас дундажаар 350 грамм ноолуур гардаг гэсэн тооцоог хийж байгаа гэнэ. Ингэснээр А данс ноолуурын хэмжээ зөрөх тохиолдол гарч багагүй бужигнаан үүсч байгаа юм байна. Энэ өвөл мал онд сайн орсон болохоор нэлэнхүйдээ ноолуурын гарц сайн байсан гэдгийг малчид хэлж байна. Харамсалтай нь ноолуурын авах хэмжээ болсон. Дахин хэзээ авах зэрэг нь тодорхойгүй болохоор малчид хүлээлтийн байдалд сум орон нутагтаа дарааллаа хүлээн гэртээ харьж чадахгүй байгааг энэ дашрамд дуулгая.
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин