Шарга сумын Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орлоо
Говь-Алтай аймгийн Шарга суманд 10 ортой Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Уг барилгыг 1355.4 сая төгрөгийн санхүүжилтээр "Жи ти кэй эс" компани 2019 оны наймдугаар сараас энэ оны тавдугаар сарын 12 хүртэлх хугацаанд барьж ийнхүү холбогдох албаныханд хүлээлгэн өглөө хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Энэ онд Говь-Алтай аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Тухайлбал, Алтай хотод 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн, Ахмадын сувилал, Цагдаагийн газрын барилга барих бол сумдад Алтай хот-Тайшир чиглэлийн 45 км хатуу хучилттай авто зам, Ээвийн гүүр, Төгрөг, Халиун, Шарга суманд Эрүүл мэндийн төв, Тайширын УЦС-аас аймгийн төв рүү 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Цогт сумаас Баянтоорой баг руу 15 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам татах зэрэг томоохон ажлууд хэрэгжихээр тусгагдсан байна.
Э.Нарангэрэл