"Үсчин, гоо засалчдын холбоо"-ноос Засаг даргад хүсэлт илгээжээ
Говь-Алтай аймгийн “Үсчин гоо засалчдын холбоо”-ноос 12 дугаар сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт хандан үйл ажиллагаагаа явуулах талаар хүсэлт тавьжээ.
Тус хүсэлтэд: "Бид коронавирусний халдварын цар тахлын үед аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж 11 дүгээр сарын 12 -ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэнгүй. Аймгийн хэмжээнд 67 орчим үсчин, гоо сайханч бий. Үүнээс 10 хувь нь өрх толгойлсон, 50 хувь нь 12 хүртэлх насны хүүхэдтэй, 30 хувь нь өрхийн гишүүд нь ажилгүй, 90 хувь нь банк, банк бус байгууллагын аль нэгэнд зээлтэй байна. Мөн хугацаанд ажлын байрны түрээслэгчид ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа зэргээс байдал хүндэрч, өдөр хоногоор өрөнд орох эрсдэл үүсэж байна. Тиймээс бидний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж ажиллах боломж олгохыг хүсэж байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах болно” хэмээх хүсэлтийг хүргүүлжээ.