Говь-Алтай аймагт 450 тн өвс, 350 тн тэжээлийн тусламж үзүүллээ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Говь-Алтай аймагт 450 тн өвс, 350 тн тэжээлийн тусламж үзүүллээ.
Энэхүү тусламжийн өвс, тэжээлийг тус аймгийн 18 сумын нийт малчин өрхөд тэнцүү хуваарилан өгөх бөгөөд эхний ээлжинд нэг суманд 1000 боодол өвс, 500 шуудай тэжээл өгөхийг тус аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ.
Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна. Малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулах юм. Одоогоор Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 80 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16–ны өдрийн 213 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрч байгаа Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчдад тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү тэжээлийн тусламжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс 1.0 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм.
Түүнчлэн Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар УОК, ХХААХҮЯ, ОБЕГ-т танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн 138 дугаар тогтоолоор Говь-Алтай аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 250 сая төгрөгийн санхүүжилт, Дэлгэр сумын отрын бүс нутгийн нөөцөд ногоон тэжээл 87.5 тн, хивэг 50 тн-ыг хангасан юм.