“Хөгжил” хорооллын дулааны шугам сүлжээнд дахин төлөвлөлт хийх шаардлагатай
Алтай хотын хувийн орон сууцны хороолол болох “Хөгжил” хорооллын дулааны шугам сүлжээнд дахин төлөвлөлт хийх шаардлагатай байна.
Алтай хотыг дулаан хангамжаар хангагч “Мандал Голомт” ХХК-аас 2006-2008 онд барьсан хувийн орон сууцны “Хөгжил” хороололд дулаан хангамжийн шугам сүлжээнд дахин төлөвлөлт хийх шаардлагатай байгаа тухай танилцууллаа. Тус хороололд 300 гаруй айл өрх оршин суудаг бөгөөд тэд анх хувийн орон сууцаа барихдаа дулаан хангамжийн шугам сүлжээг стандартын дагуу хийгээгүйн улмаас жил бүр дулаан доголдох асуудал үүсдэг ажээ. Энэ тухай “Мандал Голомт” ХХК ийнхүү тайлбарласан юм.
“Дулааны эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үйл ажиллагаа Эх үүсвэр, Дулааны шугам сүлжээ, Хэрэглэгч гэсэн гурвалсан холбооноос ихээхэн шалтгаалдаг. Бидний зүгээс жил бүр эх үүсвэртээ засвар үйлчилгээ тогтмол хийдэг. Гэвч хэрэглэгчид холбогдох дүрэм журамд заасан засвар үйлчилгээгээ хийхгүй бол чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангах асуудал хүндрэлтэй болдог. Дулаан хангамжид доголдол үүсгэж бусад хэрэглэгчдэд ч мөн адил нөлөөлдөг зүйл бол “Хөгжил” хорооллын дэд бүтцийн асуудал. Техникийн нөхцөл олгогдоогүй, стандарт норм /БНбД-41-05-18, БНбД 52-02-05, MNS 5085-2001/-ын дагуу дулааны шугам сүлжээ болон дулааны худаг угсрагдаагүй. Худаг хоорондын зай ойр, амины орон сууцууд нь төв магистрал шугамаас дурын диаметртай шугам сүлжээгээр холболт хийж авсан.
Мөн халаалтын шугам сүлжээ нь булаатай, дулааны шугам сүлжээний холболт стандарт бус ихэвчлэн хуучин ган хоолойгоор холболт хийж авсан байдаг. Инженерийн дэд бүтэцгүй хороолол, чанарын шаардлага хангахгүй барилга байгууламжууд, дулааны алдагдлыг бий болгодог. Хоёр давхар барилга давхар тус бүрдээ дулааны оруулгатай, мөн ихэнх барилга нь төв магистрал шугам сүлжээнээс холболт хийсэн бөгөөд шугам сүлжээ бүр дээр даралтын уналт их гарч дулаан дамжуулалт муудсан. Хэрэглэгчдийн зүй бус усны хэрэглээ, дулааны шугам сүлжээнд насос суурилуулах зэрэг нь өөрийн болон бусад хэрэглэгчдийн дулаан хангамжийг доголдуулдаг. Дээрх асуудлаас шалтгаалан “Хөгжил” хорооллыг дулаанаар хангахад маш хүндрэлтэй байдаг. Төв магистрал шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар муудаж, ачаалал даах чадвар хүрэлцэхгүй болсон. Бодит гидравлик горимын үед сүлжээний төгсгөлийн хэрэглэгчдэд шаардлагатай даралтын зөрүү дутагдаж, хангалттай дулааныг авч чадахгүй байна. Иймд дулааны шугам сүлжээний хувьд дахин төлөвлөлт хийж, дулаан хангамжийг сайжруулах нь зүйтэй юм” гэлээ.