Хэрэглээнд дөрөөлж ШАНТААЧИЛЖ сурсан “Мандал голомт” ХХК
Гадаа идэр ёсийн хүйтэн эд тачигнаж байгаа энэ үед Алтайчууд халаалтгүй хүйтэн чулуун байшинд өвөлжиж байна.
Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ? гэдэг шиг анхнаасаа төрийн өмчөөс гаргаж хувь хүний гарт атгуулсан дулаан хангамж өнөөдөр Говь-Алтай аймгийн шүдний өвчин болсон гэхэд болно. Энэхүү хувьд шилжүүлсэн хариуцлагыг хэн хүлээх вэ? Одоо энэхүү гарч болох хүндрэл, хохиролыг хэн барагдуулах вэ? Гэх асуултууд ар араасаа хөвөрсөөр л байна.
Ер нь жилийн жилд эд хүйтний үеэр тус компанийн үйл ажиллагаанд доголдол үүсдэг гэм биш зан. Энэ нь аймгийн төсвөөс хумслах гэсэн башар арга гэдгийг ч иргэд мэддэг ч, дарга нар төдийлөн дуугардаггүй, арга эвийг нь олоод л өнгөрдөг аж.
"Мандал голомт” ХХК-ын халаалтын хоёрдугаар зуухны хэвийн байдал алдагдснаас болж 1000 гаруй айлууд энэ оны 12 дугаар сарын 12-оос эхлээд өнөөдрийг хүртэл энэхүү хүндрэлтэй нөхцөлд амьдарч байна. Мөн түүнчлэн цэвэр усны болон дулааны магистрал шугам хөлдөх аюулд хүрээд байгаа аж. Харин өнөөдрөөс аймгийн засаг дарга, орлогч дарга, аймгийн Эрчим Хүчний зохицуулах зөвлөл, аймгийн онцгой комисс хуралдаж энэ хүндрэлээс хэрхэн хурдан шуурхай гарах аргыг хайж эхэлсэн гэнэ. Түүнчлэн энэ үеэр олон жил доголдолтой үйл ажиллагаа явуулж байгаа "Мандал Голомт” компанийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авахаа мэдэгдсэн юм. Чухам ямар арга хэмжээ авахыг нь харах л үлдлээ.
Эцэст нь хэлэхэд монопол гэдгээрээ дарамталж төр болоод ард түмний амьдрал хохирол учруулсандаа хариуцлага хүлээдэггүй энэ мэт компаниудад төрийн төмөр нудрагыг үзүүлж баймаар санагдана. Ер нь Балдандорж захиралтай "Мандал Голомт” компани Говь-Алтайчуудын халаасыг хэдий болтол ухах юм бол.
TUR.MN
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад