2021.4.16-нд Цэц дээр юу болов?
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үгүйг Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд хэлэлцэв. Үүнийг хэлэлцэх хурал өдрийн тал гацсан.
Учир нь, өглөө 8:30 цагт товлогдсон хуралд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ирсэнгүй. Цэцийн 29 жилийн түүхэнд ингэж хуралдаанаа бойкотолсон Цэцийн гишүүн гарч байсангүй. Ц.Нанзаддорж анхных нь ажээ.
Ингээд Цэцийн удирдлагуудын шийдвэрээр бүрэлдэхүүнийг өөрчилж Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилов. Энэ бүрэлдэхүүнээр 15:00 цагаас хуралдаж гурван цаг гаруй хэлэлцэв. Дам утгаараа “...Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” гэсэн 02 тоот дүгнэлтийг гаргалаа. Энэ хооронд Цэцийн гадна болоод цахим сүлжээнд Цэцийн гишүүдийг эсэргүүцсэн “жагсаал” болж байв. МоАХ-ны харьяалал бүхий зарим хүн хатуу хөл хорионы дэглэм зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулсан гэх мэдээлэл бий.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цэцийн зарим гишүүнд нөлөөлөхийг оролдсон гэх мэдээллүүд зарим хэвлэлээр цацагдсан.
Ер нь бол Цэцийн гишүүн, “гаднын этгээд”, ер нь хэн ч бай Цэцийн үйл ажиллагааг тасалдуулахыг хуулиар хорьсон. Хариуцлага хүлээлгэдэг.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно” гэж бий.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин