📅

Наро Банчэн хийдийн туурь

🕔 2021/04/30 17:25

Наро Банчэн хийдийн туурь

 

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт Наро Банчэн Хутагтын хүрээ хийдийн туурь бий. Энэ тухай аймгийн Орон нутаг судлах музейгээс дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. 

Энэхүү дурсгал нь Тайшир сумын Хуримт багийн нутагт сумын төвөөс зүүн урд 22 км, аймгийн төвөөс зүүн зүгт 65 км орчим зайд усан цахилгаан станцын “Гэгээн нуур”-ын хөвөөнд оршдог. Хийдийн туурь хоёр том барилгын туурь, хорь орчим жижиг сууцны үлдэгдэл гол дуганы 5 м орчим өндөр хана бүхий дурсгал юм. Тухайн дурсгалаас хойд хэсэг бүхий 7432,32 га талбайг аймгийн ИТХ-ын 17 дугаар тогтоолоор 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сумын тусгай хамгаалалтад авсан ажээ.

Наро Банчэн хийд”-ийг байгуулахад газар орон сонгосон тухай:

Дөрвөн хүчтэн /луу, хангарьд, арслан, бар/ нь хүчтэй, чадалтай, зориг хавтай, шантаршгүй бат хамгаалалтайг тус тус бэлгэдсэн байдаг бөгөөд хоёр нь тэнгэрийн, хоёр нь газрын амьтнаар төлөөлөн дөрвөн зүгийг эрхшээнэ хэмээн үздэг байжээ. Тус хийдийг байгуулахаар газар орныг сонгохдоо 4 хүчтэний дунд сонгосон гэдэг бөгөөд баруун талдаа далавчаа дэлгэн буй “Хангарди”-н, хойд талдаа “Арслан”-гийн, зүүн талдаа сунаж яваа “Барс”-ын, урдуураа “Хөх луу”-гийн шинжтэй буюу Завхан гол урсаж байсан, одоо “Гэгээн нуур” оршин байгаа юм. 

Анх 1802 оны хар нохой жил хийдийг Наро Банчэн хутагт Гаваанчойрогдашжамц байгуулж байсан ба Манжийн хааны зарлигаар “Соёлыг бадруулагч сүм” хэмээн шагнуулж Цогчин, Хангал, Ганжуур, Хайлан хурлуудыг хурж Майдар эргэх ёс тогтоожээ. 1864 онд Богд гэгээний зарлигаар Цаннид хурал хурж эхэлсэн байна. 1918 онд 8-р Богд гэгээнтэн 2 дацанд Цаннид дацанг “Чоянжүрмэддэгчинлин”, Жүд дацанг “Тэвшинсумбэрэлин” хэмээн тус тус нэр шагнасан байна.

1802 оноос 1930 он хүртэл оршин тогтнож байсан энэ хийдийн талаар нутгийн ард иргэдийн дунд ам дамжсан олон түүх үлгэр мэт яригдаж байдаг. Одоо байгаа дурсгалыг харахад гол дуганы үлдэц хөх тоосгон суурь бүхий түүхий тоосгоор босоогоор өрсөн ханатай, хананы шаврыг өвстэй хольж шавсан, лам нарын сууцуудыг хоёр талаараа гудамлан барьсан 15 эгнээ сууц, хоёр хутагтын өвөл зуны байр, агуулах зэргийн балгас туурь бүхий дурсгал юм.

Наро Банчэн хийдийг нураасан тухай /домог хууч/

Хийд байгуулахад Энэтхэгээс ирсэн хутагтын авч ирсэн рашаанаар одоогийн Наро Банчэн хийдийн туурийн зүүн урд байх “Их булаг” хэмээх газар булаг үүсгэж одоогийн Тайширын Хуримтад авч ирсэн үрээр амуу буудай ургуулж рашаан арвайг, Отгонтэнгэр хайрханы арцтай сүсэгтэн олондоо тарааж өгдөг болсон гэх домог байдаг байна. Тус хийдийг барьж байгуулсан хутагт хойд хэсгээрээ байрлах арслангийн шинжтэй уулын өвөрт байх “Хүр хорхой”-н шинжтэй жижиг толгойг муу шинж нь гэж үзэж дарах зан үйлийг хийх ёстой байсан боловч хийгээгүй байна. 

 

1932 онд хийдийг Улаан самганы хүүхэн Цэвэлмаа гэдэг эмэгтэй нураасан гэдэг. Энэ эмэгтэйг маш их зовлон үзэж нас өөд болсон тухай нутгийн хөгшчүүд ам дамжин ярьдаг байна. Монгол дахь их хэлмэгдүүлэлт 1937 онд дээд цэгтээ хүрч шарын шашны 700 гаруй сүм хийд сүйтгэгдэж олон мянган түүх соёлын дурсгал тоногдож сүйтгэгдсэн бөгөөд энэ үйл явц Монголын хамгийн томоохон шашны төв болж байсан Наро Банчэн хутагтын хүрээ хийд мөн өртсөн ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол