Аймаг “Нураасан” хүн ахиад аймаг засаглах нь АЮУЛ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд аймгуудын өрсөлдөх чадвар дээшилж, хөгжил дэвшлээрээ аажуухан ч гэсэн урагшилж байна. Өөрөөр хэлбэл, аймгууд зөвхөн улсын төсөв, бусад сан хөмрөг рүү өнгийлгүй өөртөө байгаа боломжид тулгуурлан амьжиргаагаа дээшлүүлэх болов. Тэгвэл өрсөлдөх чадвараараа олон жил сүүл мушгиж, хөгжлөөрөө хоцрогдсон Говь-Алтай аймаг өнөөдөр ч сүүл мушгисан хэвээр, өрсөлдөх чадвараараа сүүлээс нэг, хоёрдугаар байр эзэлж байна.
Тус аймагт өнгөрөгч 2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд АН 29, МАН 11, бие даагч нэг гээд нийт 41 суудлыг хуваан авсан. Тиймээс УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон О.Амгаланбаатар Орон нутгийн сонгуульд зиндаа буурч ирснээр Засаг дарга болсон юм. Тэрээр урьд өмнө буюу 2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсныг уншигч та санаж байгаа байх. Тухайн үед МАН-аас нэр дэвшсэн өрсөлдөгчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж аваагүй учраас маргаан дундуур дахин санал хураалт явуулсан. Ийнхүү Ардчилсан нам арай илүүрхэн Засаг даргаар заларсан ч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг шууд батламжлаагүй. Учир нь маргаан байсан учраас хойшлуулж байсан ч О.Амгаланбаатар нам хэмээх зүйлээр далайлгасаар байгаад Засаг даргын албанд жинхэлж байлаа. Ийнхүү дөрвөн жил Говь-Алтай аймгийг удирдахдаа өрсөлдөх чадвараар хамгийн сүүлд, сүүлийн гуравт багтаасаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байдаг.
О.Амгаланбаатар будилаан дундуур Засаг даргын тамга гардаж байхдаа намын харъяаллаар 30 гаруй мэргэшсэн төрийн албан хаагчийг халан, удтал шүүх дээр маргаан дагуулж байв. Энэ үед аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зодсон, төсвийн мөнгөнд гар дүрсэн гэх мэт дуулиан дагуулж байсныг хэрхэн мартах билээ. Түүнийг засаглах дөрвөн жилд дорвитой нэг ч бүтээн байгуулалт босоогүй төдийгүй иргэдийн амьжиргааны түвшин бүр ч дордсон гэдэг.
Ийнхүү аймаг орон нутгийг хөгжлөөрөө хол хаягдахад нөлөөлсөн О.Амгаланбаатарыг дахин Засаг даргаар томилж байгааг алтайчууд төдийгүй нийт монголчууд гайхаж таарна. Энэ мэтээр бүхэл бүтэн аймгийн ажлыг нурааж байсан бодит дүрийг дахин дахин Засаг даргаар оруулж ирж байгаа нь Ардчилсан нам боловсон хүчингүй болсон хэрэг үү. Уг нь Засагт ханы хөх харчууд дунд аймаг удирдаад явчих хэмжээний зангарагтай хүн олон л баймаар юм. Хамгийн сүүлийн бодит жишээ гэвэл “Алдарт” О.Амгаланбаатар Засаг даргын тамгыг дахин гардаад нэг жилийн нүүр үзэхэд Говь-Алтай аймаг өрсөлдөх чадвараараа хамгийн сүүлд Архангай аймагтай эн зэрэгцэв.
Энэ нь Говь-Алтай аймагт ирэх жилүүдийн өнгө ямар байхыг төвөггүйхэн гэрчилнэ. Өнөөдөр эх сурвалжуудын хэлж байгаагаас харахад Засаг ноён өнөөх л хуучин арга барилаараа ажиллаж байгааг дуулгав. Төрийн албан хаагчдыг нам эвслээр ялгаварлах, хий хоосон лоозогнох, өнөөх л хөгжил дэвшлийг цаасан дээр худлаа зурж, индэр дээрээс бурах замаар ажил явуулж байгааг дуулгав. Аймаг засаглаж байхдаа орон нутгийн хөгжил дэвшил, иргэдийн ахуй амьжиргаанд нөлөөлөх ажил хийгээгүй байж төсвөөс мөнгө гулгуулахдаа маш гаргууд байсан гэх.
Тухайлбал, тэрээр 2014 онд захирамж гарган “Англи хэлийг Алтайдаа” гэх төсөл хэрэгжүүлжээ. Гэвч энэхүү төсөл нь үнэхээр англи хэлийг Алтайдаа сургах бус харин хэн нэгний халаасыг зузаатгаж, хувь хүнийг орлогожуулахад чиглэсэн гэдгийг баримтаар гаргаж ирсэн. Учир нь энэхүү төсөл нь хоёрхон удаа сурагчдыг сургах төдийхөн хэлбэрээр хэрэгжсэн дүр эсгэж, харин төрийн их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулсан гэдгийг тухайн үед баримтаар дэлгэж байв. Тус төслийн төсөв нь 300,000,000 төгрөгөөр хэмжигдэж байсан нь архивт үлджээ. Ингэхдээ үйлдвэрлэлийн зардал гэж бичээд 150 гаруй сая төгрөгийг зарцуулсан баримт бий. Чухам англи хэл сургахад ямар үйлдвэрлэл явуулж, яаж зарцуулсан нь огт ойлгомжгүй.
Хөтөлбөр хэрэгжих, санхүүжилт нь орон нутгийн төсвөөс гарахдаа Моломжамц овогтой Марта гэх хүний хувь дансанд шилжсэн учраас шалгагдаж байв. Ингэхдээ М.Мартатай ажлын гэрээг наймдугаар сарын 11-ний өдөр байгуулсан ч гэрээ байгуулахаас өмнө буюу наймдугаар сарын 6-ны өдөр мөнгөө шилжүүлсэн байдгийг илрүүлсэн. Энэ мэтээр төрийн мөнгөнөөс хэрхэн хумслах талаар нарийн арга туршлагатай О.Амгаланбаатар ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийг засаглана гэхээр хөгжил дэвшлийн тухай ярихын ч хэрэггүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН